Монголын хөлбөмбөгийн охидын шигшээ баг БНСУ-ын Мукпу хотод болж буй зүүн Азийн 15 хүртэлх насны охидын хөлбөмбөгийн фестивальд оролцож, арвин их туршлага хуримтлуулах тоглолтууд хийж байна.
Уг фестивальд найман улсын 15 хүртэлх насны охидын шигшээ баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж буй. “А” хэсэгт Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, “В” хэсэгт Хонконг, Гуам, Монгол, Умард Марианы Арлууд багтсан юм.
Манай шигшээ хэсэгтээ Умард Марианы Арлуудтай 1:1, Гуамтай 2:2-оор тэнцэж хэсгийнхээ 3-р байрт бичигдсэн. Энэ хоёр тоглолтод П.Нэргүй, Г.Намуун, Г.Тэмүүлэн нар гоол оруулсныг дуулгахад таатай байна.
Хэсгийн тоглолтуудын дараа багууд нөгөө хэсгийнхээ багуудтай тоглолт хийх хуваарьтай байсан. Хуваарь ёсоор манай охид БНХАУ-ын багтай тоглож 12:0-ээр ялагдлаа.
Харин манай хэсгийн Умард Марианы Арлууд, Японд 0:18, Гуам, БНСУ-д 0:17-оор тус тус хожигдсон. Мөн Японы охид Хонконгийг 19:0, Тайвань, Умард Марианы Арлуудыг 5:1-ээр буулган авчээ.
Манай шигшээ өчигдөр Тайванийн багтай тэмцээний сүүлийн тоглолтоо хийж, энэ удаагийн фестивалиас арвин их туршлага хуримтлууллаа.