“Solar Impulse 2” онгоц тойрон аяллаа зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2015.07.16-нд нийтлэгдсэн

“Solar Impulse 2” онгоц тойрон аяллаа зогсоолоо

Зөвхөн нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц засварын улмаас ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл Хавай арлаас хөдлөхгүй гэж тус онгоцоор дэлхийг тойрох аяллыг хэрэгжүүлж буй баг мэдэгдлээ.

“Solar Impulse 2” нисэх онгоц ямар ч түлш хэрэглэхгүйгээр дэлхийг тойрох зорилготойгоор энэ оны гуравдугаар сард Арабын Нэгдсэн Эмирт Улсаас хөөрсөн юм.

Аяллын төслийг хэрэгжүүлж буй Швейцарийн баг мэдэгдэл хийхдээ, “Японы төвийн нутгаас Хавай арал хүртэл зогсохгүйгээр тав хоног нислэг үйлдэх явцад онгоцны батарей хэт халсан” гэлээ.

Уг нисэх онгоц энэ сарын 4-нд Хавайн гурав дахь том арал болох Оахуд газардсан юм.

Нисэх онгоцны АНУ-ын Аризона муж улс хүрэх дараагийн аялал хамгийн эртдээ ирэх оны дөрөвдүгээр сард болох аж.

“Solar Impulse 2”-ын швейцарь нисгэгч Андре Боршберг, “Бэрхшээлийг даван туулж, дэлхийг тойрох аяллаа ирэх онд дуусгана гэж би найдаж байна” гэж ярилаа.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж