Ирэх долоо хоногийн даваа гаригаас УИХ Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёр, гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.
УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан Ерөнхийлөгчөөс ирүүлсэн санал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын боловсруулсан төсөл зэргийг хамтатган хэлэлцээд зарим шийдэлд хүрчээ. Энэ тухай мэдээллийг хүргэе.
Ерөнхийлөгчийн санал дэмжигдэв
Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэх эсэх асуудлын тухайд УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж тусгагдсан бол Ерөнхийлөгч өргөн барьсан төсөлдөө “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч үл болно” гэж тусгасан байсан юм.
Ажлын хэсэг дээрх саналыг “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд УИХ-ын гишүүн байж үл болно” гэж өөрчлөн томьёолсон нь дэмжигджээ.
УДШ-ийн шүүгчийг 12 жилээр томилох санал хасагдав
УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан Улсын дээд шүүхийн шүүгчдийн тоо, мөн Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч түүнийг нь батламжлахтай холбоотой Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 51.1, 51.2 дахь хэсгийг хасахаар Ерөнхийлөгчөөс гаргасан саналыг зөвшилцлийн Ажлын хэсэг хүлээн авахаар тогтжээ. Мөн бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор гишүүдийн санаачилсан төсөлд тусгасныг хасах тухай Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авсан байна.
Гишүүдийн санаачилсанд төсөлд тусгагдсан шүүгчдэд тавигдах болзол, шалгуурын талаарх заалтыг хасахыг Ерөнхийлөгч санал болгосон хэдий ч ажлын дэд хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх үед иргэдийн олонх нь дэмжсэн санал өгсөн болон бусад судалгаа тооцоонд үндэслэн төслийн 51.3 дахь хэсэг буюу бүх шатны шүүхийн шүүгчдэд тавигдах шалгуурыг “Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг томилно” гэж өөрчлөн томьёолжээ. Ингэснээр гишүүдээс өргөн баригдсан төсөлд Улсын дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор тусгасан байсныг хасаж, харин шүүгчид тавигдах шалгуурт оруулж буй өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж байгаа төсөлд заасан хэвээр нь үлдээсэн байна.
ТНБ-ийн даргыг 10 жилээр томилохыг дэмжсэнгүй
Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 46.4 дэх хэсгийн төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, хараат бус байдалтай холбоотой зохицуулалтад Ерөнхийлөгчийн зүгээс төрийн жинхэнэ албан хаагч яамны Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажиллах эрхтэй бөгөөд шатлан дэвших, чадахуйн зарчимд үндэслэсэн сонгон шалгаруулалтын болзол хангасан Монгол Улсын иргэн Төрийн нарийн бичгийн даргад чөлөөтэй өрсөлдөх, Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилохоор тусгасныг зөвшилцлийн Ажлын хэсгийн саналын дагуу хассан байна.
Ажлын хэсэг дээрх саналуудаа зөвшилцөх ажлын хэсэг хүргүүлж, улмаар УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын зөвлөл, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдсэнээр чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх юм.
Холбоотой мэдээ