Нийтийн тээврийн орлого 16 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн орлого 16 хувиар буурчээ

Нийтийн тээврийн орлого 16 хувиар буурчээ

Иргэн та нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа төлсөн мөнгөө юунд, хэрхэн зарцуулагддаг талаар бодож байсан уу? Утаа их хаядаг автобусны араас яарч сандран гүйж байхдаа “актлах” цаг нь болжээ гэж харж байв уу? Автобус шатсан сураг сонсоод ахин үйлчлүүлж байхдаа айж байсан удаа бий юу? Энэ бүх асуулт танд нэг л ойр санагдаж байгаа бол үүнийг бидэнд байдаг нийтлэг асуудал гэж ойлгож болох билээ. Тиймээс энэ бүх асуултад хариулт авахаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрыг зорьсон юм.

“Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар” Улаанбаатар банкны нэг, арван нэгдүгээр давхарт байрлах аж. Үүдээр ороход бичиг, цаас барьсан ажилтнууд нааш, цааш гүйлдэх нь ажил ихтэй байгааг илтгэнэ. Хүлээн авахын жижүүр найрсгаар угтаж, хэнтэй уулзахыг хэллээ. Төрийн албаны угтах үйлчилгээ жилээс жилд сайжирч байхад дарга, мэргэжилтнүүдийн харьцаа муудаж байдаг нь тоогүй. Ийм бодол өвөрлөн даргын үүдэнд суугаа нарийн бичгийн өрөөг зүглэлээ. Учир нь холбогдох албаны хүмүүс ярилцлага өгөх үгүйг зөвхөн дарга мэдэх билээ. “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар”-ын дарга гурван орлогчтой. Тиймээс аль нэг нь ярилцлага өгөх байх гэсэн найдвар тавьж хүлээлээ. Ингээд том дарга зөвшөөрөл өгсөн учир түүний орлогч дарга Б.Эрдэнэболдтой уулзав.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд ихэвчлэн актлагдсан, хуучин автобуснууд явдаг гэсэн ойлголт байна. Танайх засвар, үйлчилгээнд хэр хяналт тавьдаг вэ?

-Одоогоор манайхтай хамтран ажилладаг нийт 19 байгууллагын 1000 гаруй тээврийн хэрэгсэл байна. Эдгээр үйлчилгээ үзүүлж буй автобуснууд том оврын стандартаар бол 12 жилийн насжилттай байдаг. Өөрөөр хэлбэл, 2007 онд ашиглалтад орсон тээврийн хэрэгсэл энэ жилийн арванхоёрдугаар сарын 31-нд хугацаа нь дуусч, ашиглалтаас гарна гэсэн үг. Энэ жилийн хувьд 234 автобус бүртгэлийн сангаас хасагдана. Стандартад юу гэж заасан байна түүнийг бид гэрээтэй аж, ахуй нэгжүүдэд тавьж, шаарддаг. Түүнээс биш зориулалтын бус, шаардлага хангахгүй, хугацаа дууссан тээврийн хэрэгслээр үйлчилдэг гэсэн ойлголт буруу. Монгол Улсад бүртгэгдээд орж ирж буй тээврийн хэрэгслүүд насжилтаараа мэдээж хүлээн зөвшөөрөгдсөн байгаа. Үүнийг гэрээтэй аж, ахуй нэгж бүртгэж авахдаа улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу үйлчилгээнд явуулдаг.

-Гэхдээ автобус утаа их хаяж байна, бүр шатлаа гэсэн мэдээллүүд “актлах болжээ” гэсэн дохио өгч юм шиг?

-Автобус шатаж, хүний амь насанд аюултай эрсдэлүүд гарч байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг чанартай холбож болохгүй. Хуучин автобус гэхээс илүү хөдөлмөр, техникийн аюулгүй байдал, хариуцлага алдсантай холбоотой. Шатсан хоёр автобусны хувьд цахилгааны хоёр утас хоорондоо нийлээд масс гарсан хэрэг. Утааны хувьд ч мөн адил. Утаа гарахад олон хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, түлшний асуудал сөхөгдөнө. Тухайн оронд үйлдвэрлэж байгаа шатахуун, импортоор орж ирж байгаатай нийцэж чадаж байна уу гэдэг 50:50 хувьтай ойлголт байдаг. Энэ нь дан ганц тухайн аж нэгж, нийтийн тээврийн үйлчилгээний газрын зохион байгуулалтын асуудлаас биш юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобусны 38 хувь нь арваас дээш насжилттай. Жил бүр үйлчилгээнээс 150-200 автобус насжилтаар хасагддаг байна.

Тиймээс энэ орон зайд төрөөс бодлогын хүрээнд стандартын шаардлага хангасан парк шинэчлэлт хийх шаардлагатай байгаа юм. Үүнээс гадна Нийслэлийн автозамын хөдөлгөөнийг А,В,С гэсэн бүсчлэлд хуваах талаар яригдаж байгаа. Хэрэв ингэвэл нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэд нэмэгдэх юм. Нийтийн тээврийн үйлчилгээ зорчигчдын хэрэгцээ, шаардлагыг хангахад бэлэн үү? Энэ асуултыг тус газрын “Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтэс”-ийн дарга С.Цэцэгмаад тавилаа.

-Хэрэв гурван бүсчлэлд хуваагдвал иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх нь ихэснэ. Үүнийг дагаад автобуснууд чиглэл, маршрутаа нэмэх үү?

-Үнэхээр бүсчлэлийн шийдэл нь гараад машины зогсоолуудыг ашиглалтад оруулбал чиглэл, маршрутуудаа төлөвлөн нэмж, үйлчилгээгээ сайжруулах чиглэлээр ажил хийгдэнэ. Гэхдээ одоогоор ямар нэгэн тодорхой мэдээлэл алга.

-А,В бүсэд техникийн хувьд асуудалтай нэг ёсондоо засвар үйлчилгээ, шинэчлэл хийгдээгүй автомашинуудыг нэвтрүүлэхгүй гэж байгаа. Үүнд нийтийн тээвэр хамаарах болов уу?

-Мэдээж бүсчилж байгаа юм чинь нийтийн тээвэр хотын төвөөр явж иргэдэд үйлчилнэ. Тухайн үед ямар зохицуулалт шаардана, түүнийг хийгээд явна. 2008 онд Засгийн газраас 400 автобус оруулж ирж байсан шүү дээ. Олон улсын жишгээр сая хүн амтай улсад мянган автобус ноогддог гэсэн судалгаа байдаг. Нийслэл хот нэг сая гурван зуун мянган хүн амтай. Мянга гаруй автобус үйлчилж байна. Хүртээмжийн хувьд хангалттай гэж харж байна. Хамгийн гол нь түгжрэлийн улмаас цаг, графикийн хувьд нэг талдаа гарчих тохиолдол байна.

-Цаашдаа хуучин автобуснуудаа үйлчилгээнээс бүрэн гаргах хэмжээний парк шинэчлэл хэзээ хийх вэ?

-Төрөөс нэгдсэн журмаар парк шинэчлэлт хийгдэхгүй. Харин үйлчилгээ эрхэлж буй аж, ахуй нэгж байгууллагууд өөрсдийн паркаа шинэчлээд, насжилтаар хасагдаж байгаа автобуснуудаа нөхөөд явах юм.

Нийслэлийн нийтийн тээвэрт нэвтэрсэн нэг соёл бол смарт карт. Зорчигчид бэлэн мөнгө төлөхгүйгээр картаа цэнэглээд үйлчлүүлэх боломжтой болсон. Гэхдээ смарт карт ашиглахад хэд хэдэн сул тал бий. Тухайлбал, хүүхдийн картаар том хүн зорчих, хөгжлийн бэрхшээлтэй иргэний картаар энгийн хүн үйлчлүүлэх, мөн иргэд картаа сунгаагүй үедээ бэлэн мөнгө жолоочид өгөх гэх мэт. Үүнээс үүдээд нийтийн тээврийн үйлчилгээ алдагдалтай байж мэдэх юм. Нөгөөтэйгүүр нийтийн тээврийн үйлчилгээний орлого, зарлага, хяналт сонирхол татаж байгаа юм. Хаана, юунд, хэрхэн зарцуулагддаг нь тодорхой бус. Учир нь Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журам болон зардлын санхүүжилтийн үнэлгээний тарифт өөрчлөлт оруулах тухай журмын төслийг өргөн барьсантай холбогдуулж НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, тайлбар сонсож байх үеэр Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан ийн ярьсан юм.

Тэрбээр: Зөвхөн ухаалаг картын үйлчилгээ нэвтэрснээр нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулна гэвэл учир дутагдалтай байна. Хамгийн наад зах нь ухаалаг картын бүх мэдээлэл бидэнд байхгүй. Ямар нэгэн хяналт шалгалт хийх боломжгүй, картын удирдлага хяналтын төв нь Солонгос улсад байх жишээтэй. Автобусны картын асуудал яригдахад Сөүлд очиж асуудлыг хэлэлцэх хэрэгтэй болдог. Цаашлаад "Смарт карт" компанид нийслэл 24 хувь эзэмшдэг юм бол тэр хэмжээгээр  компанийн засаглалд оролцох, санал хүсэлтээ илэрхийлж ажиллах ёстой" гэв.

Тэгвэл ухаалаг картын орлого болон зарлагад манай талаас хяналт тавьж чаддаг уу? Мэдээлэл хангалттай байдаг уу? гэсэн асуулт гарч байгаа юм. Үүнд Улаанбаатар смарт карт ХХК”-ийн Үйл ажиллагааны хэлтсийн дарга Н.Оюунцэцэг хариулахдаа: “Энэхүү төслийг БНСУ-ын компани хэрэгжүүлсэн тул орлогын мэдээ тайлантай танилцах боломжгүй, БНСУ-руу нийтийн тээврийн бүх орлого явдаг гэдэг нь ташаа ойлголт юм. “Нийтийн тээврийн үйлчилгээний газар”-ын шуурхай хуралд ажлын гүйцэтгэл, шугамын орлого, орлого хуваарилалт, картын борлуулалт зэрэг мэдээллийг танилцуулдаг бөгөөд сар бүр нэгтгэсэн тайланг баталгаажуулан “Нийслэлийн санхүү төрийн сангийн хэлтэс”-т болон “Нийтийн Тээврийн үйлчилгээний газар”-т хүргүүлэн ажилладаг.

Манай компани нийтийн тээврийн үйлчилгээний өдөр тутмын орлогыг ажлын нэг хоногт багтаан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд руу шилжүүлэн ажилладаг бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээний өдөр тутмын орлого болон ажлын гүйцэтгэлтэй холбоотой мэдээллийг тухайн өдөрт нь Улаанбаатар смарт карт ХХК-ийн цахим хуудсанд байрлах шилэн дансанд нээлттэйгээр 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс хойш тасралтгүй байршуулж байгаа, энэхүү мэдээлэлтэй “Нийтийн тээврийн үйлчилгээний газар”, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд, жолооч нар, иргэд бүгд танилцах боломжтой” гэсэн юм.

Улаанбаатар смарт ХХК-ны цахим хуудас руу орж үзэхэд орлого хуваарилалт, гүйцэтгэл, даалгавар цаг гэсэн цэс байв. Орлого хуваарилалт руу хандалт хийхэд Нийтийн тээврийн үйлчилгээний аж, ахуй нэгж байгууллагуудын орлогын нэгтгэлийг он, сар, өдрөөр нь үзэх боломжтой байв.

Тухайлбал, 2019 оны наймдугаар сарын 11-ний орлого хуваарилалтын нэгтгэлийг харахад нийт 18 байгууллагын шугамын төвлөрүүлсэн орлого 58,589,400 болжээ. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй /2018 оны наймдугаар сарын 12-нд орлого 69,569,700/ харьцуулахад 16 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Харин гүйцэтгэл, даалгавар цаг цэсийг хамгийн сүүлд өнгөрсөн нэгдүгээр сард шинэчилжээ. Үүнээс хойш мэдээлэл нэмэгдээгүй байлаа. Мөн энд Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын шилэн дансны холболтыг байршуулжээ. Төсөв, гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт, бусад гэсэн цэснүүд байх авч хамгийн сүүлд мэдээлэл байршуулсан огноо нь гуравдугаар сарын 9-нд байв.

Үүнээс харахад нийтийн тээврийн үйлчилгээний газрын шилэн данснаас мэдээлэл авахад учир дутагдалтай байна. "Улаанбаатар смарт ХХК"-ны цахим хуудсанд өдөр бүрийн орлого, хуваарилалтын мэдээлэл байгаа боловч орлогын мэдээ тайланг харах боломжгүй. Манай улсад Солонгосын “Кореа смарт карт” компанийн хөрөнгө оруулалтаар уг ухаалаг картны программ хангамж нэвтрүүлсэн байдаг. Уг компани хөрөнгө оруулалтаа хийсэн ажлын бүтээмжээс  шимтгэл хэлбэрээр нөхөж авдаг гэх. Гэхдээ орлогын тайланд манай зүгээс хяналт, шалгалт хийх боломжгүй байгаа нь хөрөнгө оруулагч талд давуу тал үүсгэж, эрх мэдлийг хэт төвлөрүүлэх нөхцөл үүсч байна. Гэвч Н.Оюунцэцэг дарга “Энэхүү төслийг БНСУ-ын компани хэрэгжүүлсэн тул орлогын мэдээ тайлантай танилцах боломжгүй гэдэг нь ташаа” гэх хариулт өгсөн юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж