Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээг авсан билээ. Баяр наадам өнгөрснөөс хойш 30 хоногийн дараа БНСУ-аас ирсэн шинжилгээний хариу олны анхаарлыг татлаа.
Бөхчүүдийн допингийн шинжилгээг Допингийн эсрэг үндэсний төв хариуцан авдаг бөгөөд энэ жил тав давсан 16 бөх үүнд хамрагдсан. Бөхчүүдийн шинжилгээний хариу ирж Баяр наадмын зохион байгуулах хорооноос бөхчүүдэд наймдугаар сарын 9-ний өдөр мэдэгдсэн байна. Харин шөвгөрсөн 16 бөхийн хоёр нь допингтой гарсан гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж, бөхчүүд ч үүнийг эсэргүүцэж эхэлсэн. Хориотой бодис хэрэглэсэн нь “А” сорьцоос тогтоогдвол “В” сорьцыг дахин шинжлүүлэх эрх тухайн бөхөд бий. Энэ үйл явц бичгээр шийдэгддэг учир дахин 7-21 хоногийн хугацаа шаарддаг гэдгийг албаныхан тайлбарлаж байна. Бөхчүүд удаан хүлээхийг хүссэнгүй. Тэд өчигдрөөс эхлэн "no doping" хөдөлгөөнд нэгдэж, хаана байгаа газраасаа лайв хийн мэдээлэл өгч эхэлсэн.
Ихэнх бөхчүүд орон нутагт явж байгаа учир сүлжээ сайтай газраас мэдээллийг хүргэж, допинг хэрэглээгүй гэдгээ мэдээллээд байна. Бөхчүүд Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороог албан ёсны мэдээллийг цацахыг шаардаж эхэлсэн.
Бид энэ талаар Бөхийн холбооноос тодруулахад "Одоогоор “В” сорьцын шинжилгээ авах хүсэлтэй байна гэсэн албан бичиг ирээгүй байгаа учраас зөрчилтэй бөх байгаа эсэхийг мэдэхгүй байна" гэдэг тайлбарыг өглөө. Энэ мэтчилэн албаныхан өөр өөрсдийн тайлбарыг өгсөн бөгөөд зөвхөн Баяр наадмын зохион байгуулах хорооны шийдвэрийг хүлээж байгааг хэлж байна.
Өчигдөр 16 бөхөөс 13 нь хариугаа авсан, допинг хэрэглээгүй гэдгээ мэдэгдсэн бол Улсын аварга Э.Оюунболд, Улсын начин Д.Цэрэнтогтох, Ж.Ням-Эрдэнэ нар хариу авсан эсэхээ мэдэгдсэнгүй.
Үндэсний их баяр наадмын өмнөх сорилго барилдаанаар допингтой бөхийг барилдуулахгүй гэж тэмцлээ илэрхийлж байсан Улсын аварга Ч.Санжаадамбын мэдэгдлийг иргэд хамгийн ихээр хүлээж эхлэв. Түүний хувьд орон нутагт яваа, удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө хэлээд байна.
Бөхчүүдийг шинжилгээний хариу хэлэх зуур энэ жилийн түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболд олны анхааралд өртсөн. Түүний хувьд өчигдөр Хүй долоо худагт болсон Авто замын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баяр наадмын барилдаанд барилдах байсан ч очоогүй. Урьд өдөр нь хоёр давсан аваргыг гэнэт ийм шийдвэр гаргасанд иргэд гайхаж бас “хардаж” эхлэв. Энэ мэтчилэн өчигдөр бөхчүүд шинжилгээний хариугаа урьдчилан хэлж, no doping-г өрнүүллээ.
Хэрвээ тав давсан эдгээр бөхчүүдээс хоёр нь хориотой бодис илэрсэн юм бол унасан бөхчүүд яах вэ. Хэрвээ үнэхээр 16 бөхөөс допингтой холбоотой асуудал гараагүй бол яагаад удаашруулав. Энэ мэт олон хардлага, тайлбарт Баяр наадмын зохион байгуулах хорооноос албан ёсны тайлбар өгөхийг бөхчүүд болон ард түмэн шаардаж эхэллээ.
ТАВ ДАВСАН БӨХЧҮҮД:
ТАВЫН ДАВАА:
Улсын аварга Ч.Санжаадамба – Цэргийн заан О.Батжаргал
Улсын аварга Г.Эрхэмбаяр – Аймгийн арслан Н.Баярбаатар
Улсын аварга Н.Батсуурь – Улсын начин Б.Ганхуяг
Улсын аварга С.Мөнхбат – аймгийн арслан П.Мөнхбат
Улсын арслан П.Бүрэнтөгс – аймгийн арслан Д.Бадамгарав
Улсын аварга Э.Оюунболд – аймгийн арслан Н.Мустафа
Улсын арслан Ц.Содномдорж – Улсын нанчин Ц.Одбаяр
Улсын гарьд Б.Гончигдамба – аймгийн арслан Б.Тайван
Улсын заан Н.Жаргалбаяр – аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ
Улсын харцага Б.Бат-Өлзий – аймгийн арслан Б.Бат-Амгалан
Улсын харцага Х.Гантулга – Аймгийн арслан Б.Цэдэнсодном
Улсын харцага М.Бадарч – аймгийн арслан А.Давааням
Улсын харцага О.Хангай – Улсын начин Д.Цэрэнтогтох
Улсын өсөх идэр начин Э.Энхбат – Улсын начин Б.Амарзаяа
Улсын начин Д.Анар – Улсын начин Д.Амарсайхан
Аймгийн хурц арслан Б.Орхонбаяр – аймгийн арслан Ц.Сандагдорж
Холбоотой мэдээ