Өмнөд Солонгосын эдийн засаг хүндхэн байна

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын эдийн засаг хүндхэн байна

Өмнөд Солонгосын эдийн засаг хүндхэн байна

Өмнөд Солонгосын Засгийн газар Япон улсыг гадаад худалдааны давуу эрхтэй орнуудын “цагаан жагсаалт”-аас хасах болсноо өчигдөр /2019.08.12/ зарласан. Энэ нь өнгөрсөн сард Япон улсын хийсэн нүүдлийн хариу нүүдэл болж байгаа юм. Японы Засгийн газар энэ сарын эхээр Өмнөд Солонгосыг мөн импортын онцгой эрхтэй орнуудын жагсаалтаасаа хассан билээ. Ингэснээр Өмнөд Солонгос нь Японы “цагаан жагсаалт”-д хамгийн түрүүнд багтаад, хамгийн түрүүнд хасагдсан орон болсон.

Уг шийдвэрийн дагуу Өмнөд Солонгосын компаниуд Япон руу бараа бүтээгдэхүүн экспортлохдоо Засгийн газраасаа зөвшөөрөл авах ёстой болж байна. Засгийн газар шийдвэр гаргахаасаа өмнө 20 хоногийн турш олон нийтээс санал авах аж. Шинэ журам есдүгээр сараас хэрэгжиж эхлэх төлөвтэй байгаа юм.

Дээрх хугацаанд Өмнөдийн эрх баригчид Японы талаас гарсан ямар ч саналыг нээлттэй хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Хоёр улсын эдийн засгийн маргаан Японы Засгийн газар өнгөрсөн сараас эхлэн хагас дамжуулагч үйлдвэрлэлд ашигладаг гол гурван төрлийн материалыг Өмнөд Солонгост нийлүүлэхдээ хязгаарлалт тогтоосноор эхэлсэн билээ. Ухаалаг гар утасны зах зээлд тэргүүлэгч Өмнөдүүдийн хувьд энэ нь маш том цохилт болсон. Өмнөд Солонгос нь технологийн үйлдвэрлэлийн түүхий эдийнхээ ихэнхийг буюу 32 хувийг нь зөвхөн Япон улсаас авдаг юм.

Үүний өмнө Өмнөд Солонгосын шүүх дэлхийн хоёрдугаар дайны үед Японд боолчлогдож байсан иргэдийн нөхөн төлбөрийг Японы компаниудаар төлүүлэх шийдвэр гаргасан юм. Өмнөд Солонгосын талаас Япон улсыг дээд шүүхийн шийдвэрийн эсрэг эдийн засгийн арга хэмжээ авлаа гэж буруутгаж байв.

-ӨМНӨД СОЛОНГОСЫН ЭДИЙН ЗАСАГ САЙНГҮЙ БАЙНА-

Хүчирхэг хөрштэйгээ худалдааны дайн өрнүүлээд буй Өмнөд Солонгосын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Япон улсаас импортлодог материал, эд ангиас хамааралгүй болоход зориулж, 6,5 тэрбум ам.долларын хөрөнгө төсөвлөжээ. Гэсэн ч тус улсын хувьд эдийн засаг хүндрэх төлөвтэй байна.

Мөн Өмнөд Солонгосын ард иргэд Японы бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, Япон руу аялахгүй байх зэргээр бойкотолж эхлээд байгаа юм. Энэхүү эсэргүүцлийн арга хэмжээнд хамгийн их өртөөд буй салбар нь аялал жуулчлалын салбар болж байна. Өмнөд Солонгос нь Япон улсын аялал жуулчлалын салбарын хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг. Дараагийн өртөж буй бараа бүтээгдэхүүн нь шар айраг, бэлэн гоймон гэх мэт өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүд болж байна.

Өмнөд Солонгосын хагас дамжуулагчийн экспорт энэ сарын эхний 10 хоногийн дотор хоёр оронтой тоогоор буурсан гэж даваа гаригт /2019.08.12/ нийтлэгдсэн тус улсын Гаалийн байгууллагын тайлан мэдээнд дурджээ.

Тус улсын эдийн засгийн талаас илүү хувийг эзэлж буй экспорт наймдугаар сарын 1-10-ны хооронд 11,5 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 22,1 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. Тус улсын экспорт Японтой сөргөлдөж эхэлсэн долдугаар сараас найман сарын дунд үе хүртэл ийнхүү буурсан үзүүлэлттэй байна.

Харин импортын хувьд жилийн хугацаанд 13,2 хувиар буурч, энэ сарын эхний 10 хоногийн импорт 14,2 тэрбум доллар болж, худалдааны алдагдал 2,7 тэрбум долларт хүрэв.

Энэ хугацаанд хагас дамжуулагчийн экспортын хэмжээ 34,2 хувиар буурчээ. Үүнийг дагаад дэлхийн чипний зах зээл тасралтгйү буурсан үзүүлэлттэй байгаа юм. Мөн автомашины экспорт 6 хувиар буурсан.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж