О.Баасанхүү: Б.Батзориг намын даалгавар л биелүүлсэн

Хуучирсан мэдээ: 2019.08.10-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү: Б.Батзориг намын даалгавар л биелүүлсэн

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт хийсэн ярилцлагуудаа багцлан хүргэж байна.


УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн байгууллагын удирдлагад ЖДҮХС-аас зээл авсан гишүүдтэй холбоотой хэргийн мөрдөн шалгалтын ажил ямар шатандаа яваа талаар мэдээлэл ирүүлэх хүсэлт илгээжээ. Харин хуулийн байгууллагаас энэ хэрэгтэй холбоотой хариу ирсэн байна. Энэ талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

О.Баасанхүү: ЖДҮХС-аас авсан зээлийн 2,3 тэрбум олдохгүй байна

-Ерөнхий прокурор, АТГ-ын удирдлагуудад ямар хүсэлт гаргаж, ямар хариу ирэв. Та олон нийтийн сүлжээнд бас тодорхой байр сууриа илэрхийлсэн байна лээ?

-Миний бие 2019 оны долдугаар сарын 24-ний өдөр Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарт хаягласан албан бичиг хүргүүлж, хуулийн байгууллагын удирдлага томилогдоод удаагүй ч шалгагдаж байгаа ЖДҮХС-аас зээл авсан хэргийг хурдан шийдвэрлэх,  хэргийн явц ямар байгаа талаар мэдээлэл ирүүлэхийг хүссэн хүсэлтийн хариуг наймдугаар сарын 1-ний өдөр ирүүлсэн. Хоёр байгууллагаас ирүүлсэн бичгийн утга ер нь бол ойролцоо. ЖДҮХС-тай холбоотой нийт 114 хэрэгт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд 2016 оноос өмнөхийг ЦЕГ, 2016 оноос хойших асуудлыг АТГ, ЦЕГ хамтран ажлын хэсэг байгуулж шалгасан байсан. Шалгалтын хүрээнд 38,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан байсан нь тогтоогдсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, тодорхой төсөл боловсруулж, хийнэ гэж зээл авсан ч зориулалтын бусаар ашигласан байгаа юм.

Дэлгэрэнгүй ярилцлагыг https://news.mn/r/2176833/ линкээр орж унших боломжтой.

ЗҮРХЭНД ТӨХӨӨРӨМЖ СУУЛГАХ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

Зүрхний булчингийн сулрал, зүрхний архаг дутагдал оноштой хүнд өвчнөөр шаналж буй 18-хан настай хүүгийн зүрхэнд зүрхний агшилт дэмжигч төхөөрөмж суулгах мэс засал эмчилгээг долдугаар сарын 29-нд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрхний хэм судлалын баг, зүрхний дутагдлын баг ба Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн эмч нар хамтран амжилттай хийсэн байдаг. Мэс заслын багт ажилласан Зүрхний хэм судлалын багийн ахлагч Х.Мөнгөн-Өлзийтэй ярилцлаа.

– Монголд анх удаа 18 настай хүүгийн зүрхэнд аппарат суулгах мэс заслыг амжилттай хийсэн гэж сонслоо. Хүүгийн зүрхний ажиллагаа 40-50 насанд тохиолддог өвчтөнүүдийнхээс ч маш бага үзүүлэлттэй байсан гэсэн. Мэс засал эмчилгээний талаар ярихгүй юу?

-Зүрхний булчингийн агшилт алдагдсан буюу зүрхний архаг дутагдлын үед эмийн эмчилгээний зэрэгцээ зүрхний агшилт дэмжигч төрөөрөмжийг зүрхэнд нь суулгах мэс засал хийдэг юм. Яг ийм оноштой М.Мөнх-Очир хүүгийн зүрхэнд тус төхөөрөмжийг суулгах мэс засал эмчилгээг долдугаар сарын 29-нд амжилттай хийлээ. Энэ мэс засал нь Монгол Улсад хийсэн дөрөв дэх тохиолдол болж байна. Харьцангуй залуу буюу 18 настай, мөн зүрхний агшилт маш хүнд зэргээр буурсан гэдгээрээ бусад тохиолдлуудаасаа өөр байлаа. Зүрхний архаг дутагдал гэдэг өвчин ихэвчлэн өндөр настай хүмүүс буюу 40-70 насныханд илэрдэг. Өмнө нь энэ хагалгааг хийсэн гурван тохиолдол нь 40-60 насны хүмүүс байсан юм.

Хүүгийн биеийн байдал нэлээд хүнд, тогтворгүй байсан учраас эрсдэл өндөртэй мэс засал болсон. Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний хэм алдагдлын баг, зүрхний дутагдлын баг, Эрчимт эмчилгээний багийнхан хамтарч ажилласан. Хүүхдийг мэс засал эмчилгээнээс өмнө Эрчимт эмчилгээний тасагт хяналтад байлган, эмчилгээ хийж тогтворжуулсны дараагаар мэс засалд бэлтгэн оруулсан. Мэс заслын үеэр ямар нэгэн хүндрэл гараагүй, амжилттай хийгдсэн. Залуу хүн гэдэг утгаараа илүү үр дүнг энэ эмчилгээнээс хүлээж байгаа.

Дэлгэрэнгүй ярилцлагыг https://news.mn/r/2177227/ линкээр орж унших боломжтой.

Х.ОТГОНЧИМЭГ: ӨӨРТӨӨ ЗОРИУЛСАН ДУУГ ДУУЛМААР БАЙНА

“Альтернатив” Отгоо нэрээрээ олонд танигдсан дуучин Х.Отгончимэгтэй ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн хугацаанд дөрвөн хүүхдийн ээж болоод уран бүтээлээ түр завсарлаад байсан билээ. Дуучин бүсгүй олон жилийн дараа уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ. Уулзаж ярилцах үеэр шинэхэн пянз гарган, бүр тоглолт хийхээр төлөвлөж байгаагаа дуулгасан юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

Юуны өмнө цаг зав гарган бидэнтэй ярилцаж байгаад баярлалаа. Олон жилийн дараа уран бүтээлдээ эргэн орж байгаад тань баяр хүргэе?

-Баярлалаа. Би хамгийн сүүлд 2008 онд өөрийн бие даасан тоглолтоо хийснээсээ хойш гэр бүлийн амьдралдаа анхаарч, чимээгүй байлаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд ганц нэг дуугаа дуулж, 2014 онд өөрийн гурав дахь “Chillout” цомгоо гаргасан. Гэхдээ гэр бүлийнхэндээ илүү цаг зарцуулахын хажуугаар уран бүтээлээ хийж байсан учраас тодорхой хэмжээний мэддэг хүмүүст маань хүрсэн болов уу. Харин энэ удаа уран бүтээлийнхээ ажилд илүү шаргуу орж байна.

-Уран бүтээлдээ эргэн ирэхдээ өөрийн зохиосон цоо шинэ дуунуудаараа пянз гаргасан байна. Пянз гаргах санааг анх хэн гаргав?

-Монголын хөгжмийн ертөнцөд пянзны хөгжил тодорхой түвшингээр ахисан байна. Хуучин нийгмийн үед “Соёл Эрдэнэ”, “Баян Монгол” чуулгаас авахуулаад мэр сэр гоё пянз гаргадаг байсан. Орчин цагт энэ сэргэж, олон уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээ пянзан дээрээс сонсож, мэдрэхийг хүсдэг болсон байна. Тэрийг дагаад надад бас өөрийн бие даасан уран бүтээлийн пянз гаргах боломж олдлоо. Энэ санааг анх “Лемонс” хамтлагийн найз нар маань гаргаж, миний хувьд өөрийн зохиосон уран бүтээлээрээ пянз гаргахаар шийдсэн юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас ярьсан ажил маань хоёрдугаар сараас ажил хэрэг болж эхэлсэн. Гэтэл өнөөдөр шинэхэн пянзаа гар дээрээ барьчихсан сууж байна. Сэтгэгдэл маш сайхан байна. Энэ пянз маань миний уран бүтээлийн дөрөв дэх цомог болж байгаа. Гэхдээ пянз гэдэг утгаараа анхных болоод нэлээд дурсгалтай цаг мөч юм уу даа.

Дэлгэрэнгүй ярилцлагыг https://news.mn/r/2177682/ линкээр орж унших боломжтой.

ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ АШИГЛАВАЛ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗОРЧИНО

Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Г.Саруулаас удахгүй хэрэгжиж эхлэх авто замын түгжрэлийг сааруулах бүсийн зохицуулалтын талаар зарим зүйлийг тодрууллаа.

“Төлбөртэй зогсоол ашиглавал хөнгөлөлттэй зорчино”

-Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэрэгжүүлэх гэж буй шинэ зохицуулалтаар татвараа төлөөгүй, торгуультай, өнгө үзэмжгүй автомашин замын “А”, “В” бүсчлэлд нэвтрэхгүй. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн ачаалал эрс нэмэгдэнэ гэж харж байна. Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах тал дээр ямар ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна вэ?

-Сүүлийн дөрвөн жилийн байдлаар жолооч нарт 4.5 сая ширхэг торгуулийн тохиолдол бүртгэгдсэнээс 2.6 сая нь огт төлөгдөөгүй байна. Үүнээс 10 ба түүнээс дээш торгуультай 63.609 жолооч замын хөдөлгөөнд оролцоод явж байна. Энэ нь зөрчил гаргасан ч гэсэн хариуцлагаа хүлээхгүйгээр хөдөлгөөнд оролцдог, цаашлаад осол зөрчил гарах дасал болж байгааг ойлгох хэрэгтэй.

Хотын замын бүсчлэл хэрэгжсэнээр “А”, “В” бүсэд нэвтэрч чадахгүй автомашинууд гарч ирнэ. Эдгээр иргэдийг хэрхэн “А”, “В” бүсэд хэвийн зорчуулах вэ гэхээр “В” бүсийн гадна томоохон багтаамжийн авто зогсоол байгуулна. Тухайн өдрийн гаригийн хязгаарлалтад орсон жолооч нар тэр зогсоолд машинаа байрлуулж, нийтийн тээврээр үйлчлүүлэн хотын төв рүү нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Нийтийн тээврийн үнийн хувьд төлбөргүй буюу хөнгөлөлттэйгээр зорчих гэсэн төлбөрийн хэлбэрээр зохицуулах төлөвлөгөөтэй байна.

Дэлгэрэнгүй ярилцлагыг https://news.mn/r/2176808/ линкээр орж унших боломжтой.

“ДЭЛХИЙН ТАЛЫГ ЭЗЭЛСЭН МОНГОЛ МОРИНЫ ГАЙХАМШГИЙГ МЭДЭРЛЭЭ”

Амралт, чөлөөт цагаа залуус хэрхэн өнгөрүүлж байна вэ. Энэ асуултад хариулт авахаар залуусын төлөөлөл болох энгийн нэгэн төрийн албан хаагчтай уулзлаа. Түүнийг Гантулгын Одонтуяа гэдэг. Тэрбээр амьдралын эрүүл, идэвхтэй хэв маягийг чухалчилдаг нэгэн. Тэр зуны амралтаа илүү үр дүнтэй, дурсамжтай өнгөрөөхийг зорьсон байна.

Дэлхийн талыг эзэлсэн Монгол морины гайхамшгийг мэдэрлээ

-Саяхан “Хагийн хар нуур” луу морин аялал хийгээд ирсэн гэж сонслоо. Амралтын сонин хачнаасаа хуваалцахгүй юу?

-Миний хувьд энэ аяллыг хоёр жил хүсч, мөрөөдсөн. Энэ жил мөрөөдлөө биелүүллээ. Төв аймгийн нутагт орших үзэсгэлэнт сайхан байгальтай “Хагийн хар нуур” луу морин аялагчдын клубын залуустайгаа яваад ирлээ. Тэр бүр машин хүрч чаддаггүй учраас маш онгон дагшин байгальтай газар. Тийш нь зөвхөн мориор очих боломжтой учир адал явдалд /экстрим аялал/  дурлагчдын хувьд их сонирхолтой аялал болдог. Миний хувьд анх удаа олон цагаар морьж унаж, багагүй бартаат замыг туулж, нэг ёсондоо өөрийгөө хэр тэвчээртэй вэ гэдгийг сорьсон гэж болно. Биднийг аялах үеэр их бороотой байсан учраас аялал маань илүү адал явдалтай байлаа. Газар нойтон шалбааг их, намагтай, дээр нь маш өндөр давааг давдаг. Замын бараг 30-40 хувь нь намаг байсан. Энэ бүхнийг жинхэнэ Монгол морины хүчээр даван туулсан. Намаг руу ороод морьтойгоо доошоо шигдсэн л дээ. Арын хоёр хөл нь суугаад хондлойгоор намгийн шавар халиад гараад ирчихсэн. Би ч дотроо за ингээд бүх юм өнгөрлөө л гэж бодсон. Гэр бүл, үр хүүхэд нүдэнд үзэгдээд л их айсан. Тэгээд мориныхоо амыг сул тавиад, ярилцаж эхэлсэн. Чи ухаантай, хүчтэй шүү алив гараарай гээд л. Тэгсэн морь маань зүтгэсээр байгаад гараад ирж байгаа юм. Үнэхээр биширсэн. Аргагүй л дэлхийн талыг Чингис хаан мориныхоо хүчээр байлдан дагуулжээ гэж бодогдсон шүү.

Дэлгэрэнгүй ярилцлагыг https://news.mn/r/2177733/ линкээр орж унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж