ЖДҮХС-гийн зээлийн мөнгийг зувчуулсан найман үйлдэл

Хуучирсан мэдээ: 2019.08.11-нд нийтлэгдсэн

ЖДҮХС-гийн зээлийн мөнгийг зувчуулсан найман үйлдэл

“Ньюс” агентлаг долоо хоногийн онцлох нийтлэлээ хүргэж байна.

Ж.БАТЗАНДАН, Л.ЭНХБОЛД НАР МӨНГӨ УГААСАН УУ?

УИХ-ын гишүүн О.Баасанхүү долдугаар сарын 24-ний өдөр ЖДҮХС-гаас зээл авсан эрх бүхий албан тушаалтны хэрэг ямар шатандаа яваа, хэргийн явц ямар байгаа талаар мэдээлэл хүссэн хүсэлтийг АТГ болон Ерөнхий прокурорын газарт хүргүүлжээ. Түүнд Улсын прокурорын ерөнхий газар болон АТГ наймдугаар сард ЖДҮХС-тай холбоотой хэргийн талаарх мэдээллийг хүргүүлснийг тэрбээр олон нийтэд мэдээлсэн. УИХ-ын нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас өөрийн болон хамаарал бүхий этгээддээ гурван хувийн хүүтэй зээл авсан, зуучилсан гэх дуулиан жил гаруйн өмнө гарч байсан. Үүнтэй холбоотойгоор АТГ, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, одоо ч шалгах явц үргэлжилж байна. 2016  оноос өмнөх ЖДҮХС-тай холбоотойг нь Цагдаагийн ерөнхий газар шалгаж байгаа бол 2018 оныхыг ЦЕГ, АТГ хамтран шалгасан.

Хамтарсан ажлын хэсэг ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А-88, А-141 дугаартай хоёр удаагийн тушаалаар 96,1 тэрбум /96.172.931.120.00/ төгрөгийн санхүүжилт авсан 216 иргэн хуулийн этгээдийн төсөл шалгарсан байдал, төслийн санхүүжилт, барьцаалбар хөрөнгө, төслийн хэрэгжилтийг шалгажээ. Мөрдлөгийн хүрээнд 21 газар нэгжлэг явуулж, 586 иргэнээс гэрчийн мэдүүлэг, яллагдагч болон бусад гэрчүүдээс мэдүүлэг авсан байна. Мөн Шүүхийн шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллаж, аж ахуйн нэгжийн байр, данс, объектод үзлэг, шинжилгээ хийжээ.

Мөрдөн байцаалтын явцад иргэн, хуулийн этгээдүүдээс нийт 35,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсныг тогтоож, шалгалтын явцад 3,3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 20 аж ахуйн нэгж иргэний дансыг хязгаарласан байна.

Мөн 2,3 тэрбум төгрөгийн хөрөнгө, мөнгөний эрх шилжүүлэх, гүйлгээ хийх эрхэд хязгаарлалт тогтоожээ. Түүнээс гадна зарцуулалт тодорхойгүй, баримт материалгүй, төслийн санхүүжилтийг зохих журмын дагуу ашиглаагүй зэрэг зөрчлүүд ч гарсан байна.

Санхүүжилтэд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай хамаарал бүхий 11 иргэн, аж ахуйн нэгж байгааг тогтоосон байна. Энэ хүрээнд мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахад бага хүүтэй зээлийг зориулалтын бусаар ашиглаж, өндөр хүүтэй хадгаламжинд мөнгө оруулсан найман үйлдэл тогтоогджээ.

Эрх мэдэл, мэдээлэлд ойр байдлаа ашиглан бага хувийн хүүтэй зээл аваад, өндөр хүүтэй зээл олгосон байж болзошгүй гэх найман үйлдлийн цаана хэн байгаа вэ? АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн шалгалтын хүрээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий үйлдэлд хэд хэдэн УИХ-ын гишүүнийг холбогдуулан шалгажээ.

Бидэнд олдсон мэдээллээр, мөрдөн шалгалтын явцад дээрх найман үйлдэлд УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан, Х.Нямбаатар, Ж.Батзандан, М.Оюунчимэг, Н.Учрал нарыг шалгагдаж байсан гэх мэдээлэл байна.

Харин хуулийн байгууллага албан ёсоор ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой нэрсийг одоо болтол зарлаагүй байгаа. УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан нарын хувьд прокурорын газраас гишүүнээс нь түдгэлзүүлэх санал хүртэл ирүүлж байсан гэдгийг санаж байгаа биз ээ.

  • УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” ХК-д 950 сая төгрөгийн зээл авсан. Түүний 100 хувь эзэмшдэг тус компанийн нэр дээр зээл авсан ч түүний эхнэрийн дансаар орж, банкинд хүүлэгдсэн гэх мэдээлэл гарсан билээ.
  • УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд “Сапфир стоун” ХХК Мянганбаярын Бат гэх хүний мэдэлд байдаг аж. Мөн тус компанийн үйл ажиллагаа, хөрөнгө орлогын талаарх мэдээлэл тун бүрхэг бөгөөд зээл авах хүртлээ ямар үйл ажиллагаа явуулж ирсэн нь тодорхойгүй байгаа юм.
  • УИХ-ын гишүүн Л.Энхболд  “Хасговь транс” хувьцаат компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан. Зээл авсан үйлдэл нь олон удаагийнх бөгөөд ХОМ-тээ мэдээлснээр, “Ирээдүй инвест” банк бус санхүүгийн байгууллагын тодорхой хувийг эзэмшдэг юм.
  • УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Доктор мэйк” ХХК-д 800 сая төгрөг зээлсэн. УИХ-ын гишүүн Б.Ундармаа ХОМ-тээ мэдүүлсэн “Капитал премиум" банк бус санхүүгийн байгууллагын 100 хувийг эзэмшдэг бөгөөд түүгээрээ мөнгө “угаасан” байж болзошгүй гэж шалгагдсан.
  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хүнс сервис”-д ХХК 500 сая төгрөгийн зээл авсан бөгөөд 200 сая төгрөгийг нь эхнэрийнхээ дансанд оруулж, тэр нь банкинд хүүлэгдсэн гэдэг.
  • УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд түүний аавынх нь эзэмшдэг “Хүннү” ХХК 950 сая төгрөгийн зээл авсан. “Хүннү” групп 2014 оноос “Нью Хүннү Финанс” банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж эхэлсэн байна.
  • УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Өгөөдэй ази” ХХК, иргэн Пүрэвсүрэн нарт зээл авч өгсөн. Тэрбээр "Өгөөдэй Ази" ХХК-д ЖДҮХС-гаас зээл авахад нь өөрийнхөө орон сууцыг барьцаа болгохыг зөвшөөрч, итгэмжлэл олгосон гэх.
  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хувьд ЖДҮХС-гаас зээл авч өгсөн компаниасаа 120 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй, мөн зээл авч өгсөн компани нь мөнгө угаасан байж болзошгүй гэсэн албан бус мэдээлэл байгаа юм.

Б.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж