ОХУ Арктикт ямар зэвсэг туршсан бэ?

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

ОХУ Арктикт ямар зэвсэг туршсан бэ?

ОХУ Арктикт ямар зэвсэг туршсан бэ?

Пуужингийн хөдөлгүүрийн дэлбэрэлтийн улмаас нас барсан Оросын таван цөмийн инженерийг Москвагаас зүүн тийш 373 км (232 миль) зайд байрлах, цэнэгт хошуу үйлдвэрлэж буй Саров хотод хөдөөлүүлжээ.

Оросын “Росатом” цөмийн агентлагийн шинжээчид цөмийн хөдөлгүүр туршиж буй талаар мэдэгдсэн ч техникийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Тус улс цөмийн хөдөлгүүр бүхий далавчит "Буревестник" пуужин туршсан гэж ВВС мэдээлжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэж буйгаар, цэргийн полигонд пуужингийн хөдөлгүүрийн шингэн түлшний системийг турших үеэр дэлбэрэлт болсон аж. Дэлбэрэлтийн дараа агаарт хор хөнөөлгүй химийн бодис тарсан, цацраг туяаны хэмжээ хэвийн байгаа талаар мэдээлсэн бол цэргийн баазаас 40 км зайд оршдог Северодвинск хотод цацраг туяаны хэмжээ огцом өсөөд буурсан тухай мэргэжилтнүүд мэдээлжээ. Тус хотын онцгой байдлын албаны хэмжилтээс үзвэл цацраг туяаны хэмжээ хэвийн түвшнээс 20 дахин өсөөд буцаж буусан байна.

Северодвинскийн албаны хүмүүсийн хэлж буйгаар, тус хотод цацраг туяаны хэмжээ цагт 2 мк3в хүрч, дараа нь ердийн 0.11 мк3в болж буурсан байна. Энэ хоёр түвшин нь цацраг идэвхит өвчин үүсгэхээргүй хэмжээ аж.

“Росатом"-аас мэдээлснээр, дэлбэрэлтийн үеэр мөн гурван инженер шархдаж, одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм байна. Орос ба Барууны орнуудын шинжээчид туршилтыг цөмийн хөдөлгүүр бүхий далавчит 9M730 “Буревестник”-тэй холбоотой гэж мэдэгджээ. Өнгөрсөн сард Оросын Засгийн газрын "Российская газета" сонин "Буревестник"-ийг "өшөө авах зэвсэг" хэмээн тодорхойлсон байна.

ОХУ-ЫН ЗЭВСЭГЛЭЛД БУЙ ЗУРГААН ШИНЭ ТӨРЛИЙН ЗЭВСЭГ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн онд Холбооны хуралд илтгэл тавихдаа Оросын армийн зэвсэглэлд шилжсэн зургаан шинэ төрлийн зэвсгийг танилцуулсан. Энэ үеэр тэрбээр стратегийн зориулалттай, дуунаас хэт хурдан бөгөөд физикийн шинэ зарчмуудад суурилсан хэт орчин үеийн зэвсгүүд нь эсрэг талын хамгаалалтын системд өртөхгүйгээр цөмийн болон цөмийн бус цохилтыг дэлхийн аль ч цэгт өгөх боломжтойг онцолсон юм. Ингэснээр, Орос улсын аюулгүй байдал ойрын 10 жилийн хугацаанд баталгаатай хангагдлаа гэж салбарын зарим шинжээчид үзжээ. Зэвсгүүдийг ерөнхий байдлаар тоймлоход:

1. “Сармат” тив алгасагч стратегийн хүнд пуужин

Шинэ төрлийн пуужин нь ЗХУ-ын үед буюу 1970-аад онд байлдааны жижүүрлэлтэд гарч байсан Р-36 ОРБ /Воевод гэж нэрлэх нь бий/ буюу барууныхны нэрлэснээр “Сатан” пуужингийн  сайжруулсан хувилбар аж. “Сатан”-ы тусгал нь 11 мянган км бол  “Сармат” пуужингийн цогцолборын хувьд тусгалын хязгаар гэж бараг байхгүй. Путиний хэлснээр, уг пуужин Хойд болон Өмнөд туйл дээгүүр даван нисч, байгаа онилон устгах чадвартай, эсрэг талын агаарын довтолгооноос хамгаалах систем хэчнээн боловсронгуй байлаа ч гэсэн энэ пуужинд саад учруулж чадахгүй аж.

2. Пуужингийн “Кинжал” цогцолбор

Хэт орчин үеийн зэвсэг, маш оновчтой тусгал бүхий дуунаас хэт хурдан “Кинжал” пуужингийн цогцолбор юм. Өнгөрсөн 2017 оны 12 дугаар сараас эхлэн Өмнөд цэргийн тойрогт уг цогцолборыг байлдааны жижүүрлэлтэд гаргасан байна. Зарим шинжээчдийн үзэж буйгаар, “Кинжал” нь нэг ёсондоо агаарт байрлалтай “Искандер” пуужингийн цогцолбор. Өөрөөр хэлбэл, хатуу түлшээр ажилладаг пуужинг сөнөөгч онгоцонд бэхэлсэн гэсэн үг. “Искандер” ч гэсэн мөн адил  “дуунаас хэт хурдан” пуужин билээ.

Уг пуужинг зохион бүтээх ажил 1980-аад оны үед эхэлсэн байна. Ерөнхийд нь харвал, “Кинжал” нь нисэх онгоц тээгч хөлөг онгоцуудыг устгах зорилгоор Зөвлөлтийн үед зохион бүтээсэн хөлөг онгоц эсэргүүцэх Х-32 пуужингийн нэлээд гүнзгийрүүлэн сайжруулсан хувилбар ажээ.

3. Нисгэгчгүй шумбагч төхөөрөмж

Бас нэгэн төрлийн шинэ зэвсэг бол усан доогуур шумбагч нисгэгчгүй аппарат. Энэ нь усны хэт гүнд, маш хол зайд, асар өндөр хурдтайгаар байндаа хүрч чадах төхөөрөмж юм. Чимээ багатай, маневрлах чадвар өндөртэй учраас эсрэг талын хамгаалалтын системд огт анзаарагдахгүй. Эдгээр төхөөрөмж нь цөмийн болон ердийн цэнэгт хошууг тээж чадах учраас дайсны нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг дагалдан яваа тэнгисийн цэргийн хүчний бүлэглэл болон эргийн хамгаалалтын бэхлэлтүүд, дэд бүтцийг устгаж чадах аж. Хамгийн орчин үеийн шумбагч хөлөг онгоц, торпед, хөлөг онгоцноос хэд дахин хурдтай уг аппаратыг эсэргүүцэн сөнөөх аргыг ямар ч улс орон олж чадаагүй байгаа юм байна.

4. Дуунаас хэт хурдан “Авангард” пуужингийн цогцолбор

Далавчит блок /салдаг хэсэг/ бүхий стратегийн зориулалттай “Авангард” нэртэй пуужингийн цогцолбор. Энэ нь агаар мандлын нягт давхаргад 20 Маch /Мах/-аас илүү хурдтайгаар хөдлөх ба байг чиглэх үедээ дээшээ болон хажуу тийш огцом маневр хийдэг учраас пуужингийн довтолгооноос хамгаалах болон агаарын довтолгооноос хамгаалах системүүдийн радарт өртөхгүй аж.

Путиний хэлснээр, “Авангард”-ын хурд 20 мянган км/цагаас давж буй бөгөөд ийм аппаратыг устгаж чадах пуужингаас хамгаалах систем дэлхий дээр одоогоор байхгүй юм байна. Ердийн баллистик траектороор нисдэггүй, нислэгийн явцад санаанд оромгүй маневрүүд хийдэг учраас түүнийг устгах гэсэн Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах системийн аливаа оролдлого ямар ч үр дүнд хүрэхгүй гэдгийг оросууд хэлж байна.

5. Цөмийн хөдөлгүүр бүхий далавчит пуужин

Оросын эрдэмтэд далавчит пуужинд байрлуулж болох, овор хэмжээ багатай боловч асар их хүчин чадалтай цөмийн хөдөлгүүр зохион бүтээжээ. Ингэснээр пуужингийн тусгалын зай хязгааргүй хол, дайсны агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах системд “баригдахгүй” аж. Нам өндөрт нисдэг, цөмийн цэнэг тээгч энэ пуужингийн нислэгийн чиглэлийг /траектори/ тодорхойлох боломжгүй, дайсны радарын системийн хамрах хүрээнээс “бултаж” чаддаг давуу талтай. Одоо ашиглагдаж буй болон ирээдүйд зохион бүтээгдэх ямар ч пуужингийн довтолгооноос хамгаалах системийн галд өртөхгүй байх боломж олгодог байна. Ийм төрлийн пуужин маш удаан хугацаанд нисч чадна гэсэн үг. ЗХУ-ын үед ийм төрлийн пуужин зохион бүтээх төсөл хэрэгжиж байсан бол америкчууд үүнтэй төстэй SLAM гэдэг төслийг хэрэгжүүлж байжээ.

6. Лазерын зэвсэг

Физикийн шинэ зарчимд тулгуурлан бүтээж буй зэвсгүүд, ялангуяа лазерын зэвсэг нь аюулгүй байдлын салбар дахь Орос улсын боломжийг ихээхэн өсгөж буй юм байна. Путин “Зарим улс физикийн шинэ зарчимд тулгуурласан зэвсэг зохион бүтээж байгаа бөгөөд энэ тал дээр оросууд бүхэл бүтэн алхмаар түрүүлж яваа гэж хэлэх бүрэн үндэслэл бий” гэж онцолжээ. Физикийн шинэ зарчимд тулгуурласан зэвсэг гэдэг нь цахилгаан соронзон их буу, лазерын зэвсэг, хэт өндөр хэлбэлзлийн зэвсэг, хэт авианы зэвсэг зэргийг хэлж байгаа аж.

Эх сурвалж: ВВС, МК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж