Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд барилдсан бөхчүүдийн хоёроос нь допинг илэрсэн гэх мэдээлэл олон нийтэд цацагдаад байгаа билээ. Тэгвэл Үндэсний баяр наадмын комиссын Үндэсний бөхийн комиссоос өнөөдөр /2019.08.12/ мэдээлэл хийсэн юм.
ҮНДЭСНИЙ БӨХИЙН КОМИССЫН ДАРГА ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.БИЛГҮҮН:
-Тэрбээр, Тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан. Монгол Улсын хувьд Солонгос руу шинжилгээгээ явуулдаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 32 лаборатори байдаг. Шинжилгээ авсан бөхчүүдийн 14-өөс нь сэргээш илрээгүй, хоёроос нь илэрсэн. Нэгээс нь нэг төрлийн, нөгөөгөөс нь дөрвөн төрлийн сэргээшийн бодис илэрсэн. Наймдугаар сарын 8-нд хоёр бөхтэйгээ холбогдсон бөгөөд нэг нь наймдугаар сарын 9-нд, нөгөө бөх нь өчигдөр хариутайгаа танилцсан. Допинг илэрсэн бөхчүүд 10 хоногийн дотор В сорьцийн шинжилгээ өгөх эсэх хариугаа өгөх ёстой. Одоогоор хоёр бөх ямар нэгэн хариу хүсэлт өгөөгүй байна. В сорьцод хийх шинжилгээний төлбөрийг хариуцагч өөрөө төлнө. Баяр наадмын Хувийн нууц ба хувийн нууцыг хамгаалах гэсэн хууль байдаг учраас бид нэрийг нь ил зарлах боломжгүй. Нэг бол сэргээшийн хариуг хүлээн зөвшөөрөх гэсэн сонголт байгаа. Хоёр бөх өөрсдөө хүсэлтээ гаргаад сорьцийн шинжилгээ хийлгэх эрх нь нээлттэй байгаа. В сорьцын шинжилгээ өгсний дараа нэрсийг нь ил болгох боломжтой. Хамгийн сүүлчийн хугацаа наймдугаар сарын 19-нд гэсэн үг. Хэрэв наймдугаар сарын 19-ний өдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй бол бид сэргээш илэрсэн бөхчүүдийн нэрсийг зарлах юм. Бид хариу авснаас 10 хоногийн дотор тухайн бөхөд мэдэгдэх ёстой байсан. Тиймээс бид тухайн бөхчүүдэд мэдэгдсэн байгаа" гэлээ.
ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН НЬ ТОГТООГДВОЛ БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСЧ ЦОЛЫГ ХУРААНА
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Бөхчүүд шинжилгээний хариугаа олон нийтэд мэдээлсэн. Харин хориотой бодис хэрэглэсэн хоёр бөхийг яаралтай зарлахыг шаардаж эхэллээ. Та бүхэн одоо нэрийг нь хэлж болохгүй юу?
-Хуулийн дагуу 10 хоногийн хугацаа бий. Бидэнд шууд нэрийг нь хэлэх боломж байхгүй. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны журамд тодорхой хугацаа заасан байдаг.
-Өчигдөр ихэнх бөхчүүд шинжилгээний хариугаа олон нийтэд мэдээлсэн. Гэтэл хоёр бөх одоогоор ямар ч хариу хэлээгүй байна. Үүнд Бөхийн салбар хорооноос анхаарч байгаа зүйл байна уу?
-10 хоногийн дотор бид мэдээллэх үүрэгтэй. Хүн тус бүрт нь мэдэгдсэн. Шинжилгээний хариугаа мэдсэн хүн хэндээ юу гэж хэлэх нь тэдний асуудал.
-“Б” сорьцийн асуудал яваад байна. Энэ нь мэдээж тухайн бөхөд шинжилгээгээ нотлуулах арга байх. Гэтэл “А” сорьцоор хориотой бодис илэрсэн нь батлагдсан байхад “Б”-г хүлээх шаардлага байна уу. Үүнд бас нэг нууцлалын асуудал яваад байна?
-Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны 2018 оны зургадугаар сарын 22-ны өдрийн тогтоол байна. Допингийн шинжилгээнд хамрагдсан этгээд “А” сорьцод допингийн эм зүйн ангилалд хамрагдах бодис, түүний задралын бүтээгдэхүүн хэвийн үед байх ёстой хэмжээнээс их байгаа тухай лабораторийн хариу гарсан тохиолдолд “Б” сорьц хийлгэх хүсэлтээ бичгээр илэрхийлнэ гэсэн байгаа. Энэ талаар 10 хоногийн дотор Монголын Допингийн эсрэг төвд хандана. Тиймээс “Б” сорьцын шинжилгээний хариу гартал “А” сорьцын шинжилгээний хариуг олон нийтэд зарлахгүй. Журамдаа ингэж заасан учраас бид хугацаандаа мэдээлэл хийх болно.
-Энэ сарын 19-нд эхний 10 хоногийн хугацаа дуусна гэнэ. Хэрвээ Улсын наадамд түрүүлсэн түрүү бөхөөс хориотой бодис илэрсэн гэдэг нь тогтоогдвол ямар шийтгэл оногдуулах вэ?
-Хоёр төрлийн хариуцлага байгаа. Нэгд барилдах эрхийг нь хоёр жил хүртэлх хугацаагаар хасах, хоёрт авсан цол, бай шагналыг хураах. Гэхдээ барилдах эрхийг нь хасахыг Баяр наадмын зохион байгуулах хорооны салбараас шийднэ. Харин цол хураахыг Ерөнхийлөгчөөс гаргана. Өнгөрсөн жил ийм асуудал гарсан шүү дээ. Тав давсан Улсын цолтой бөхөөс хоритой бодис илэрсэн нь тогтоогдсон учир энэ жилийн Улсын наадмын өмнө шинээр начин цол олгосон тохиолдол гарсан. Гэхдээ бас шийтгэлийн хугацаанд хоёр жил хүртэлх гэсэн заалт бий гэдгийг сайн анхаарах хэрэгтэй.
БӨХЧҮҮД СУРГАЛТАД ИРДЭГГҮЙ
Мөн өнөөдрийн хэвлэлийн хурлаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дэргэдэх Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга Ч.Насанбат мэдээлэл өгсөн юм.
-Яагаад бөхчүүд допинг хэрэглээд байна вэ. Допингийн эсрэг сургалтыг хэрхэн явуулж байна вэ?
-Бид Дэлхийн Допингийн эсрэг төвийн журмын дагуу бүх үйл явцыг хийдэг. Үүнд ямар нэгэн алдаа дутагдал гардаггүй. Бид хангалттай хэмжээний сурталчилгааг хийдэг. Хамгийн сүүлд Үндэсний бөхийн холбооноос наадмын өмнө бөхчүүдтэй хамтарсан сургалтыг хийсэн. Биднийг Бөхийн өргөөнд сургалт хийхэд 10 хүрэхгүй бөх ирж байна. Уг нь үндэсний бөхөөр хичээллэж байгаа 4-5 мянган бөхчүүд байна гэсэн мэдээлэл байдаг. Допингийн төрлийн эм бэлдмэл, хориотой бодис зэргийг хангалттай сурталчилж байна. Өөрсдөө бөхчүүд сургалтад ирдэггүй.
-Хориотой бодис хэрэглэсэн тохиолдолд шийтгэлийн хугацаа янз бүр байгаад байна. Үүнд тайлбар өгөөч?
-Допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдвол шийтгэлтэй. Гэхдээ үүнд хугацааны хувьд янз бүр бий. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас эмийн жагсаалтыг жилд нэг удаа баталж гаргадаг. Эмийн бодисын жагсаалт маш олон төрөл байдаг. Тэмцээний үед болон тэмцээний бус үеийн хориглосон эмийн жагсаалтууд өөр өөр бий. Мөн бүх цаг үед хориглосон бодис байна. Тэгэхээр тухайн хэрэглэсэн бодисын үйлчлэх хугацаа, хүчин чадлаас шалтгаалаад шийтгэлийн хугацаа харилцан адилгүй байдаг. Мэдээж тэмцээний үед хэрэглэсэн хориглосон бодис байх юм бол шийтгэлийн хугацаа их гарах тохиолдол бий. Тухайн бодисын хэрэглэсэн тунгаас шалтгаалаад шийтгэлийн хугацаа өөр гарна. Мөн хувийн нууц болон хувь хүний мэдээлллийг хамгаалах гэсэн олон улсын заалт бий учир үүнд болгоомжтой хандах ёстой.
-Допингийн шинжилгээг БНСУ-д итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлээд удаж байна. Нэг бөхөөс гарах шинжилгээний зардал ямар үнэтэй байдаг вэ?
-Шинжилгээний зардал өндөр байдаг. Дэлхийн хэмжээнд нэг хүний зардал 300-350 ам.долларын өртөгтэй байдаг. Бид БНСУ-д допингийн итгэмжлэгдсэн шинжилгээг явуулж байна. Ер нь итгэмжлэгдсэн лабораторийн зардал өндөр байдаг. Бид Японтой хамтарч үзэхэд 400-500 долларын хэмжээнд хүрч байсан. Мөн БНХАУ-ын лабораторитой хамтарч байлаа. Тухайн шинжилгээ хийдэг зургаан шинжилгээний багаж авлаа гэхэд 400-500 сая ам.долларын хэмжээнд байдаг. Яагаад гэхээр энэ нь хүний биед байгаа бодисуудыг хэдэн жилийн дараа ч илрүүлэх боломжтой багажууд гараад байна. Хамгийн сүүлийн нэг жишээ хэлье. “Лондон 2012” Олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд түрүүлсэн ОХУ-ын бөхөөс хориотой бодис энэ онд илэрч медалийг нь хураагаад байна. Энэ шийтгэлийн дагуу Монгол Улсын тамирчин Ж.Чулуунбатын амжилт 8-р байраас 5-р байр руу дэвшсэн. Тэгэхээр хэрэглэж байгаа бодисуудыг илэрүүлж байгаа төхөөрөмж сайжирсан учир зардал өндөр гардаг.
Өнөөдөр Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос ийнхүү мэдээлэл хийлээ. Энэ жилийн наадамд тав давсан буюу шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээг авч БНСУ-д итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд хоёр бөхөөс хориотой бодис илэрээд байна. Өчигдрөөс эхлэн бөхчүүдээс өөрсдөө шинжилгээний хариугаа олон нийтэд мэдээлсэн. Одоогоор Улсын аварга Э.Оюунболд, Улсын гарьд Б.Гончигдамба нар шинжилгээний хариу авсан эсэхээ албан ёсоор олон нийтийн сүлжээгээр дамжуулж мэдэгдээгүй байгаа аж.
Бид энэ удаа Ардын хувьсгалын 98 жилийн ойн барилдааны тавын давааны дүйцийг дахин хүргэж байна. Улсын начны даваа учраас шинэ цолтнууд энэ даваанаас эхлэн төрдөг. Тиймээс тавын давааны ам авсан болон давсан байдлыг үзүүлж байна.
Энэ жилийн баяр наадмаар Улсын аварга 1, харцага 1, начин цолтууд 5 төржээ.
Тавын давааны дүйц: /Тодруулсан бөх нь давсан/
Улсын аварга Ч.Санжаадамба – Цэргийн заан О.Батжаргал
Улсын аварга Г.Эрхэмбаяр – Аймгийн арслан Н.Баярбаатар /Улсын начин цолонд хүрсэн/
Улсын аварга Н.Батсуурь – Улсын начин Б.Ганхуяг
Улсын аварга С.Мөнхбат – Аймгийн арслан П.Мөнхбат
Улсын арслан П.Бүрэнтөгс – Аймгийн арслан Д.Бадамгарав
Улсын арслан Э.Оюунболд – Аймгийн арслан Н.Мустафа /Э.Оюунболд Улсын аварга цолонд хүрсэн/
Улсын арслан Ц.Содномдорж – Улсын нанчин Ц.Одбаяр
Улсын гарьд Б.Гончигдамба – Аймгийн арслан Б.Тайван
Улсын заан Н.Жаргалбаяр – Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ /Улсын начин цолонд хүрсэн/
Улсын харцага Б.Бат-Өлзий – Аймгийн арслан Б.Бат-Амгалан
Улсын харцага Х.Гантулга – Аймгийн арслан Б.Цэдэнсодном /Улсын начин цолонд хүрсэн/
Улсын харцага М.Бадарч – Аймгийн арслан А.Давааням /Улсын начин цолонд хүрсэн/
Улсын харцага О.Хангай – Улсын начин Д.Цэрэнтогтох
Улсын өсөх идэр начин Э.Энхбат – Улсын начин Б.Амарзаяа
Улсын начин Д.Анар – Улсын начин Д.Амарсайхан /Д.Анар Улсын харцага цолонд хүрсэн/
Аймгийн хурц арслан Б.Орхонбаяр – аймгийн арслан Ц.Сандагдорж /Улсын начин цолонд хүрсэн/
Дээрх бөхчүүдийн 14 бөх нь өөрийн цахим сүлжээнд допингийн шинжилгээний хариугаа сонссон, допинг хэрэглээгүй гэдгээ илэрхийлээд байгаа бол Улсын аварга Э.Оюунболд, Улсын гарьд Б.Гончигдамба нар хариу авсан эсэхээ албан ёсоор болон олон нийтийн сүлжээгээр дамжуулж мэдэгдээгүй байгаа аж.
Гэхдээ олон нийтийн сүлжээгээр хийсэн мэдэгдэл нь допинг хэрэглээгүй гэдгийн албан ёсных хариу биш бөгөөд албаныхан хувь хүний нууцтай холбоотой учраас нэрийг нь зарлах боломжгүй юм байна. Хэрэв допинг илэрсэн хоёр бөх B сорьцын шинжилгээ өгөхгүй, ямар нэг хариу тайлбар хийхгүй бол Баяр наадмын комисс нэрсийг албан ёсоор зарлах юм байна.
Ө.ЭНХТҮВШИН: B СОРЬЦЫН ДАРАА ХОЁР БӨХИЙН НЭРИЙГ ЗАРЛАНА
Харин энэ талаар Баяр наадмын үндэсний комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Манай Баяр наадмын бөхийн салбар комисс өнөөдөр мэдээлэл хийсэн. Хуулиараа баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авах хуультай. Шинжилгээгээ аваад Солонгос руу явуулсан. Бараг сарын дараа хариу ирсэн байна. 14 хүнд эсрэг буюу хориотой бодис илрээгүй. Хоёр бөхөд асуудал байгаа. Журмаараа тухайн хоёр бөх В сорьцын дүнг харна гэж санал гаргах юм бол зардлаа өөрөө хариуцаад В сорьцын шинжилгээ хийлгэнэ. Тэр дүн гарах хүртэл бөхчүүдийн асуудлыг нийтэд хэлэхгүй гэсэн журамтай. В сорьцын шинжилгээний дараа нэрийг нь шууд зарлана. Гэхдээ хэдийд ямар нотолгоо, үндэслэл байгаа вэ гэдгийг харах ёстой" гэлээ.
Холбоотой мэдээ