"Уран бүтээлч хүн эрэл хайгуул хийхгүй л бол хөгширдөг" | News.MN

"Уран бүтээлч хүн эрэл хайгуул хийхгүй л бол хөгширдөг"

"Уран бүтээлч хүн эрэл хайгуул хийхгүй л бол хөгширдөг"

Монголын дүрслэх урлагт өөр өөрсдийн уран бүтээлээрээ үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяат зураачид хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэлээ. “Монгол” арт галерейд “Хөх тэнгэр” нэртэйгээр өчигдрөөс /2019.08.09/ үзэгчдийн хүртээл болсон тус үзэсгэлэнд нэрт зураач Ц.Бүдбазар, Г.Дунбүрээ, Ц.Бизьяа,  Н.Адъяабазар, Д.Гунгаа, Г.Цогбаяр, Н.Орхон, Ц.Байды нарын 18 уран бүтээлчийн 100 орчим үнэт бүтээл үзэсгэлэнд дэлгэгджээ.

Үзэсгэлэнд уран зураг, зураасан зураг, монгол зураг, уран баримал, сийлбэр гээд мэлмийг баясгаж, оюуны цангааг тайлах олон сайхан бүтээлийг сонирхож, уран бүтээлч бүрийн дотоод мөн чанар, өөрийн гэсэн онцлогийг мэдэрч болох юм.  Тухайлбал, Н.Адъяабазар зураачийн “Хос заяа”, “Гималайн салбар уулс”, “Эсгий туургатан”,  зэрэг бүтээл маш өнгөлөг атлаа гүн утга агуулгыг илэрхийлнэ. Харин Г.Дунбүрээ зураач амьдралд огт байхгүй хийсвэр зүйлсийг оршин буй мэтээр дүрсэлдэг нь түүний онцлог. Ингээд үзэсгэлэнгийн тухай гавьяат зураачидтай цөөн хором ярилцаж, тэдний сэтгэгдлийг сонсов.

ЗУУ  ГАРУЙ БҮТЭЭЛЭЭС ӨӨРИЙН ХАЙРТАЙ ДӨРВӨН БҮТЭЭЛЭЭ ҮЗЭСГЭЛЭНД ДЭЛГЭЛЭЭ 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт зураач, Монгол Улсын гавьяат багш Ч.БИЗЬЯА:

-Гавьяат зураачидтай хамтран анх удаа үзэсгэлэнд оролцож байна. Үзэсгэлэнд миний дөрвөн бүтээл бий. Урын санд маань 100 гаруй бүтээл бий. Эдгээрээс өөрийн хайртай гэсэн дөрвөн бүтээлээ үзэсгэлэнд дэлгэлээ. Жишээ нь, Сонгинохайрханы зураг. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд лам нарыг энэ хайрханд цаазалж байсан гэдэг. Дараа нь энэ хайрхныг лам нар тахиж шүтсэн. Одоо бол Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан гээд нийслэлийг хүрээлсэн дөрвөн хайрхны нэг. Сонгинохайрхан бол их оргил хайрхан юм даа. Энэ утгаараа би сонгины амралтад амрах үедээ зурсан юм. Ер нь би байгалийн зураг зурдаг ч харсан бүхнээ зурдаггүй, сэтгэлд зураг болж буусан байгаль, орчныг нь л зурдаг.

МИНИЙ БҮТЭЭЛҮҮД ИХ ӨНГӨЛӨГ

Урлагийн гавъяат зүтгэлтэн, зураач  Н.АДЪЯАБАЗАР: 

-Юуны өмнө  “Монгол” арт галерейн хамт олонд талархал илэрхийлье. Би 10 гаруй бүтээлээ үзэсгэлэнд дэлгээд байна. Хүн өнгөнд их татагддаг. Миний зургууд бол маш өнгөлөг.  Тухайлбал, “Хос заяа” бол өнгөц харахад хос цэцэг боловч цаана нь хүний амьдралыг өгүүлж буй. Хослон жаргахын ерөөлийг бэлгэдэж, хайрын өнгө ягаан цагаан, улаан өнгө багтаасан.

ХОЁР, ГУРВАН УДАА СКИЗ ГАРГАСНЫ ҮР ДҮНД ШИНЭ БҮТЭЭЛ ТӨРДӨГ

Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.ГУНГАА: 

-Зураасан зураг бол хар цагаанаар бүтсэн, материал дээр буулгадаг. Үзэсгэлэнд дэлгээд буй "Эртний сайхан" зураг бол дууны үгнээс эхтэй. Ерөнхийдөөхоёр, гурван удаа скиз гаргасны эцэст шинэ бүтээл төрдөг. Үзэсгэлэн маш сайхан болж байна. Зураасан зураг бол надад маш сонирхолтой  санагддаг. Социализм, зах зээлийн үед ч би олон улсын үзэсгэлэнд оролцож байлаа.

ДҮРСЛЭХ УРЛАГТ ОГТ ЮМ ХИЙДЭГГҮЙ, ЭРЭЛ ХАЙГУУЛ ХИЙДЭГГҮЙ ХҮН БОЛ ХӨГШИН ГЭСЭН ҮГ

Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, зураач Ц.ЭРДЭНЭЦОГ: 

Манай үндэсний дүрслэх урлаг, зураасан зургийн томоохон төлөөллүүд өнөөдрийн үзэсгэлэнд бүтээлээ дэлгэж байна. Уран бүтээлчдийн эл үзэсгэлэн бол шинэ зууны өнөөгийн Монгол Улсын нийгэмд өөрийн орон зайг эзэлж буй. Гавьяат зураачид хамтран уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж байгаад маш баяртай байна, их сайхан байна. Дүрслэх урлагт огт юм хийдэггүй, эрэл хайгуул хийдэггүй хүн бол хөгшин гэсэн үг. Үргэлж шинэ зүйл эрэлхийлдэг, шинэ бүтээл хийдэг хүн уран бүтээлчийнхээ хувьд залуу л гэсэн үг. Иймд би өнөөдрийн үзэсгэлэнг ахмад зураачдын үзэсгэлэн гэж хэлмээргүй байна. Нэрт зураачдын үзэсгэлэн гэвэл илүү тохирох болов уу.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-10 182.160.33.145

uran byteel hiihgyi bol hogshirdog gej shal hudlaa.

Avatar

Зочин 2019-08-10 182.160.0.29

Сэтгэл нь хөгширөхгүй гэсэн утгатай болохоос бие организм архи уугаад арчаагүй явбал тартагтаа тултал хөгширнө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж