МАН зарим заалт дээр Ерөнхийлөгчид “бууж” өгөв

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

МАН зарим заалт дээр Ерөнхийлөгчид “бууж” өгөв

МАН зарим заалт дээр Ерөнхийлөгчид “бууж” өгөв

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг, зөвшилцөх ажлын хэсэг тодорхой байр суурьт хүрсэн учраас  УИХ-ын үйл ажиллагаа өнөөдөр /2019.08.12/-өөс  эхлэх бололтой. УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тодорхой саналууд ирүүлсэн билээ. Тиймээс төслийг дахин хэлэлцэж, Ерөнхийлөгчийн санал болон бусад саналуудыг судлах, нэмэх, хасах, нэгтгэхээр ажлын хэсгүүд өнгөрсөн хугацаанд ажилласан юм.

Зөвшилцлийн ажлын хэсгүүдийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зарим саналыг МАН-ын өргөн барьсан хуулийн төсөлд тусгасан саналтай нэгтгэх, зарим заалтыг хасах, Ерөнхийлөгч зарим заалтаа татах зэрэг “тохиролцоонд” хүрчээ. Зөвшилцлийн ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэгдэж байгаа төсөлтэй уялдуулах, зөвшилцөх асуудлыг хэлэлцээд зарим асуудал  тодорхой шийдэлд хүрсэн байна.

Ажлын хэсгийнхэн Ерөнхийлөгч, УИХ-ын аль аль санал дээр хатуу байр суурь баримтлахгүй ойлголцож, ажиллаж байгаа гэдгээ тодотгож буй. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаас цөөн хэдэн асуудлаас бусад дээр үндсэндээ санал нэгдэж, зарим саналуудыг нэгтгэх боломжтой гэж үзсэн бол зарим саналууд дээр дахин зөвшилцөхөөр болжээ. Тухайлбал байгалийн баялгийн өмчлөл, ашиглалт, шүүх эрх мэдэл, засаг захиргааны нэгж, нутгийн удирдлагын тогтолцоо, түүнчлэн УИХ-ын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа, сонгуулийн тогтолцоо зэрэг асуудлууд дээр тохироогүй байна. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, аймаг, хот, нийслэл, сум дүүргийн засаг даргыг чөлөөлөх, томилох, сонгуулийн тогтолцоотой холбоотой хэд хэд заалтууд улс төрийн зөвшилцөлд хүрэхгүй хэвээр үлджээ.

Харин Ерөнхийлөгчийн санал ч МАН-ын санал ч аль аль нь Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг 35 хувиас хэтрэхгүй байхаар ойлголцсон байна.

ЕРӨНХИЙЛӨГЧ ГУРВАН САНАЛАА ТАТАЖ АВЧЭЭ

Түүнээс гадна Ерөнхийлөгчийн зүгээс гурван ч саналаа буцаан татсан байна. Тодруулбал,  Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлд хот нийслэлтэй холбоотой тодорхой саналуудаа татсан байна. Ерөнхийлөгч дараах гурван саналаа татжээ.

АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛИЙН 1, 2 ДАХЬ ХЭСЭГ:

  • “1.Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэж үзэх бөгөөд нийслэл нь хотод, хот нь дүүрэгт хуваагдана. Нийслэлийн хотын дүүргийг хороонд хувааж болно.
  • Нийслэл бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн бөгөөд эрх зүйн үндэсийг нь зөвхөн хуулиар тогтооно.”

Мөн Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Нийтийн өмчийн газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, иргэн, хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу ашиглуулах шийдвэрийг хуульд заасан болзол, журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Засаг дарга /Захирагч/ гаргана” гэж нэмэхээр тусгасан саналаа татаж авчээ.

ЗУРГАДУГААР ЗҮЙЛИЙН 6 ДАХЬ ХЭСЭГ:

  • “6.Нийтийн өмчийн газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, иргэн, хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу ашиглуулах шийдвэрийг хуульд заасан болзол, журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Засаг дарга /Захирагч/ гаргана.”

Түүнчлэн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд нэмэхээр тусгасан Төв банк (Монголбанк)-тай холбоотой гурван саналаа татаж авсан байна. Монголбанк нь төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах болон санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлж, төрийн эрдэнэсийн санг эрхлэн удирдахтай холбоотой зэрэг заалтуудаа эргүүлэн татжээ.

МОНГОЛБАНКТАЙ ХОЛБООТОЙ: “АРВАН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

  • Монгол Улс төв банктай байна. Төв банк нь хараат бус, бие даасан байгууллага байх бөгөөд Монголбанк гэж нэрлэнэ.
  • Монголбанк нь төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах болон санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлж, төрийн эрдэнэсийн санг эрхлэн удирдана.
  • Монголбанкны үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ИРҮҮЛСЭН ШҮҮГЧТЭЙ ХОЛБООТОЙ ЗААЛТЫГ МАН ХҮЛЭЭЖ АВНА

Харин МАН-ын өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан Улсын дээд шүүхийн  шүүгчдийн тоо, мөн  Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч түүнийг нь батламжлахтай холбоотой Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 51.1, 51.2 дахь хэсгийг хасч, Ерөнхийлөгчөөс гаргасан саналыг зөвшилцлийн ажлын хэсэг хүлээн авахаар тогтжээ. Мөн бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор гишүүдийн санаачилсан төсөлд тусгасныг хасах тухай Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авчээ.

Гишүүдийн санаачилсанд төсөлд тусгагдсан шүүгчдэд тавигдах болзол, шалгуурын талаарх заалтыг хасахыг Ерөнхийлөгч санал болгосон хэдий ч ажлын дэд хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх үед иргэдийн олонх нь дэмжсэн санал өгсөн болон бусад судалгаа тооцоонд үндэслэн төслийн 51.3 дахь хэсэг буюу бүх шатны шүүхийн шүүгчдэд тавигдах шалгуурыг “Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг томилно” гэж өөрчлөн томьёолжээ. Ингэснээр гишүүдээс өргөн баригдсан төсөлд Улсын дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор тусгасан байсныг хасч, харин шүүгчид тавигдах шалгуурт оруулж буй өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж байгаа төсөлд заасан хэвээр нь үлдээжээ.

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ИРҮҮЛСЭН ХОЁР САНАЛЫГ ХАСЧЭЭ

Түүнчлэн Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 46.4 дэх хэсгийн төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, хараат бус байдалтай холбоотой зохицуулалтад Ерөнхийлөгчийн зүгээс төрийн жинхэнэ албан хаагч яамны Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажиллах эрхтэй бөгөөд шатлан дэвших, чадахуйн зарчимд үндэслэсэн сонгон шалгаруулалтын болзол хангасан Монгол Улсын иргэн Төрийн нарийн бичгийн даргад чөлөөтэй өрсөлдөх, Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилохоор тусгасныг зөвшилцлийн ажлын хэсгийн саналын дагуу хассан байна.

Харин хууль санаачлах эрхэд хүрээ, хязгаар тогтоох үндсэн дээр Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөлдөө “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж тусгасан төслийн 26.1 дэх хэсгийг хасах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзэв. Учир нь энэ заалт нь Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд халдсан агуулгатай байна гэж үзэж буйгаа гишүүд хэлж байлаа.

ТАЛУУД НАМ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДТЭЙ ХОЛБООТОЙ ЗААЛТ ДЭЭР ЗӨВШИЛЦЖЭЭ

Харин хоёр төсөлд тусгагдсан улс төрийн намтай холбоотой зохицуулалтыг нэгтгэж, найруулжээ.  Тодруулбал,

Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 191 дэх хэсгийг “Нам Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна”, 19.3, 19.4 дэх хэсгийг нэгтгэн “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулж томьёолжээ.

Харин нам байгуулах, түүнийг бүртгэхтэй холбоотой төслийн 19.2 дахь  хэсгийн томьёоллыг зөвшилцлийн Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах бөгөөд намыг сонгуулийн төв байгууллага бүртгэнэ” гэж найруулсан байна.

Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэх эсэх асуудлын тухайд УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж тусгагдсан бол Ерөнхийлөгч өргөн барьсан төсөлдөө “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч үл болно” гэж зохицуулахаар тусгасан. Иймээс төслийн энэ хэсгийг Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн саналтай нийцүүлэн “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд УИХ-ын гишүүн байж үл болно” гэж өөрчлөн томьёолсныг дэмжжээ.

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, ажлын хэсгээс ирүүлсэн саналуудыг хэлэлцэнэ. Хэрэв МАН-ын гишүүд олонхоороо ажлын хэсгийн дүгнэлтийг дэмжвэл  ажлын хэсгүүд дахин хэлэлцэж саналын томьёоллыг эцэслэсний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэх юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж