Улаанбаатар хотын гэр хорооллынхон энэ өвөл хөлдөх үү, хориглосон түүхий нүүрс түлээд торгуулах уу гэдэг сонголттой тулах болоод байна. Засгийн газар 2018 онд “Тавантолгой түлш” компанид нийслэлийн гэр хорооллынхны түлшний хэрэгцээг хангахад зориулж 2019 оны есдүгээр сарын 15-н гэхэд 600 мянган тонн сайжруулсан түлш бэлтгэн, нөөцөлсөн байх даалгавар өгсөн ч биелэгдсэнгүй. Ердөө сарын хугацаа үлдсэн байхад 150 мянган тонн сайжруулсан түлш бэлтгэсэн нь нөөцлөх ёстой түлшнийхээ ердөө дөрөвний нэгийг л базаасан гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, галлагаа буурдаг зуны гурван сард сайжруулсан түлш бэлтгэж чадаагүй “Тавантолгой түлш” компани нэг сарын хугацаанд багтаан 450 мянган тонн сайжруулсан түлш бэлтгэх боломжгүй.
Нийслэлийн гэр хороололд өнөөдөр 220 мянган өрх байна. Бэлтгэгдсэн 150 мянган тонн түлшээ 1 тонноор нь өрх бүрт хуваахад цаана нь 70 мянган өрхөд түлш сох дутна. Гэтэл нэг тонн сайжруулсан түлш нь нэг айлын сарын хэрэгцээг ч хангаж хүчрэхгүй. Ердөө 20 хоногийн л түлш болбол их аж. Учир нь сайжруулсан түлш түүхий нүүрсийг орлохуйц дулаан ялгаруулдаггүй, илч муутай тул ихээр хэрэглэх шаардлага тулгарч буй юм байна.
Нийслэлийн гэр хорооллын иргэд “Илчгүй түлштэйгээр өвлийг давах боломжгүй” гэдгээ мэдэгдэж ирсэн. Гэвч түлшний чанар сайжраагүй нь нөөц бэлтгэгдээгүйн дээр бас нэг бэрхшээл нэмэх нь тодорхой болоод байна.
Зөрчлийн тухай хуулиар гэр хорооллынхон түүхий нүүрс түлбэл, мөн гэр хорооллынхонд нүүрс худалдан борлуулбал иргэн 300 мянган төгрөгөөр, аж ахуй нэгж 3 сая төгрөгөөр торгуулна. Хороо бүрт нүүрсний байцаагч, нүүрсний цагдаа ажиллаж түүхий нүүрс түлж, борлуулж байгаа эсэхэд хяналт тавина.
Агаарын бохирдолтой тэмцэхээр гаргасан УИХ, Засгийн газрын шийдвэрийг буруутгах гэсэнгүй, гол нь баталсан тогтоол шийдвэрүүд хэрэгждэг байхын тулд дагалдах ажлуудыг урьдчилан хийж, иргэдийн амьдралд нэвтэрсэн байх ёстой юм.
Наад зах нь сайжруулсан түлш түүхий нүүрсийг орлохуйц илчтэй байж гэмээнэ иргэд хэл амгүй хэрэглэж хэвшинэ. Үнийн хувьд түүхий нүүрсний үнэтэй мөн өрсөлдөхүйц байж, иргэд сонголт хийх боломж нь нэмэгдэнэ. Гэтэл аль нь ч амьдралд туршигдаагүй байхад Засгийн газар нийслэлийн хэмжээнд 2019 оны тавдугаар сарын 1-ээс нүүрс хэрэглэх, худалдан борлуулахыг хориглосон. Шийдвэр нь жилийн өмнө гарсан боловч Тавантолгойн нүүрсээр сайжруулсан түлш хийх шийдвэр нь дараа нь гарах жишээний.
Угтаа бол Тавантолгойн нүүрсээр хийсэн түлшээр нийслэлийн гэр хорооллынхны хэрэгцээг хангаж чадах уу, түүхий нүүрсийг орлохуйц чанартай байж чадаж байна уу гэдгийг ядаж нэг өвөл хэрэглэж үзэн, туршилтаар баталгаажуулсны дараагаар түүхий нүүрсийг хориглох шийдвэрийг гаргах эсэхээ шийдэх ёстой байв. Гэтэл түлш нь туршигдаж сайн, мууг нь мэдэж чадаагүй байхад түүхий нүүрсээ хориглох шийдвэр гаргачихсан. Нэгэнтээ шийдвэр гарчихсан тул түлш чанаргүй байсан ч гэр хорооллынхон түлэхээс өөр сонголтгүй болж байна. Эрэлтийг нь хангахуйц сайжруулсан түлш нийлүүлэгдэх боломжтой бол яах вэ, гэтэл нийлүүлэлт нь асуудалтай.
Нийслэлийн гэр хороололд хэдэн тэрбумаар үнэлэгдэх хаустай дарга, сайд нар амьдардаггүй. Ихэвчлэн тэтгэвэрт гарсан эмээ, өвөө нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орлого багатай иргэд амьдарна. Эхнэр, нөхөр хоёр ажилтай байх тохиолдол цөөн. Эхнэр нь ажил хийдэг бол нөхөр нь ажилгүй. Нөхөр нь ажилтай бол эхнэр нь ажилгүй байх тохиолдол олонтаа. Тэдэнд ажил олддог бол орлогоо нэмэгдүүлж, утаатай бүсээс гарах сонирхол их байдаг. Хашааныхаа газрыг орон сууцаар солих сонирхолтой иргэд ч олон. Харамсалтай нь, энэ талын зохицуулалт байдаггүй. Уг нь хашааны газраа байраар сольдог байсан юм, МАН гарч ирээд хүчингүй болгочихсон. Харин одоо гэр хорооллынхон энэ өвөл хөлдөх үү, торгуулаад түүхий нүүрсээ түлэх үү?. Ийм л сонголтын өмнө ирээд байна. Орлого багатай иргэдэд торгуульд төлөх 300 мянган төгрөг байтугай сайжруулсан түлшээ худалдаж авах 3000 төгрөг ч олдохгүй болох өдөр заримдаа таарна. Гэлээ гээд хүний төлөө амьдарч байгаа биш бакришик, хуучин гутал хувцас ч болтугай түлээд хүйтнийг давдаг аргаараа л өвлийг туулах гэж оролдох байх даа.
Төр гуай харин гэр хорооллынхноо сайжруулсан түлшээр хангаж чадахгүй болонгуутаа "хөдөө рүүгээ явцгаа" гэж хөөх вий дээ. Чаддаг ажил нь нураах, хураах, хөөх л болчихоод байгаа шүү дээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ