Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу долдугаар сарын 10-нд УИХ-ын хаврын чуулганыг өндөрлүүлсэн билээ. Дөрөвдүгээр сарын 6-нд нээлтээ хийж, ажлаа эхлүүлж байсан УИХ энэ хугацаанд нэгдсэн хуралдааныг 33 удаа, Байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 196 удаа хийж, бие даасан хууль 20, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 64, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 16, хууль, хуулийн хэсэг, зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 18, Улсын Их Хурлын тогтоол 32, Байнгын хорооны тогтоол 93-ыг тус тус хэлэлцэж баталжээ. Гэхдээ зорилго болгон тавьсан Тавантолгойн гэрээний төсөл, Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж чадаагүй юм. Хаврын чуулганыг хэрхэн дүгнэж байгаа талаар УИХ-ын гишүүдээс байр суурийг нь сонирхлоо.
“Нийгмийн асуудлыг шийдвэрлэх чухал хууль баталсан”
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: УИХ нийгмийн асуудлыг шийдвэрлэх чухал хуулиудыг баталсан. Тухайлбал, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль нийгмийн том проблемыг шийдэж өгнө. Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 250 мянга гаруй хүүхэд бий. Тэдний 50 мянга нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй, хууль батлагдсанаар эл асуудлыг шийдэх боломжтой болж байгаа.
Мөн ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хариуцлагын заалтыг чангаруулж өгсөн. Авто машины осолд ихэвчлэн бага насны хүүхдүүд өртдөг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явснаас эрдэнэт хүний амь насыг эрсдүүлж, өөрөө хэрэгтэн болдог. Тийм учраас эмэгтэй гишүүд хариуцлагын заалтыг чангаруулах шаардлагатай гэж үзэн, нэлээд шахалт үзүүлж, хууль батлагдсан.
Баялаг бүтээгчдийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үйлдвэржилтийн тухай хуулиудыг баталсан.
Аж үйлдвэрийн бодлого нь Монгол Улс үйлдвэрлэгч орон болж өөрчлөгдөх тэрхүү үзэл баримтлалыг суулгаж өгсөн. Монголын эдийн засаг өнөөдөр уул уурхайн салбараас хэт хамааралтай болсон. Дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ унахад Монголын эдийн засаг савлаж, валютын хомсдол үүсч, төгрөгийн ханшийг сулруулдаг, бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байгаа. Хэрвээ монголчууд баялгаа түүхийгээр нь бус нэмүү өртөг шингээж экспортолдог болчихвол энэ бүх проблем багасна. Тийм учраас Аж үйлдвэрийн бодлого маш чухал. Дээр нь Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан нь ач холбогдолтой. Үндэсний үйлдвэрүүдээ хөл дээр нь босгоход асар их үүрэг гүйцэтгэнэ. Тендэр зарлагдахад үндэсний компаниуд ялж чаддаггүй, тэгвэл энэ хуулийн хүрээнд үндэсний компани оролцох давуу эрхтэй байна.
Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ 30 хүртэл хувийг гадаад руу экспортолдог бол зээлийнх нь зөрүүний тодорхой хувийг Үйлдвэрлэлийг дэмжих сангаас гаргах зохицуулалт энэ хуульд туссан.
Олон жилийн турш дотооддоо тарьсан хүнсний ногоог импортын ногооноос хэрхэн хамгаалах вэ гэдгийг ярьж ирсэн. Мөн энэ зохицуулалтыг Засгийн газар хийх боломжтой байхаар хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, дотоодынхоо хүнсний ногоогоор хэрэгцээгээ бүрэн хангаж байгаа үед импортын ижил төрлийн бараанд ногдуулах татварыг өсгөөд, хомсдол бий болсон нөхцөлд татвараа бууруулаад явж болох зохицуулалтыг Засгийн газар хийх боломжтой болсон гээд яривал олон чухал хуулиудыг хаврын чуулганы хугацаанд баталсан байгаа.
“АН, МАН эвтэй байсан бол илүү олон ажил нугалах байсан”
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт: УИХ хаврын чуулганы хугацаанд Сонгуулийн нэгдсэн хуулийг баталж, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах зорилго тавьсан. Хуулийн салбарт хийх шинэчлэлийн хүрээнд томоохон төслүүдийг хэлэлцсэн учраас цаг хугацааны хувьд боломжгүй байсан.
Нөгөө талдаа АН, МАН хоёр эвтэй байсан бол илүү олон ажлыг нугалах байсан болов уу. УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо нь хаврын чуулганы хугацаанд 25 асуудал хэлэлцэн, энэ хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 3 хууль, 1 тогтоолын төсөл хэлэлцүүлэгт бэлтгэн батлуулсан.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого болон Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг батлан гаргасан нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой ажил болсон.
“Ачаалалттай ажилласан”
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат: Хаврын чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо нь 64 асуудал хэлэлцэж, бие даасан хууль 6, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд 19, УИХ-ын тогтоолын төсөл 13-ыг батлуулсан. Мөн нэр бүхий долоон хуулийг хүчингүй болгуулсан. Асар их ачаалалттай ажилласан. Зарим өдөр Хууль зүйн байнгын хороо 12 цагаар хуралдаж байсан.
Хаврын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаар 10-аас доош настай хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 1 сая төгрөгөөр торгох, дахин давтан согтуу жолоо баривал Эрүүгийн хэрэгт татах гээд хариуцлагыг чангатгасан хууль батлагдсан.
Хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийг баталснаар иргэд техник, тоног төхөөрөмжөө барьцаалах боломж бүрдсэн.
Шүүх байгуулах тухай хуулийг баталснаар Давж заалдах шатны шүүхүүд сард хоёр удаа аймаг бүрт очиж үйлчлэх боломжтой болж байгаа. Энэ мэтчлэн яривал УИХ-ын хаврын чуулганаар ард иргэдэд хамаатай олон чухал хуулиуд батлагдсан.
Дээр нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиудыг УИХ-аар батлуулахад бэлэн болгож бэлтгэсэн.
Эдгээр хуулиуд батлагдсан нөхцөлд хэрэг үйлдсэн болгоныг барьж хорих бус зорчих эрхийг нь хязгаарлах, торгох зэргээр арга хэмжээ авна. Мөн хийсэн гэмт хэрэгтээ дүйцсэн ял ногдуулах нарийн зохицуулалт туссан хуулийн төсөл батлагдахад бэлэн болсон гэдгийг хэлье.
“Бодлогын шинжтэй хуулиудыг баталж чадсангүй”
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү: УИХ-ын хаврын чуулганыг хоёр чиглэлээр авч үзэж байгаа. УИХ-ын гишүүнийхээ хувьд, мөн байнгын хорооны даргын хувиар.
УИХ-аар бодлогын шинжтэй хуулиудыг хараахан баталж чадсангүй. Эрүүгийн хууль, Өршөөлийн хуулийг баталсан бол маш чухал байсан. УИХ-ын даргын зүгээс ээлжит бус чуулган зарлаж, зарим хуулийг батална гэсэн, хүлээж л таарч байгаа.
Өргөдлийн байнгын хорооны хувьд хаврын чуулганы хугацаанд зургаан тогтоол, гурван хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгсөн. Тухайлбал, Монгол Улсын иргэдэд олгосон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдан хүсэлт гаргасан боловч төлбөр төлөгдөөгүй буюу хишиг хувь хүртээгүй иргэдийн хувьцааг буцаан эзэмшүүлэх, хөрөнгийн болон хувьцааны бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн цэгцэлж, нийт хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн хувьцааг баталгаажуулах арга хэмжээ авах. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг Тавантолгой ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгайлан бүлэг болгон тусгах чиглэлийг Байнгын хорооны 05 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн.
Засгийн газраас ашигт малтмалын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн зарим сумдын нутагт 263730 га газрыг зам гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барихаар улсын тусгай хэрэгцээнд авсан 2011 оны зургадугаар сарын 8-ний өдрийн 175 дугаар тогтоол нь Газрын тухай, Ашигт малтмалын тухай хуульд нийцэхгүй байх тул уг тогтоолыг хуульд нийцүүлэн өөрчлөх, эсхүл хүчингүй болгохыг Байнгын хорооны 06 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл болгосон. Дээр нь дунд сургуулиудын газрыг баталгаажуулах ажил одоо ид хийгдэж байна.
Мөн бид Дорнод, Өмнөговь, Замын-үүд, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгуудад ажилласан. Их л завгүй байж хаврын чуулганыг өндөрлүүлсэн дээ.
Хаврын ээлжит чуулганы хугацаанд иргэдээс 650 өргөдөл хүлээн авснаас 124 нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарах асуудал байсан. Эдгээр өргөдлөөс 304 хүсэлтийн хариуг өгч, 176 хүсэлтийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн.
“Гол хуулиа хэлэлцсэн”
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: Хаврын чуулган гол хуулиа хэлэлцсэн гэж үзэж байна. Гэхдээ хэд хэдэн хууль үлдлээ. Эдгээрийг ирэх наймдугаар сарын 3-ны ээлжит бус чуулганаар хэлэлцэе гэсэн шийдвэр гарч байна. Ерөнхийдөө бол УИХ-ын чуулган хэвийн үргэлжилсэн. Хэлэлцэж буй асуудлуудтай холбоотойгоор намын бүлгүүд тодорхой хугацаанд завсарлага авч байсан. Ойлголцох шатанд ажил хойшилж байсан тохиолдлууд бий. Гэхдээ энэ нь болдог л процесс.
Засгийн газар Тавантолгойн асуудлыг дахин өргөн барих ёстой. Тэгэхээр Засгийн газар хэзээ өргөн барихаас асуудал шалтгаална. Ер нь бол маш богино хугацаанд Тавантолгойн асуудлыг ярих бололцоогүй юм. Тиймээс энэ удаагийн чуулганаас буцсан гэсэн үг. Хэрэв Засгийн газар гэрээний төслийг өргөн баривал намрын чуулганаар асуудлыг ярих нь тодорхой.
“Үр дүнтэй ажилласан”
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Хаврын чуулганаар үр дүнтэй ажилласан. Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал сайн биш байгаа. Тийм учраас УИХ хаврын чуулганы хугацаанд шаардлагатай хууль тогтоомжийг батлахын төлөө ажилласан.
Онцолбол, НӨАТ-ын тухай хууль байна. Татвар төлөхөөс чөлөөлөгдөх босгыг 10 сая төгрөг байсныг 50 сая төгрөг болгож өөрчиллөө. Мөн худалдан авагч нарт НӨАТ-ын 10 хувийнх нь 2 хувийг буцаан олгохоор хуулинд тусгасан. Энэ нь худалдаа бизнесийнхнийг дэмжсэн томоохон хууль болж чадсан. Мөн Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль бол яах аргагүй баялаг бүтээгчдэд, тэр дундаа Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн, хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг дэмжсэн хууль болж чадсан. Үүний зэрэгцээ улс төр, нийгмийн хүрээнд Сонгуулийн нэгдсэн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хуулийг батлахаар төлөвлөж байсан ч ажлын хэсэг хуулиа өргөн барьж амжаагүйгээс хэлэлцэж чадсангүй. Бүхэлд нэгтгээд дүгнэх юм бол тодорхой гарсан үр дүн бий.
Г.ДАРЬ