Намар болж газар тариалангийн ажил тун удахгүй эхэлнэ. Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан урьдчилсан тооцоогоор энэ жил 430 мянган тонн ургац ургац хураан авах төлөвтэй байгаа аж. Гэвч наймдугаар сар гарснаас хойш нийт нутгийн 70 хувьд нь бороотой байсан нь үр тарианы ургац хураалтад хэрхэн нөлөөлж буй талаар Газар Тариалангийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүгээс тодрууллаа.
Тэрбээр “Нийт нутгаар бороотой байсан ч газар тариалангийн бүс нутгаар бороо ороогүй. Иймд төлөвлөгөө ёсоор 430 мянган тонн ургац хураан авах болов уу. Гэхдээ ургац хураалт оройтох уу, үгүй юу гэдэг нь наймдугаар сарын сүүлийн 10 хоногт тодорхой болно. Энэ үед цаг агаар ямар байхаас их зүйл шалтгаална. Ерөнхийдөө үргэлжлэн орсон борооны улмаас хадлангийн ажил оройтох төлөвтэй байна. Нийт нутгаар газар чийгтэй байгаа нь хадлан бэлтгэхэд хүндрэлтэй байгаа юм” гэлээ.
Өнгөрсөн жил ургац хураалтын ажил 73 хувьтай үргэлжилж, нийт 234.6 мянган га-гаас 310.3 мянган тонн үр тариа, 12.6 мянган га-гаас 159.6 мянган тонн төмс, 7.9 мянган га-гаас 90.3 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авчээ. Энэ нь үр тарианы 70 орчим хувь, төмсний 97 хувь, хүнсний ногооны 96 хувь, тэжээлийн 61 хувь, тосны ургамлын 42 хувийг хураан аваад байгаа үзүүлэлт юм.
Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр, наймдугаар сард олон жилийн дунджаас ахиу бороо орох төлөвтэй гэнэ. Цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээллээр, наймдугаар сарын 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орж, ихэнх нутгаар сэрүүн байхыг сануулж байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ