Өнгөрсөн 7 хоногт Рожерс кап тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээн нь эмэгтэйчүүдийн премьерл-5, эрэгтэйчүүдийн мастер-1000 зэрэглэлд багтдаг том тэмцээн бөгөөд энэ сарын сүүлээр зохиогдох энэ оны сүүлийн Их Дуулга болох Америкийн нээлттэй тэмцээний томоохон сорилго тэмцээн юм.
Эмэгтэйчүүд Торонто хотноо өрсөлдсөн бөгөөд эмэгтэй ганцаарчилсан төрөлд нутгийн тамирчин 19 настай Б.Андрееску түрүүлж карьерынхаа 2 дахь премьер зэрэглэлийн тэмцээний цомыг хүртлээ. Тэрээр тэмцээний шигшээ тоглолтонд алдарт С.Уилльямстай тоглосон ч эхний сет эхлээд удаагүй байхад Америк бүсгүй тоглолтоо цааш үргэлжлүүлэх боломжгүй болсноор ялагч шийдэгдсэн. Тоглолтын эхний сетэд 4 гэйм явагдахад Канад охин Б.Андрееску 3-1 харьцаатай тэргүүлж явсан юм. Канадын нээлттэй тэмцээнд түрүүлж буй Б.Андрееску энэ онд Индиан Уэлльс тэмцээнд түрүүлж WTA-н карьертаа анхны цомоо өргөөд байсан бол энэ удаа 2 дахь цомоо нутаг дээрээ өргөлөө.
Тэгвэл эрэгтэйчүүдийн өрсөлдөөн Монреаль хотноо болж Испанийн шилдэг теннисчин Р.Надал түрүүллээ. Тэмцээний шигшээ тоглолтонд Оросын залуу теннисичн Д.Медведевтэй тоглож 6-3, 6-0 харьцаатай хожиж хүчтэй байгаагаа харуулсан. Испани эр Р.Надалын хувьд энэ онд 3 дахь тэмцээний цомоо хүртэж байгаа бөгөөд анхны хатуу гадаргуутай тэмцээний цом нь болж байна. Тэрээр шороон гадаргуутай талбайн Ромын нээлттэй тэмцээн болон Францын их дуулга тэмцээнүүдэд түрүүлээд байсан бол Канадад ирж хатуу гадаргуутай талбайн энэ оны эхний цомоо өргөж байна.
Өдгөө 33 настай Р.Надал 18 удаа Их Дуулга тэмцээний цомыг хүртснээс гадна Мастерс-1000 зэрэглэлийн тэмцээнд 51 дэх удаагаа шигшээд шалгарч 35 дахь цомоо өргөж байна. Энэ амжилтаараа АТР-н эрэгтэй теннисчдийн Мастерс-1000 тэмцээнд хамгийн олон түрүүлсэн теннисчин болж байна. Түүний араас Мастерс-1000 тэмцээний цомыг 33 түрүүтэй Н.Жокович, 28 түрүүтэй Р.Федерер нар эхний гурван байранд бичигдэж байна. Өнөөдөр энэ оны АТР-н ээлжит Мастерс тэмцээн болох Цинциннати тэмцээн АНУ-н Цинциннатид эхлэж байна.
Б.БЯМБАБАЯР