Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилсан, Пентагоны тэргүүн Монголд айлчилсан гээд анхаарлын төвд орохуйц айлчлалууд болж өнгөрсөн. Тэгвэл Их Британийн “Theweek.co.uk” вэбсайтад Монгол Улсын талаар нэгэн сонирхолтой нийтлэл нийтлэгджээ. Энэхүү нийтлэлийг орчуулан хүргэж байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад айлчилсан. Түүнд монголын талаас хамгийн хүндэтгэлтэй бэлэг болох морь бэлэглэсэн. Гэхдээ Вашингтон монголоос илүү том бэлэг хүлээж байж магадгүй юм. АНУ-ын Батлан хамгаалахын сайд үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш анхны гадаад айлчлалаа монголоос эхэлж байгаа нь энэ улс сонирхлыг нь ихэд татаж байгаагийн тод жишээ мөн юм. Өнгөрсөн сард энэхүү албан тушаалд томилогдсон Марк Эспер Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболтой уулзахдаа “Би энд зогсч байгаадаа үнэхээр их баяртай байна. Энэ бол бид хамтдаа хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг улам тэлж, бэхжүүлэх арга замыг олох том боломж юм гэж би харж байна” хэмээн хэлсэн нь цаанаа нэг учиртай.
Урдаасаа Хятад, хойноосоо Орос гэсэн хоёр том гүрний дунд орших Төв Азийн энэ жижигхэн улсыг АНУ-ын эрх баригчид стратегийн гол түншээ гэж харж байна.
1990-ээд онд ардчиллын замд эргэлт буцалтгүй орсон энэ улс Орос, Хятад хоёр том гүрнээс хараат бус байдлыг эрэлхийлж, дэлхийн бусад том гүрнүүдтэй харилцаагаа өргөжүүлэх болсон. Хойд Солонгост тавьсан НҮБ-ын хоригийг дэмжиж, АНУ-ыг “гуравдагч хөрш”-өөрөө өргөмжилсөн. Гэхдээ АНУ эртнээс монголын “найз” байсан юм бол саяхнаас гэнэт “хайраа зарлах” болсон нь ямар учиртай вэ. Трампын засаг захиргаа Монголыг дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болгоход туслаж чадах уу?
МОНГОЛ-ХЯТАДЫН ХАРИЛЦАА ЯМАР БАЙНА ВЭ?
Хэдий газарзүйн хувьд хөрш зэргэлдээ орших боловч монголын эрх баригчид хоёр хөршөөсөө аль болох хараат бус бодлого явуулахыг хичээдэг. 2017 онд монголын томоохон бизнесмэнүүдийн нэг, Хятадын эсрэг ухуулга маш их хийдэг байсан Халтмаагийн Баттулга гэж хүн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь бүс нутагт ноёрхлоо улам бэхжүүлсээр байгаа Бээжингийн эрх баригчдыг ихэд бухимдуулсан хэмээн Ройтерс агентлагийн нийтлэлд дурджээ.
Монголчууд нийт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 90 орчим хувийг Хятадаас импортлодог. Тиймээс Улаанбаатар худалдааны өөр түнш, арга замыг эрэлхийлж байна. Энэ улсын хамгийн гол экспортын бүтээгдэхүүний нэг болох ноос ноолууран бүтээгдэхүүнийг Хятадаар дамжуулалгүй бусад улс орнууд руу гаргахыг хүсч байгаа. Мөн Монгол Улс АНУ-тай Батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй нь Хятадын уур хилэнг хүргэж байгаагаас зайлахгүй.
АНУ ЮУ ХИЙГЭЭД БАЙНА ВЭ?
Монгол, Хятадын харилцаа сайнгүй байгаа нь АНУ-д том боломж болсон. АНУ монголын бараа бүтээгдэхүүний урсгалыг өөр рүүгээ чиглүүлж, Хятадтай зөрчилдөхдөө үүсгэсэн худалдааны цоорхойгоо нөхөх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч ч өөрийн “гуравдагч хөрш”-өөсөө хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаагаа нуугаагүй.
Хятад, Орос улсууд Номхон далайн өмнөд хэсэг, Зүүн Өмнөд Ази, Африк, Ойрхи Дорнод руу мөнгөө цацах зуур Монгол Улс нь АНУ-ын Төв Ази дахь гол холбоотон болов.
Гэсэн хэдий ч зарим шинжээчид Монгол Улс ийм эдийн засгийн түншлэлээс юу олж авах вэ гэдэг асуултыг тавьж байна. Сөүлд төвтэй “Асан” бодлогын судалгааны хүрээлэнгийн вэб сайтад байрлуулсан нэгэн нийтлэлд Кардиффийн Их сургуулийн Сергей Радченко “АНУ, Монгол Улсын худалдааны харилцаа 2017 онд 100 сая долларт ч хүрээгүй. Үүний зэрэгцээ Монгол Улсын экспортын 87.8 хувь нь Хятад руу урссан. Мөн Хятад улсаас нийт бараа бүтээгдэхүүнийхээ 41,8 хувийг импортолж байжээ. Монголын ихэнх хөрөнгө Хятад руу урсаж, үлдсэн жаахан хэсэг нь Орос руу урсдаг. Ингээд л хоёр том гүрний дунд хавчигдсанаас монголын эдийн засаг сайжрахгүй байна"
Конгрессын хэлэлцүүлэгт хараахан ороогүй байгаа АНУ-ын хуулийн төсөл нь Вашингтон Монголыг ноолуурын экспортын татвараас чөлөөлөх замаар хөрш орнуудын хэт их нөлөөнөөс аврахад тусална гэж найдаж байна.
ХАРИН ОРОС УЛСЫН ХУВЬД?
Хүйтэн дайны үед Орос, Монголын харилцаа тийм ч таатай байгаагүй. Харин одоо бол өөр болсон. Гэхдээ АНУ-ын засаг захиргаа Оросыг сайнаар хардаггүй. Аюулгүй байдлын талаас харвал Монгол Улсын байршил АНУ-д ашигтай байж магадгүй юм. Пентагоны тэргүүн айлчлалынхаа үеэр “Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд оршиж буй далайд гарцгүй Монгол улс энхийг сахиулах үйл хэрэгт ихээхэн хувь нэмэртэй”-г онцлолжээ.
Нөгөөтэйгүүр Оросууд АНУ, Монголын харилцааг анхааралтай ажиглаж байгаа. АНУ ба Монгол Улсын хооронд байгуулсан Стратегийн түншлэлийн тунхаглалын талаар Оросын төрийн мэдээллийн агентлаг “ТАСС”-д "Шинжээчид дээрх тунхаглал нь тийм ч их ач холбогдолтой зүйл биш гэж үзэж байна” гэсэн утгатай нийтлэл гарсан байна.
МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН ТОГЛОГЧ БОЛЖ ЧАДАХ УУ?
Хэлэхэд хэцүү. Гэхдээ магадлал тун бага. Байгалийн баялаг ихтэй улс. Хоёр хөршид нь хамгийн их хэрэгтэй нүүрс, зэсийн нөөц энэ улсад бий. 2010 оны эхээр уул уурхайн огцом өсөлт нь Монголыг 2020 он гэхэд дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгийн нэг болгох болно гэж таамаглаж байсан. Гэтэл эсрэгээрээ болж улс орон нь их хэмжээний өрөнд орж, валютын ханш буурч, улсын төсөв нь алдагдалд орж, гадаадын хөрөнгө оруулалт удааширч, эдийн засгийн өсөлт зогссон гэж Bloomberg 2017 онд мэдээлсэн байна.
Дан ганц уул уурхайг түшиглэж, Хятадаас хэт хамааралтай болсон нь ийм байдалд хүргэсэн учир монголчууд бусад улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэхийг эрмэлзэхэд хүргэжээ.
Кардиффын их сургуулийн Радченкогийн хэлснээр одоо Монгол Улс олон улсын анхаарлын төвд байгаа аж. Монголын өмнөх засгийн газрууд барууныхантай дипломат харилцаагаа гүнзгийрүүлэх гэж олон удаа оролдсон ч олигтой үр дүнд хүрээгүй. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын анхны түүхэн уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулахыг санал болгосон ч уулзалт хийх газраар Сингапурыг сонгосон нь Монгол Улс хэт их санасны хэрэггүйг анхааруулсан” гэж тэрбээр “Асан” Институтын вэбсайтад бичжээ.
ЭХ СУРВАЛЖ: “THEWEEK.CO.UK”