С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч Б.Хурц, Мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат тэргүүтэй есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өглөө 09.00 цагт эхэлж, 21.00 цагт хүртэл үргэлжиллээ. Өнөөдөр болсон шүүх хурлаар шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхийг хэлэлцсэн аж. Шүүх хурал маргааш үргэлжлэн хуралдахаар болжээ
ШҮҮХ ХУРАЛ НЭГ ЦАГ ЗАВСАРЛАЛАА
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж буй шүүх хурал өглөө 09.00 цагт эхэлсэн. Дөнгөж сая шүүх хурлыг завсарлуулж, нэг цагийн завсарлага аваад байна.
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч Б.Хурц, Мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат тэргүүтэй есөн хүнд холбогдох хэргийг шүүн хэлэлцэж байгаа билээ. Одоогоор зургаа дахь хүний мэдүүлгийг авч, асуулт хариулт явуулж байна гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч Б.Хурц, Мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат тэргүүтэй есөн хүнд холбогдох хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2019.08.12/ 09.00 цагт хэлэлцэж эхэлсэн. Шүүх хурал өнөөдөр /2019.08.13/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр болсон шүүх хурлыг тоймлон хүргэж байна.
ШҮҮХ ХУРАЛД ХОХИРОГЧ Т.ЧИМГЭЭ ОРОЛЦООГҮЙ
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт шийтгүүлэн ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэмээн буруутгаж, Б.Хурц, Г.Эрдэнэбат нараас гадна Тагнуулын ерөнхий газрын мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны дарга С.Баяр, Ж.Мөнхгал, ШШГЕГ-ын хэлтсийн дарга, Б.Хурцын хадам дүү, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн. Ял шийтгүүлсэн хүмүүсийг эрүүдэн шүүсэн газар нь ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь Цагдан хорих байр учраас тус аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн долдугаар сарын 23-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд болсон ч шүүгдэгч О.Бямбажавын итгэмжлэлээр өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учраас наймдугаар сарын 12-ныг хүртэл шүүх хурлыг хойшлуулаад байсан юм.
Гэвч шүүгдэгчийн уг хүсэлтийг Төв аймгийн шүүгчдийн зөвлөл хүлээж авахаас татгалзсан билээ. Тиймээс өчигдрийн шүүх хуралд Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал шүүгч, Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар хэвээр оролцохоор болсон. Өмнөх шүүх хурлын үеэр ялтан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасны дагуу эрүүдэн шүүлтийг гардан гүйцэтгэсэн, ялтан Ц.Амгаланбаатар болон Б.Итгэлтөгс нар шүүх хуралд оролцсон юм.
Харин энэ удаагийн шүүх хурал эхлэхээс өмнө шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч 17 хүн шүүхийн байранд өөрсдийн унаагаар ирсэн бол хохирогчоор тогтоогдсон, талийгаач С.Зоригийн эхнэр Б.Булган өмгөөлөгчийн хамт ирсэн. Мөн хохирогч Б.Содномдаржааг хорих ангиас цагдаа нар хуяглан тус шүүхэд хүргэсэн бол хохирогч Т.Чимгээгийн хувьд хорих ангийн эмнэлэгт хэвтэж буй шалтгаанаар энэ удаагийн шүүх хуралд ирээгүй байв.
Шүүх хуралдааны танхимын гадна талбайд иргэд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл тайван жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Тэдний нэг хэсэг нь Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шүүхэд нөлөөлөхийг оролдож байна гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь Б.Хурц нарыг эрүүдэн шүүсэн нь буруу гэж үзэж байсан юм.
Ц.НЯМДОРЖ НАРЫГ ШҮҮХ ХУРАЛД ОРОЛЦУУЛАХГҮЙ
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар Олон Улсын парламентын холбооноос гаргасан дүгнэлтийн дагуу байгуулагдсан УИХ-ын түр хороо өнгөрсөн баасан гаригт тус шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ өгсөн юм. Тус хорооны даргаар Ж.Батзандан ажиллаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Я.Санжмятав, Л.Болд, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нар багтаж буй.
Шүүх хурлын эхэнд УИХ-ын түр хорооны гишүүдийг хаалттай хуралдаанд ажиглагчаар оролцуулах эсэхийг шийдвэрлэсэн бөгөөд тэднийг шүүх хуралд оролцох хүсэлтийг хүлээж авсангүй. Өөрөөр хэлбэл, шүүгчдийн зүгээс Б.Хурц нарт холбогдох хаалттай хуралдаанд УИХ-ын түр хорооны таван гишүүнийг хөндлөнгийн ажиглагчаар оролцуулах шаардлагагүй гэж үзэж, хүсэлтийг нь хүлээж авахаас татгалзсан байна. Энэ талаар түр хорооны нарийн бичиг н.Хишигбаяр "Хөндлөнгийн оролцогчоор оролцуулах боломжгүй гэдэг шийдвэрийг өгсөн. Шүүхээс энэ талаар мэдээлэл өгөх байх" гэлээ.
Энэ талаар Төв аймгийн шүүхийн Тамгын газраас мэдэгдэл гаргахдаа “Шүүх бүрэлдэхүүн, шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах зарчим алдагдана гэж үзэж байгаа учраас УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын долоон гишүүнийг шүүх хуралдаанд хөндлөнгийн ажиглагчаар оролцох хүсэлтийг хүлээж аваагүй болно” гэжээ.
Ингээд шүүх хурал эхэлж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцсэн. Үүний дараагаар 13.30 цагийн орчимд цайны завсарлага авч, 14.30 цаг хүртэл хурал завсарлалаа. Шүүх хуралдаанаас хамгийн түрүүнд хохирогчоор тогтоогдсон Б.Булган гарч ирсэн бол түүний дараа Б.Хурц гарч ирснээр хэвлэлийнд яриа өгөхөөс татгалзсан юм. Түүн рүү жагсагчид элдвээр хашгичиж байсан бөгөөд хамгаалагч залуус Б.Хурцыг машинд суулган авч явсан юм.
Цайны цаг дуусах үеэр шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн нэг Г.Батбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Энэ хэрэг хуулиа баримтлаад явбал манай үйлчлүүлэгч ямар ч ялгүй гарах ёстой. Ер нь бол Эрүүгийн хуулийг ижил төстэй хэрэглэхийг хориглодог. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч мэдүүлэг авахын тулд мөрдөн байцаах үйл ажиллагааг явуулаагүй. Тагнуулын байгууллагын тагнан турших арга хэмжээ буюу гүйцэтгэх ажиллагааны арга хэмжээ явагдсан. Нууц камер байршуулсан гээд л. Тэрнээс биш тагнан турших үйл ажиллагаа явагдаж байхад нэгийгээ алгадлаа гэхээр тагнуулын ажилтан гүйж ороод “Одоо болиорой” гээд салгах боломжгүй. Манай үйлчлүүлэгчдээс “Шууд зод, балба” гэсэн үүрэг даалгавар өгөөгүй.
Ялтан Б.Амгаланбаатарын хүний амь хөнөөсөн гээд байгаа яриаг нь үнэн эсэхийг нь шалгах зорилгоор л Б.Содномдаржаатай нүүрэлдүүлсэн. Тэгээд сүүлд Б.Содномдаржааг мэдүүлгээ нотлуулах гээд нэг алгадсан нь эрүүдэн шүүлт биш шүү дээ. МҮОНРТ-ээр гаргасан тэр видео бичлэг л байгаа болохоос 360 хоног эрүүдэн шүүсэн зүйл байхгүй. Тэр камерыг гэмт этгээдийг гэмт хэрэг хийснийг нь нотлохын тулд халхавчийн байгууллага болгож ашигласан. Халхавчийн байгууллага гэдэг нь хорих газар болон мөрдөн байцаагч нарыг ашиглаж болдог хуулийн заалттай” гэсэн тайлбарыг өглөө.
Шүүх хуралд оролцож буй С.Зоригийн эхнэр Б.Булган ярихдаа “Шүүх хурал эхэлсэн учраас өнөөдөр энэ хэрэг шийдэгдэнэ гэж найдаж байна. Би илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, манай өмгөөлөгчөөс аваарай. Би өнөөдөр шүүх хуралд хохирогчоор орж байна” гэсэн юм.
Энэ удаагийн шүүх хуралдааны гадна хохирогч Б.Содномдаржаагийн ээж болон Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат нар ирсэн бөгөөд хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлж байлаа. Шүүх хурлын гадна Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа ирсэн байсан юм. Тэрбээр “Энэ хэргийн талаар Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Гадаадын хүний эрхийн байгууллагууд ч гэсэн энэ хэргийн талаар мэддэг боллоо. Жирийн иргэнийг 100 хувь хэлмэгдүүлж, өчнөөн зодуур, нүдүүрийн арга хэрэглэлээ. Б.Хурц яахаараа ингэж зүтгээд байдаг хүн бэ. Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг л түргэн суллахгүй бол одоо бие нь улам муудаж байна.
Одоо дөрвөн жил боллоо шүү дээ. Сар болоод нэг удаа хүүтэйгээ уулздаг юм. Сүүлд 20-иод хоногийн өмнө хүүтэйгээ уулзсан. Хүүгийн минь биеийн байдал яах вэ. Саяхан эмнэлэгт хэвтүүлсэн учраас гайгүй байна. Гэхдээ сэтгэл санааны асуудал маш хүнд байна. Би өнөөдрийн шүүх хурлыг үнэн зөв шийдэх байх гэж бодож байна. Би хохирогч хэдий ч шүүх хуралд орж чадахгүй, оруулахгүй байгаа. Яагаад оруулахгүй байгаа юм бэ. Өөрсдөө хуйвалдаан зохион байгуулах гээд ингэж байгаа юм болов уу гэж хардаж байна” гэлээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ