Тайландын Бангкок хотноо болсон “Miss Universe 2018” ертөнцийн гоо бүсгүй шалгаруулах 67 дахь удаагийн тэмцээний титмийг хүртсэн Катриона Грэй богино хугацаанд олон сая дагагчтай болсноос гадна дэлхийн хамгийн сайхан эмэгтэйн жагсаалтыг энэ өдрүүдэд тэргүүлж эхлээд байна.
Өдгөө 25 настай Катриона Грэй нь “Ертөнцийн мисс” цолыг хүртсэн дөрөв дэх Филиппин бүсгүй юм. Тэрбээр загвар өмсөгч, ая зохиогч, дуучин, уран зураач ба уран бүтээлчийн бүхий л салбарт өөрийгөө бүрэн шингээж өгөхийг эрмэлздэг тэр талаараа олон зүйлсийг сонирхдог авьяаслаг эмэгтэй юм. Мөн Бостон дахь Берклигийн хөгжмийн коллежийг дүүргэж, хөгжмийн онолоор дипломоо хамгаалсан байна. Цаашлаад гоо бүсгүй, бие хамгаалах урлагаар хүртэл хичээллэдэг бөгөөд зүгээр ч нэг хичээллээд зогсохгүй Чой Кван Догийн хар бүсийг эзэмшдэг аж.
Тэрбээр Квинсланд мужийн Кайрнс хотод төрсөн бөгөөд түүний эцэг нь Шотланд гаралтай Австрали улсын иргэн бол ээж нь Филиппин бүсгүй юм. Харин түүнд эцгийнх нь эмээгийн (Шотландаас цагаачилсан нэр) нэрийг өгч байжээ. Катриона Грэй нь хэвлэлийн эрх чөлөө, #MeToo хөдөлгөөн болон Каннабилыг хуульчлахыг дэмждэг бөгөөд энэ талаар тэрбээр “Би марихуаныг зугаа цэнгэлийн зориулалтаар бус зөвхөн эмчилгээний зорилгоор хуульчлахыг дэмждэг. Бүх зүйл хэмжээ хязгаартай байхдаа сайхан” хэмээн хэлсэн байна.
Филиппин улсын бүсгүйчүүд 1964 оноос эхлэн “Miss Universe” тэмцээнд оролцсон бөгөөд 1969, 1973, 2015 онуудад титмийн эзнээр шалгарч байжээ.
Одоо тэрбээр #Instagram хуудаснаа 6,3 сая дагагч, #Facebook хуудаснаа 1,5 сая дагагчтай бөгөөд “Miss Universe 2018” тэмцээнд түрүүлснээр 250 мянган долларын эзэн болж, Нью-Йорк хотноо тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдарч, хувийн туслах бие хамгаалагчтай хүртэл болжээ.
Эх сурвалж: Miss Universe Mongolia/FB/page/
Wikipedia.com
Э.БАГЛААЦЭЦЭГ