ДОПИНГ: Гар утсаараа эмээ шалгах боломжтой

Хуучирсан мэдээ: 2019.08.13-нд нийтлэгдсэн

ДОПИНГ

ДОПИНГ: Гар утсаараа эмээ шалгах боломжтой

ДОПИНГ: Гар утсаараа эмээ шалгах боломжтой

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давсан 16 бөхийн хоёроос нь допинг илэрсэнийг өчигдөр /2019.08.12/ Үндэсний бөхийн салбар комиссоос олон нийтэд мэдээлсэн.

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны журмын дагуу хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүд 10 хоногийн дотор “В” сорьцийг хийлгэх хүсэлт гаргах ёстой юм. Үүний дагуу наймдугаар сарын 19-ийг хүртэл хоёр бөх шийдвэрээ Допингийн эсрэг үндэсний төвд мэдээлэх ёстой юм байна. Хэрвээ бөхчүүд “А” сорьцийн дүнг хүлээн зөвшөөрвөл албан ёсны мэдээллийг өгөх болохоо Баяр наадмын зохион байгуулах хорооноос мэдэгдсэн.

Бөхчүүдээс хориотой бодис илрэх болсон нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас хориотой эмийн жагсаалтыг жилд нэг удаа гаргаж, https://www.wada-ama.org/en сайтаар дамжуулан олон нийтэд хүргэдэг. Тиймээс энэхүү сайтаас хориглосон эмийн жагсаалтуудыг бүрэн харах боломжтой. Мөн бүх цаг үед хориглосон эмийн жагсаалтыг тамирчид болон албаныханд байнга сурталчилдаг. Тиймээс тамирчдыг байнга шинэ мэдээлэл авч байхыг албаныхан сануулдаг. Гэтэл энэ байдал манай бөхчүүдэд дутмаг байгааг мэргэжилтэнүүд хэлж байна.

Өнгөрөгч зургадугаар сард Монголын Допингийн эсрэг үндэсний төв, Биеийн тамир, спортын газраас Бөхийн холбоотой хамтран сургалт явуулжээ. Бөхийн өргөөнд болсон сургалтад 10 хүрэхгүй бөх ирсэнд харамсч байгаагаа албаныхан хэллээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дэргэдэх Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга Ч.Насанбат хэлэхдээ “Бид Дэлхийн Допингийн эсрэг төвийн журмын дагуу бүх үйл явцыг хийдэг. Үүнд ямар нэгэн алдаа дутагдал гардаггүй. Бид хангалттай хэмжээний сурталчилгааг хийдэг. Үндэсний бөхөөр хичээллэж байгаа 4000-5000 бөх байна гэсэн мэдээлэл байдаг ч сургалтад 10 хүрэхгүй бөх ирж байна. Допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдвол шийтгэлтэй. Тухайн хэрэглэсэн бодисын үйлчлэх хугацаа, хүчин чадлаас шалтгаалаад шийтгэлийн хугацаа харилцан адилгүй байдаг. Мөн хувийн нууц болон хувь хүний мэдээлллийг хамгаалах гэсэн олон улсын заалт бий учир үүнд болгоомжтой хандах ёстой.” гэж хэллээ.

“Бүхий л спортоор хичээллэж буй тамирчдын хэрэглэж болохгүй гэсэн эмийг WADA-с гаргасан байдаг. Хамгийн чухал нь тамирчид Global DRO аппликэйшнийг утсан дээрээ татаж аваад ууж байгаа эмээ шалгах ёстой. Хэрвээ уухад зүгээр байвал тэр эмийг ууж болно гэсэн үг. Үнэхээр хориотой эмийн жагсаалтад орсон бол зогсоох ёстой. Тиймээс аль болох Global DRO-той харьцаж сурах хэрэгтэй байна. Аль болох https://www.wada-ama.org/ сайтад ямар мэдээлэл гарч байгааг харах хэрэгтэй” гэж Дэлхийн допингийн эсрэг агентлаг/WADA/-аас мэргэжилтэн К.Л.Кулиева Монголд болсон тэмцээний үеэр хэлсэн.

Наадмаас хойш 30 хоногийн дараа хариу нь гарсан бөхчүүдийн шинжилгээний дүн олныг талцуулж эхэллээ. Хэдийгээр бөхчүүд өөрсдөө хориотой бодис хэрэглээгүй гэдгээ мэдэгдээд байгаа ч албан ёсны мэдээлэл наймдугаар сарын 19-д гарна гэдгийг албаныхан хатуухан сануулав. Тиймээс энэ жилийн бөхийн барилдаанд тав давж шөвгөрсөн 16 бөхийн шинжилгээний хариуг ирэх долоо хоногт олон нийтэд хүргэхээр болжээ. Хэрвээ хориотой бодис хэрэглэсэн бөхчүүд “А” сорьцийг хүлээн зөвшөөрөхгүй "В" сорьцийг шинжлүүлэхээр хүсэлт гаргавал энэ хугацаа дахин 10-с дээш хоногоор сунгагдах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж