Б.Хурц нарт холбогдох шүүх хурал маргааш үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

LiveБ.Хурц нарт холбогдох шүүх хурал маргааш үргэлжилнэ

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал маргааш үргэлжилнэ
19 : 56
2019-8-12

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал маргааш үргэлжилнэ

Төв аймгийн Шүүхэд өнөөдөр өглөө эхэлсэн Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хуралдаан үргэлжилж байна. Хуралдаан өдөр нэг цагийн хугацаатай завсарласны дараа үргэлжилж байсан бөгөөд дөнгөж сая хуралдааныг завсарлуулж, маргааш 09.00 цагт үргэлжлүүлэхээр болсон байна. 

Өнөөдрийн хуралдаанд Б.Хурц нарын есөн шүүгдэгч нараас гадна С.Зориг агсны эхнэр Б.Булган, С.Зориг агсны амь насыг хохироосон Б.Содномдаржаа нар оролцсон юм. 

14 : 33
2019-8-12

Г.Батбаяр: Хуулиа баримталбал манай үйлчлүүлэгч буруугүй нь тогтоогдоно

Шүүх хуралдаан завсарлаад дөнгөж сая эргэн орсон бөгөөд гэрчүүд болон бусад холбогдогч нараас мэдүүлэг авч байгаа аж. 

Өнөөдрийн шүүх хуралд С.Зоригийн эхнэр Б.Булган оролцож байгаа юм. Тэрбээр, энэ удаагийн шүүх хуралд хохирогчоор оролцож байгаа бөгөөд тэрбээр  “Шүүх хурал эхэлсэн учраас өнөөдөр энэ хэрэг шийдэгдэнэ гэж найдаж байна. Би илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, манай өмгөөлөгчөөс аваарай. Би өнөөдөр шүүх хуралд хохирогчоор орж байна” гэсэн юм. 

Мөн шүүх хурлын өмнө Б.Хурц нарын өмгөөлөгч Г.Батбаяр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Тэрбээр, “Энэ хэрэг хуулиа баримтлаад явбал манай үйлчлүүлэгч ямар ч ялгүй гарах ёстой. Ер нь бол Эрүүгийн хуулийг ижил төстэй хэрэглэхийг хориглодог. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч мэдүүлэг авахын тулд мөрдөн байцаах үйл ажиллагааг явуулаагүй. Гэтэл миний үйлчлүүлэгчдийг яллаад байгаа зүйл анги нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны эсрэг хэрэглэдэг мөрдөн шалгах ажиллагааны өмнө хэрвээ хэрэг бүртгэгч мэдүүлэг өгөхийг албадан хүнийг зодсон бол ялладаг юм. Гэтэл ялтан Б.Амгаланбаатар, н.Итгэлтөгс нар хүн зодчихсон шүү дээ. Тэгэхээр энэ үйлдэл нь эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр явна. Хэрвээ хүний биед гэмтэл учруулахгүйгээр зодсон бол сахилгын арга хэмжээ авдаг. Тагнуулын байгууллагын тагнан турших арга хэмжээ буюу гүйцэтгэх ажиллагааны арга хэмжээ явагдсан. Нууц камер байршуулсан гээд л. Тэрнээс биш тагнан турших үйл ажиллагаа явагдаж байхад нэгийгээ алгадлаа гэхээр тагнуулын ажилтан гүйж ороод “Одоо болиорой” гээд салгах боломжгүй. “Шууд зод, балба” гэсэн үүрэг даалгавар өгөөгүй. Энэ нь ямар нэгэн байдлаар нотлогдохгүй. Манай үйлчлүүлэгчдийг “Шууд зод, нүд” гэсэн даалгавар өгсөн гэж буруутгаад байгаа. Ялтан Б.Амгаланбаатарын хүний амь хөнөөсөн гээд байгаа яриаг нь үнэн эсэхийг нь шалгах зорилгоор л Б.Содномдаржаатай нүүрэлдүүлсэн. Тэгээд сүүлд Б.Содномдаржааг мэдүүлгээ нотлуулах гээд нэг алгадсан нь эрүүдэн шүүлт биш шүү дээ. МҮОНРТ-ээр гаргасан тэр видео бичлэг л байгаа болохоос 360 хоног эрүүдэн шүүсэн зүйл байхгүй. Тэр камерыг гэмт этгээдийг гэмт хэрэг хийснийг нь нотлохын тулд халхавчийн байгууллага болгож ашигласан. Халхавчийн байгууллага гэдэг нь хорих газар болон мөрдөн байцаагч нарыг ашиглаж болдог хуулийн заалттай” гэсэн тайлбарыг өглөө.

13 : 27
2019-8-12

Шүүх хурал завсарлалаа

ТЕГ-ын дарга, генерал Б.Хурц нарын 9 хүнд холбогдох шүүх хурал нэг цаг завсарлаж, шүүгдэгч нар хуралдааны танхимаас гарлаа. Цайны цаг болсон учраас ийнхүү хуралдааныг нэг цаг завсарлуулсан байна. 

Хуралд ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын 9 хүн шүүгдэгчээр оролцож байгаа. Мөн өнөөдрийн хуралд С.Зориг агсны эхнэр Б.Булган оролцсон юм. 

Түүнээс гадна хуралдаанд УИХ-ын түр хорооны гишүүд оролцох хүсэлт гаргасан ч шүүгч нарын зүгээс тэдний хүсэлтийг хүлээж аваагүй юм.

 

12 : 25
2019-8-12

Б.Мэргэн: Шүүх хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй

Шүүх хурал дөнгөж сая 15 минут завсарлаад, эргэн оров.  Түр завсарлагааны үеэр өмгөөлөгч Б.Мэргэнээс шүүх хурлын талаар мэдээлэл авсан юм. 

Тэрбээр “Хурал хэвийн үргэлжилж байна. Яг одоо шүүх хурлаар урьдчилсан хэлэлцүүлэг дээр өмгөөлөгчдийн өгсөн хүсэлтүүдийг хэлэлцэх гэж байна. Миний хувьд хүсэлт гаргаагүй, харин бусад өмгөөлөгч нар ямар хүсэлт гаргасан талаар би мэдээлэл өгөх боломжгүй байна. Шүүх хуралдааныг хаалттай, нээлттэй явуулах тал дээр нилээд маргаан үүсээд байх шиг байна. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах боломжгүй шүү дээ. Угаасаа маш нууцын зэрэглэлтэй хэрэг учраас үүнийг шүүх шийдэхгүй. Засгийн газрын 115 дугаар тогтоолоор энэ хэргийн жаахан хэсгийн тасдаж аваад олон нийтэд ил болгосон шүү дээ. Бусад 30 гаруй хавтаст хэрэг нууц хэвээрээ байгаа. Энэ хэргийн нууцыг ил болгох асуудлыг Тагнуулын ерөнхий газрын саналаар Засгийн газар шийдвэрлэх ёстой. Тэрнээс биш шүүхийн байгууллага шийдэхгүй. Тэгэхээр шүүхээс хамаарч энэ хэргийг хаалттай хэлэлцээд байгаа юм биш” гэв.

Энэ удаагийн шүүх хуралд Б.Содномдаржаа оролцож байгаа бөгөөд Шүүх хурлын гадаа Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа ирсэн байсан юм.

Тэрбээр “Энэ хэргийн талаар Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Гадаадын хүний эрхийн байгууллагууд ч гэсэн энэ хэргийн талаар мэддэг боллоо. Жирийн иргэнийг 100 хувь хэлмэгдүүлж, өчнөөн зодуур, нүдүүрийн арга хэрэглэлээ. Б.Хурц яахаараа ингэж зүтгээд байдаг хүн бэ. Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг л түргэн суллахгүй бол одоо бие нь улам муудаж байна. Одоо дөрвөн жил боллоо шүү дээ. Сар болоод нэг удаа хүүтэйгээ уулздаг юм. Сүүлд 20-иод хоногийн өмнө хүүтэйгээ уулзсан. Хүүгийн минь биеийн байдал яах вэ. Саяхан эмнэлэгт хэвтүүлсэн учраас гайгүй байна. Гэхдээ сэтгэл санааны байдал маш хүнд байна. Би өнөөдрийн шүүх хурлыг үнэн зөв шийдэх байх гэж бодож байна. Би хохирогч хэдий ч шүүх хуралд орж чадахгүй, оруулахгүй байгаа. Яагаад оруулахгүй байгаа юм бэ. Өөрсдөө хуйвалдаан зохион байгуулах гээд ингэж байгаа юм болов уу гэж хардаж байна” гэлээ.

11 : 25
2019-8-12

Шүүх танхимын гадаа иргэд эсэргүүцлээ илэрхийлж байна

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хурал Төв аймгийн шүүхэд үргэлжилж байна. Шүүх хуралдааны танхимын гадна тайлбад иргэд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл тайван жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм. Тэдний нэг хэсэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шүүхэд нөлөөлөхийг оролдож байна гэж үзэж байгаа бол нэг хэсэг нь Б.Хурц нарыг эрүүдэн шүүсэн нь буруу гэж үзэж байгаа гэлээ. 

Шүүхийн байгууллагын гадна талбайд жагсч буй “Дархан Монгол ногоон нэгдэл”-ийн удирдах зөвлөлийн дарга Б.Даш хэлэхдээ “Бид зөвхөн өнөөдөр энэ жагсаалыг хийж байгаа юм биш. Өнгөрсөн өвлөөс эхлэн таван залуу УИХ-ын гишүүдтэйгээ нийлээд, жагсаал зохион байгуулж тэмцэж байсан. Өнөөдрийн шүүх хуралд Б.Хурц тэргүүтэй хүмүүс ирж, оролцож байгаа нь маш том явдал юм. Хэрэв бид жагсаал хийж, ийм том өөрчлөлтийг  хийж чадаагүй бол энэ хүмүүс ямар ч шийтгэл хүлээхгүй өнгөрөх байсан. Тэгэхээр эдгээр хүмүүс Монголын шударга шүүхийн өмнө шийтгүүлэхээр ирсэн байгаа нь маш том дэвшил. Энэ бол том алхам. Өнөөдөр Төв аймгийн шүүхийн байгууллагын гадна Б.Хурцыг өмөөрсөн хүмүүс, нүүрээ нуугаад ирсэн байна. Гэтэл бид өнөөдөр шударга ёсыг хүсч, байр сууриа илэрхийлээд байж байна” гэв.

Харин эдгээр жагсагчдын эсрэг байр суурь илэрхийлсэн самбар барьсан иргэдийн төлөөлөл Д.Ганбат өөрийгөө танилцуулахдаа Б.Хурцын ангийнх нь хүүхэд байна гэсэн юм. Тэрбээр “Бидний хувьд шүүх хурлыг нээлттэй, шударга явуулахыг шаардаж байна. Бид энэ удаагийн шүүх хурлын үеэр анх удаа ирж оролцож байна. Уг хэргийг шүүх хуралд УИХ-ын зарим гишүүд оролцож, нөлөөлөх гэж оролдож байна. Мөн хэрэгтэн гэх Б.Амгаланбаатар нь яагаад энэ шүүх хуралдаанд оролцож байна вэ. Иргэн хүний хувьд хэргийг үйлдэгч нь хуралд гэрчээр орж байгаа нь шүүх хуралдаан ямар нэг хуйвалдаангүй явна гэдэгт нь эргэлзэж байна”  гэсэн юм.

 

10 : 31
2019-8-12

Шүүх: Ц.Нямдорж нарыг шүүх хуралд оролцуулахгүй

Б.Хурц нарт холбогдох шүүх хуралдаан үргэлжилж байна. Шүүх хурлын эхэнд УИХ-ын түр хорооны гишүүдийг хаалттай хуралдаанд ажиглагчаар оролцуулах эсэхийг шийдвэрлэсэн бөгөөд тэднийг шүүх хуралд оролцох хүсэлтийг хүлээж авсангүй. 

Өөрөөр хэлбэл, шүүгчдийн зүгээс Б.Хурц нарт холбогдох хаалттай хуралдаанд УИХ-ын түр хорооны таван гишүүнийг хөндлөнгийн ажиглагчаар оролцуулах шаардлагагүй гэж үзэж, хүсэлтийг нь хүлээж авахаас татгалзсан байна. Энэ талаар түр хорооны нарийн бичиг н.Хишигбаяр "Хөндлөнгийн оролцогчоор оролцуулах боломжгүй гэдэг шийдвэрийг өгсөн. Шүүхээс энэ талаар мэдээлэл өгөх байх" гэлээ.

Төв аймгийн шүүхийн Тамгын газраас мэдэгдэл гаргасан бөгөөд тус мэдэгдэлд, 

Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын 9 хүнд  холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт эхлэн хянан хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас ирүүлсэн нэр бүхий 9 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн хаалттай шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох тухай хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогч гэж хэн бэ гэдгийг тодорхой хуульчилж заасан байгаа. Мөн хуулийн 34.4 дүгээр зүйлийн 3-т /Хаалттай явуулах шүүх хуралдаанд оролцуулах, байлцуулах хүнийг шүүх шийдвэрлэнэ/ гэж хуульчилсан, тухайн хэрэгт гэрч, хохирогч нараас хэнийг оролцуулахыг шийдвэрлэх асуудал биш хэрэгт гэрч, хохирогчоор тогтоогдоогүй, оролцоогүй этгээдүүдийг шүүх хуралдаанд оролцуулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн

1.Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

2.Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэж  заасныг зөрчих үндэслэл болно.

Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус, бусад аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно гэж заасан.

Шүүх бүрэлдэхүүн шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах зарчим алагдана гэж үзэж байгаа учраас УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 7 гишүүний шүүх хуралдаанд хөндлөнгийн ажиглагчаар оролцох хүсэлтийг хүлээж аваагүй болно. УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтуудад С.Зоригын амь насыг хөнөөсөн гэх хэрэгт Түр хороо байгуулагдаад ажиллаж байгаа талаараа хүсэлтдээ дурдсан байна. Түр хороо нь УИХ-ын тухай хуульд зааснаар Байнгын хорооны эрх эдэлдэг, Байнгын хороонд хаалттай шүүх хуралдаанд оролцох эрх байхгүй, мөн УИХ-ын гишүүний эрхэд хаалттай шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох эрх байхгүй байна. Иймд С.Зоригийн амь нас хохирсон хэрэгт Түр хороо байгуулагдан ажиллаж байгаа гэх үндэслэлээр Б.Хурц нарт холбогдох хаалттай шүүх хуралдаанд оролцуулах үндэслэл байхгүй байна гэж үзлээ" гэжээ. 

Шүүх хуралдаан үргэлжилж байна. 

10 : 10
2019-8-12

Б.Хурц нарт холбогдох шүүх хуралдаан эхэллээ

Шүүх хуралдаан 09.00 цагт товлогдсон боловч дөнгөж сая эхэллээ. Шүүх хурлын эхэнд УИХ-ын түр хорооны гишүүдийг хаалттай хуралдаанд ажиглагчаар оролцуулах эсэхийг шийдвэрлэх юм байна. Хэрэв шүүхээс түр хорооны таван гишүүнийг хуралдаанд ажиглагчаар оролцохыг зөвшөөрвөл шүүх хурал эхлэнгүүт гишүүд орох боломжтой болох юм байна.

Шүүх хуралдаанд Б.Хурц болон бусад холбогдогч, С.Зориг агсны эхнэр Б.Булган нар хүрэлцэн ирээд байгаа юм.

09 : 15
2019-8-12

Б.Хурцын шүүх хуралд Ц.Нямдорж нарыг оролцуулах эсэхийг шийднэ

Б.Хурц болон бусад холбогдогч нар дөнгөж сая Төв аймгийн шүүхийн байр луу орсон байна. Шүүхийн байрны гадаа иргэдийн зүгээс тайван жагсаал хийж байна. Тайван жагсаал хийж байгаа иргэдийн зүгээс Түр хорооны гишүүд болон Ц.Нямдорж сайдын шүүх бүрэлдэхүүнд нөлөөлөхийг оролдож байна хэмээн эсэргүүцэж байгаа аж. 

Шүүх бүрэлдэхүүн шүүх хурлын өмнө УИХ-ын гишүүн түр хорооны бүрэлдэхүүнийг оруулах эсэхийг хурлын эхэнд шийдвэрлэх юм байна. Хаалттай шүүх хуралдаанд хөндлөнгийн хяналт тавихын тулд шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй түр хорооны гишүүд хүссэн юм. Тодруулбал, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар Олон Улсын парламентын холбооноос гаргасан дүгнэлтийг дагуу байгуулагдсан УИХ-ын түр хороо өнгөрсөн Баасан гаригт тус шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ өгсөн юм. Тус хорооны даргаар Ж.Батзандан ажиллаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Я.Санжмятав, Л.Болд, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нар багтаж буй.

Зургийн тайлбар: Б.Хурц болон бусад холбогдогч, С.Зориг агсны эхнэр Б.Булган нар шүүх хуралдаанд хүрэлцэн ирэв. /2019.08.12 09.10 цагт/

 С.Зориг агсны эхнэр Б.Булган 2019.08.12-ны 09.10 цаг

07 : 53
2019-8-12

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал 09.00 цагт болно

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын журам зөрчсөн хэргээр Б.Хурц нарын есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд өнөөдөр /2018.08.12/ шүүх хурал Төв аймгийн шүүхэд 09.00 цагт товлогдсон. Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн долдугаар сарын 23-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд болсон ч шүүгдэгч О.Бямбажавын итгэмжлэлээр өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм.

Уг хүсэлтийн дагуу шүүх хурлыг энэ сарын 12-ныг хүртэл хойшлуулж, шүүх бүрэлдэхүүнийг томилох эсэх хурал болсон. Гэвч шүүгдэгчийн уг хүсэлтийг Төв аймгийн шүүгчдийн зөвлөл хүлээж авахаас татгалзсан билээ. Тиймээс өнөөдрийн шүүх хуралд Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал шүүгч, Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар хэвээр оролцохоор болжээ. Өмнөх шүүх хурлын үеэр ялтан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасны дагуу эрүүдэн шүүлтийг гардан гүйцэтгэсэн, ялтан Ц.Амгаланбаатар болон Б.Итгэлтөгс нар шүүх хуралд оролцсон юм.

Мөн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар Олон Улсын парламентын холбооноос гаргасан дүгнэлтийг дагуу байгуулагдсан УИХ-ын түр хороо өнгөрсөн Баасан гаригт тус шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ өгсөн юм. Тус хорооны даргаар Ж.Батзандан ажиллаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Я.Санжмятав, Л.Болд, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нар багтаж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж