Хүйн дэнжид солонго татуулсан соёлын наадам

Хуучирсан мэдээ: 2015.07.17-нд нийтлэгдсэн

Хүйн дэнжид солонго татуулсан соёлын наадам

Талд унасан дөрвөн бэрх, аавынх юмуу гэмээр том гутал, өнгөрснийг сануулж, хэн нэгнийг харуулдах “Самгалдай”. Энэ бол Хүй долоон худагт найм дахь жилдээ буудалласан Соёлын наадмын гурван өнгө. Гар урлал, аман урлаг, уран бичлэг, үндэсний өв соёлын өртөөгөөр наадамчид зочилж, зарим нь анх удаа шагайн харваатай танилцаж, нөгөө хэсэг нь монгол гэр хэрхэн барьдгийг үзэж байв.

Хүйн дэнжид өв соёлоор солонго татуулж, гандсан тал, тааруу зуншлагыг мартуулсан Соёлын наадам энэ байв. Хурдан ажнайгаа уралдаанд үдчихээд хүлээх зуураа соёлын наадмын өртөөгөөр аялан уран бичлэг бичүүлж, зүймэл даавуугаар урласан бүтээлүүдээс худалдан авч, чаддаг нэг нь дэмбээдэж, бас оньсон тоглоом сонжин дор бүрнээ зугаатай байгаа нь илэрхий.

Талбайн төв хэсэгт байрлуулсан сур элддэг бул болон “Их Монгол” хэмээх аварга монгол гутал, цоож, авдар, домбо, дөрвөн бэрхийн дэргэд үзэгчид зургаа татуулахаар дугаарлаж байлаа. Сур элдэх гэж хэд хэд дараад л гар нь цуцаж, “Шаггүй ажил байна шүү” хэмээн уулга алдсан булиа залуу дараа нь эх түүх, өв соёлынхоо нэг хэсгийг зүрхэндээ илүү гүн гүнзгий тусгаж авах нь дамжиггүй.

Түүний гарыг цуцаасан энэ хөдөлмөрийг өвөг дээдэс минь, өнөөгийн зарим малчид өдөр тутамдаа л эрхэлдэг. Суурин соёлтой сүлэлдэж, бэлэн хэрэглээнд дадсан бидний үеийн монголчуудад түүхээ, бас дэргэд хэдий ч холдсоор байгаа ахуй соёлоо тольдох боломж олгодог нь соёлын наадмын давуу тал билээ. Энэ наадам найман жилийн түүхтэй.

Хурдан морь харж, хүүхдийн гийнгоо сонсохоор Хүй долоон худагт ирдэг байсан наадамчид найман жилийн өмнөөс соёлын наадамд зочилж, өдрийг зугаатай, баярыг дурсамжтай өнгөрүүлдэг болсон юм. Энэ наадмыг Соёл урлагийн их сургууль, Солонгосын МЕТАА компани, Монголын урлагийн зөвлөл хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад, дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготойгоор хийх болжээ.

Энэ жил ч гэсэн баярын өдрүүдэд “Сэрсэн тал” үндэсний урлагийн тоглолт зохион байгуулж, соёлын биет бус өв тээгчдээ урьж тууль хайлуулж, “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын өртөөгөөр наадамчдаа аялуулан, “Морьтны гайхамшиг” шоуг үзэгчдийн хүртээл болголоо. Цаашдаа нүүдэлчний соёл, өв уламжлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор соёлын наадмыг олон улсын хэмжээнд хүргэж өргөжүүлэхээр зорьж буйгаа зохион байгуулагчид ярьж байлаа.

Өдөрт гурван удаа урлагийн тоглолт хийж, өглөөнөөс үдшийн бүрий хүртэл өртөөгөө наадамчин олны өмнө нээлттэй байлгаж байсан соёлын наадмыг зохион байгуулагч Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа “Хүний насаар тооцвол соёлын наадам маань эрдэм ном сурч, өөрийн гэсэн нүүр царай, гарын үсэгтэй болсон найман настай хүүхэд болжээ.

Ямар утга учиртай наадам болохыг ч хүмүүс мэддэг боллоо. Монголын соёлын өв дундаршгүй баялаг болохоор шинэ агуулга гаргаж ирсэн ч нээж таниулаагүй олон ч өв соёл байсаар байна” хэмээн ярилаа. Жил бүр өөр өөр өнгө аястайгаар наадамчин олноо баярлуулж, шинээр танин мэдүүлж, өнөө цаг болон уламжлалын зааг дээр амьд оршин байгаа соёлыг харуулж, таниулж буй тэдний үйлсийг энэ жил ХААН банк, Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хороо ивээн тэтгэж, “Арвайн үндэс” компанийнхан дэмжжээ.

Өмнөх жилүүдэд Соёл урлагийг хөгжүүлэх сан болон Үндэсний их баяр наадмын комиссоос олгосон дэмжлэгтэйгээр эл наадмыг хийдэг байсан бол энэ жил эдгээр санхүүжилт байсангүй. Харин соёл, урлагийн аливаа арга хэмжээнд сэтгэл гаргаж, дэмжлэг үзүүлдэг ХААН банк ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, соёлын наадмыг дэмжсэн байна. Энэ наадамд жил бүр 350-400 уран бүтээлч, сайн дурын ажилтан, гар урчууд нэгддэг тухай СУИС-ийн захирал Э.Сонинтогос ярьсан.

Түүнчлэн хоёр жилийн өмнө хийгдсэн “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалт тэдний ажилд үр дүнгээ өгч, илүү цэгцтэй, зохион байгуулалттай байх боломж бүрдүүлжээ.

Соёлын наадмын ивээн тэтгэгч, ХААН банкны Бизнес инкубатор төвийн захирал М.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр өртөө бүрээр аялж, шагайн харваанд оролцож, нэрээ уран бичээчээр бичүүлж, монгол оньсон тоглоомуудыг үзэж сонирхсон юм.

-Баяр наадмын нэг тод өнгө нь соёлын наадам болжээ. Та бүхэн ч бас энэ арга хэмжээг ивээн тэтгэн, хамтран ажиллаж байгаа нь түмэндээ заавал хүргэх ёстой чухал зүйл гэж дүгнэснийх биз ээ. Хэд дэх жилдээ Соёлын наадмыг ивээн тэтгэж байна вэ?

-Соёлын наадмыг ХААН банк гурав дахь жилдээ ивээн тэтгэж байна. Монгол түмний соёлыг дэлхийд таниулж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, олон түмэнд түгээх ажлыг бид эрхэм зорилгодоо тусган, МУЗ, СУИС-тай хамтран ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна.

-Танд аль өртөө хамгийн их таалагдсан бэ?

-Бүх өртөө өөр өөрийн онцлогтой байсан. Тэр дундаа зүймэл даавуун урлал илүү анхаарал татлаа. Маш их ажиллагаатай урлагийн бүтээл юм. Энэ удаа бид өв соёлыг музейн шилэн хоргоноос биш дэргэдээс нь үзэж, барьж, мэдрэх боломж бүрдүүллээ.

Ер нь Хүй долоон худагт зөвхөн хурдан морь үзээд буцах биш өв соёлтойгоо танилцаж байгаа нь сайхан юм. Залуу, өсвөр үеийнхэн маань монгол өв соёлоо мэдэхээ байж, холджээ. Тиймээс зөвхөн наадмаар биш, бусад үед ч ийм соёлын арга хэмжээг тогтмол зохион байгуулж байх нь зөв юм.

Хүйн дэнж энэ жил шороо ихтэй, гандуу байсан тухай наадамчид ам уралдан ярьсан. Гэхдээ тэр их шороог сааруулж, сэтгэлд гэгээ татуулж, зуун зууны түүхт соёлоо өдий хүргэн дамжуулсан өв тээгчдээ энэ цагийн үзэгчидтэй уулзуулсан соёлын наадам хойтон жил ч таныг хүлээн буурь зассан байх болно. Монгол өв соёл, музейд биш бидний дэргэд, үргэлж ойр байх болтугай.

ДЭЛГЭРЭНГҮЙ МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЦАХИМ ХАЯГААС УНШИНА УУ!

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж