Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Улсын аварга Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх, мялаалга наадмын товыг гаргажээ. Аваргын мялаалга наадам энэ сарын 18-ны өдөр Чингис хотод болох бөгөөд хүчит 128 бөх барилдаж, их нас, соёолон, дааганы уралдаан болох юм байна. Мөн баяр наадмын нээлтийн үеэр үндэсний бөхөөр хичээллэдэг 300 хүүхдийн жагсаал болох аж.
Баяр наадмын хурдан морины салбар хорооноос Монгол Улсын Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн аваргын наадамд эрлийз адууг уралдуулахгүй байх шийдвэр гаргасан байна. Энэхүү наадмыг Хэнтийн аймгийн Засаг даргын Тамгын газраас хийхээр болсноо өнөөдөр мэдэгджээ.