Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг санаачлан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Төсөл хөтөлбөрийн нээлт өнөөдөр Туушин зочид буудалд боллоо.
Төсөлд гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн гэрэл зурагчид хамрагдах бөгөөд наймдугаар сарын 12-21-ны өдрүүдэд Улаанбаатар хот-Төв аймаг-Хэнтий (Их эзэн Чингис хааны өлгий нутаг)- Дорнодын (Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд) чиглэлд ажиллах юм.
Хөтөлбөрийн зорилго нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын гэрэл зурагчдаар дамжуулан өнөө цагийн Монгол орныг олон улсад эергээр сурталчлан таниулах, гадны томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа аж.
Өнгөрсөн жил буюу 2018 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрт ОХУ (Тасс, Риа новости), БНХАУ (Синьхуа, CCTV), Япон (Киодо), Буриад, ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн 10, дотоодын хэвлэлийн 10 гэрэл зурагчин тус тус хамрагдаж, тайлант үзэсгэлэнг тав хоногийн турш олон нийтэд дэлгэсэн нь ихээхэн сайшаал хүртсэн билээ. Энэ жилийн “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрт ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Монголын 20 гаруй гэрэл зурагчин хамрагдаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс