Бельгийн "Пайри Дайза" амьтны хүрээлэнд хулсны баавгай ихэр бамбарууш төрүүлсэн байна. Тус амьтны хүрээлэнгээс мэдээлснээр, хулсны баавгай ихэрлэх тохиолдол тун ховор байдаг аж. Бамбаруушууд, тэдний ээж Хао Хао нарт амьтны хүрээлэнгийн ажилтнууд анхаарал халамж тавьж буй юм байна.
"Пайри Дайза" амьтны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, захирал "Устах аюулд ойрхон буй энэ амьтны төрлийн хувьд ихэр бамбарууш төрүүлсэн нь үнэхээр сайхан мэдээ юм. Бид маш их бахархаж байна" гэжээ. Бамбаруушууд өнгөрсөн долоо хоногийн дөрөв дэх өдөр гарсан бөгөөд эр бамбарууш 160 гр, түүнээс хоёр цагийн дараа эм бамбарууш 150 гр жинтэй төрсөн байна.
Хао Хао хулсны баавгай Хятадаас 15 жилийн хугацаатай түрээслэгдэн иржээ. Түрээсийн хугацаанд төрсөн бүх бамбарууш мөн л Хятад улсын өмч юм байна. Хулсны баавгай нөхөн үржихүйн ер бусын мөчлөгтэй бөгөөд насанд хүрсэн эм хулсны баавгай жилд нэг л удаа төллөх чадвартай аж.
Дэлхийн зэрлэг амьтдын сангаас мэдээлснээр, зэрлэг байгальд ердөө 2000 орчим хулсны баавгай бий ажээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ