Модны холтос, үртэс, боргоцойгоор буга согоо, хүрэн баавгай, хандгай, янгир, аргалыг үзэсгэлэнт байгальтай нь өнгө хослуулан бүтээжээ. Мөн модны навч, байгалийн чулуу, хөвд ашиглан нүүдлийн шувууд, өхөөрдөм янзагыг уран зургаар илэрхийлсэн нь олны нүдэнд соньхон. Энэ мэт дахин давтагдашгүй, ховор, содон үзмэрүүдийг дэлгэсэн Манзушир хийдийн байгалийн музейгээс энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ.
“БАЙГАЛИЙН МУЗЕЙГ ҮЗЭХЭЭСЭЭ ИЛҮҮ АМРАХ ГЭЖ ИРДЭГ”
Уг музейн тасалбар нь том хүн 1000, хүүхэд 500 төгрөгийн үнэтэй. Монгол Улсын хамгийн хямд төлбөртэй музей гэдгийг тайлбарлагч бүсгүй яриандаа онцолж байв. Энэ музейг үүсгэн байгуулагчдын нэг, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Шагдарсүрэн агсны урласан байгалийн төрөл бүрийн зүйл ашиглаж хийсэн ховор бүтээлүүдээс гадна чихмэлийн мастер Л.Цэвэл гуайн хийсэн Төв аймгийн нутагт дэвсгэрт амьдардаг ховор ан амьтдын чихмэлүүд байгалийн музейн сан хөмрөгийг бүрдүүлдэг аж.
Аялал жуулчлалын улиралд энэ музейгээр 1000 орчим хүн үйлчлүүлдэг. Энэ нь Монгол Улсад ирж буй гадаадын жуулчдын тоотой харьцуулахад маш бага тоо. Манзуширын хийд бол гадаадын жуулчдын зорин очдог байгалийн цогцолбор газруудын нэг. Тэр ч утгаараа зуны улиралд өдөрт дор хаяж гурван автобус жуулчин хүлээж авдаг гэдгийг ажилчид хэлж байв. Харамсалтай нь эдгээр жуулчин болон дотоодын амрагчид байгалийн музейг сонирхон танилцдаггүй байна.
Тавдугаар сараас хойш уг музейгээр том хүн гэхэд 4550, хүүхэд 4118 бол гадаадын 777 жуулчин л үйлчлүүлээд байгаа гэнэ.
“Анх 1969 онд Ю.Цэдэнбал дарга Манзушир хийд орчмын энэ газрыг хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх соёл амралтын газар байгуулах үүрэг даалгаврыг өгсний дагуу 1973 онд нэг давхар чулуун байгалийн музейн барилгыг ашиглалтад оруулсан түүхтэй.
Манзушир хийдийг зорин ирсэн хүмүүсийн ихэнх нь байгальд амардаг. Тэдний дөрөвний нэг нь л манай музейгээр үйлчлүүлдэг. Гадаадын жуулчдын хувьд ч зуны улиралд олноор ирдэг мөртлөө музейг ер үзэж сонирхдоггүй. Энэ нь манай Монголын аялал жуулчлалын компаниудтай л холбоотой байх” хэмээн тус музейн улирлын тайлбарлагч Э.Оюун ярьсан юм.
Энэ үеэр нэгэн эмэгтэй музей сонирхохоор иржээ. Тэрбээр үүдэнд хадсан “Том хүн 1000, хүүхэд 500 төгрөг” гэсэн бичгийг уншаад, “Би мөнгөгүй гараад ирсэн байна. Иргэдэд төлбөртэй үзүүлдэг юм уу” гэж асуугаад буцав.
Түүний араас гэр бүлээрээ музейг үзэхээр хэсэг хүмүүс тасалбар худалдан авав. Ач, зээ нартаа үзмэр тайлбарлаж буй Х.Бүдхүү гуай хэлэхдээ “Миний хувьд хүүхдүүдтэйгээ амарч, зугаалж явна. Өмнө нь Манзуширийн хийдэд ирж байсан ч байгалийн музейг нь сонирхон харж байгаагүй юм байна. Энэ байгалийн түүхийн музейд тун сонирхолтой сайхан байгалийн ховор сонин үзмэрүүдийг дэлгэжээ. Үнэндээ Манзуширын хийд гээд үзэх юм байхгүй шүү дээ. Тиймээс ч хүмүүсийн ихэнх нь байгальд нь амарч, зугаалах гэж ирдэг байх. Миний бодлоор энэ байгалийн музейгээ сайн сурталчилж, ач холбогдлыг нь илүү таниулах хэрэгтэй юм шиг санагдлаа. Тэгвэл хүмүүс илүү их мэдээлэлтэй болж, байгаль дэлхийтэйгээ зөв харьцах байх гэж бодож байна” гэв.
Байгалийн музейн үзмэр дэх ан амьтдын чихмэл, байгалийн бүтээлүүдийг 1970, 1980-аад онд хийсэн бөгөөд одоо хадгалалт хамгаалалтаас гадна үзмэрээ шинэчлэх шаардлага зайлшгүй тулгарч байгааг мэргэжилтнүүд учирлаж байлаа.
ЗАСМАЛ ЗАМ ТАВИАГҮЙГЭЭС ЖУУЛЧДЫН ТОО БАГАСЧ БАЙНА
Төв аймгийн Зуунмод хотоос зүүн хойш найман километр, Зуунмодны амны эхэнд Ачит дүйнхорын булаг хэмээх энгэр газарт далайн төвшнөөс дээш 1800 метр өндөрт шинэсэн ойн дунд Манзуширийн хийдийн туурь оршино. Уг хийд нь Улаанбаатар хотоос өмнө зүгт 43 километр зайд орших ажээ. Байгалийн дархан цаазат энэ газар руу нэвтрэхэд том хүн 300 төгрөг үүдний харуулд тушаав.
Энэ зуны усархаг борооны улмаас Манзушир хийд хүртэлх шороон зам нэлээд эвдэрч, машин явахад хүндрэлтэй болжээ. Хад асгатай, шавар, устай бэрх замыг туулж, Манзушир хийдэд ирэхэд хашаан гаднах шороон талбай суудлын машин, автобусаар дүүрчээ. Зарим нь бүр дураараа ногоон зүлгэн дээр машинаа байрлуулсан байв. Гадна, дотны жуулчдын хөлд дарагдсан энэ байгалийн цогцолбор газарт энд тэндгүй машин сүлжилдэн, модон дундуур зам гаргасан харагдана. Гэр бүл, найз нөхөд, ах дүүгээрээ амарч зугаалж буй дотоодын аялагчид ихэнх хувийг эзэлж байлаа. Ганц нэг гадаадын жуулчин хэлмэрчийн хамт явж байхтай тааралдав. Тэдний зарим нь хийдийн үүдэнд худалдаалж байсан шашины эд зүйл сонирхон худалдан авч байсан юм.
Аймгийн удирдлагууд жил бүр л Манзушир хийд хүртэлх найман километр засмал зам барих ажлыг ярьдаг ч ажил болгон хэрэгжүүлэхгүй байсаар өдийг хүрчээ. Засмал замын ажлыг эхлүүлэх талаар иргэд удаа дараа холбогдох газруудад нь хүсэлтээ хүргүүлсэн боловч ямар ч үр дүн гараагүй байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР 2018 ОНД СЭРГЭЭН ЗАСВАРЛАХААР БОЛЖЭЭ, ГЭВЧ…
Манзушир хийдийг түүхэн дурсгалт, соёл, шашин аялал жуулчлалын төв болгох зураг төслийг 2018 онд боловсруулжээ. Гэвч өнөөдөр сэргээн засварлалтын ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.
Уг хийдийн шашны музей буюу Манзушир хутагтын сэрүүн лавринг зорин очиход цөөн хэдэн хүн музейг сонирхож байв. Музейн хуучны фото зураг болон сэргээн засварлахаар батлагдсан шинэ зураг төслийг нь харьцуулан тавьснаас өөр үзмэр байсангүй.
Шашны музейн манаачаар 26 жил ажиллаж буй П.Дэмбэрэлмолом “Манзушир хийдийн хуучны туурийг 2018 онд Засгийн газрын тогтоолоор шашин, соёл, аялал жуулчлалын төв болгохоор сэргээн засварлах зураг төслийг гарчихсан байгаа. Гэвч өдийг хүртэл хөрөнгө санхүүжилт нь шийдэгдэж өгөхгүй байна. Өнгөрөгч 2018 оны аравдугаар сард Түүх, архелогийн хүрээлэнгээс авран хамгаалах малтлагыг бас хийсэн. Шинээр сэргээн засварлах зураг төслийн дагуу бүтээн байгуулбал гадны олон жуулчинг татсан аялал жуулчлалын цэг болох боломж бий. Одоогийн үйл ажиллагаа явуулж буй шашины музейн байрны хадгалалт хамгаалалт, хаалганы бэхэлгээ муу учраас үнэт үзмэрийг дэлгэн тавих боломжгүй” гэдгийг хэлж байв.
Халхын тамгатай долоон хутагтын тэргүүн Манзушир хутагтын хийдийг 1733 онд Монголын анхны хувилгаан Агваанлувсанжамбалданзан Богд уулын энгэр Ачит Дүйнхэр булгийн эхэнд шав тавьж, сүсэгтэн олны өргөл 800 лан мөнгөөр сүм бариулсан нь энэ хийдийн эхлэл байжээ. Энэ хийдэд 350 гаруй лам нар ном хурдаг байсан бөгөөд 14-17 сүм дуган байсан гэдэг. Манзушир хийдэд 1907 онд дархан Намжилдагвын 1460 лан алт мөнгөөр бүтээсэн дэлхийд хосгүй ганцхан Сандуйжүд, Доржсодво судрууд залагдаж байсан түүхтэй. Хожим 1937 онд сүүлчийн зургадугаар хутагт Цэрэндоржийг хэлмэгдүүлж цаазалсны дараа уг хийдийн 50 гаруй лам нарыг мөн шийтгэж, хийдийг нураасан байна.
Бурхан шашны 200 гаруй жилийн түүхтэй хийдийн Манзушир хутагтын зуны сэрүүн лаврины суурин дээр нь дахин 1992 онд байгуулж, шашны холбогдолтой музей болгожээ.
Холбоотой мэдээ