Наадамчин олон Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт гурван хоног баярладаг байсан бол энэ жил Чингисийн талбайдаа долоо хоног үзэх харах, баясах зүйлтэй наадамлалаа.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Соёл урлагийн газраас төв талбайд томоохон долоон урлагийн арга хэмжээ зохион байгуулж нийслэлчүүдийг соёл урлагийн арга хэмжээгээр жинхэнэ утгаараа бөмбөгдлөө.
Өмнөх жилүүдэд “Дээлтэй монгол наадам”, урлаг соёлын оддын нэг оройны тоглолт төдий үзэж баясдаг байсан бол энэ жил 2000 хүний суудал засч “Best of Classic” хоёр дахь жилдээ эгшиглэн, наадмын хүндэтгэлийн тоглолт, морин хуурын фестиваль, “Талын бүжиг”, рок попын оддын нэгдсэн шоу тоглолт зэрэг олон тоглолт, хөтөлбөрийг үнэ төлбөргүй үзэж сонирхсон юм.
Мөн “Учиртай гурван толгой” дуурийг төв талбайдаа шинэчлэн найруулж, 5000 хүний хүндэтгэлийн суудал засч олны хүртээл болголоо. Урьд өмнө нь зөвхөн тодорхой хүрээнийхэнд зориулагддаг байсан баяр наадмын хүндэтгэлийн концерт энэ жил Чингисийн талбайд иргэдэд нээлттэй болсон.
Энэ үеэр Монголын нэрийг дэлхийд дуурсган байгаа Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Э.Амартүвшин, “Хөсөгтөн” хамтлаг болон Монголын соёл, урлагийн сор болсон бүтээлүүд нэгэн тайзнаа эгшиглэсэн юм. Үзэх харах баясах зүйлтэй наадамласан нийслэлчүүд нийслэлийн удирдлагууд тэр дундаа нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд талархаж байгаагаа илэрхийлж, энэ талаарх сэтгэгдэл цахим сүлжээнээ одоо ч хөвөрч байна.
“Учиртай гурван толгой” үзэгчдийн хүртээл боллоо
"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд анх удаа “Учиртай гурван толгой” дуурийг задгай талбайд тоглож иргэдийн хүртээл болголоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улсын дуу бүжгийн эрдмийн театрын ерөнхий захирал Ч.Мөнхзул нар оролцсон юм.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Нийслэлийн ИТХ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатарыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлалын зангилаа, Монгол туургатны аялал жуулчлалын төв, соёлын олон талт үйлчилгээ бүхий хот болгон хөгжүүлэх зорилгоор “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд анх удаа Монголын үндэсний сонгодог ууган дуурь болох “Учиртай гурван толгой” бүтээлийг Их хотынхоо төв талбайд тоглож, баяр наадмын өмнө нийслэлчүүд Та бүхэндээ толилуулж байгаадаа баяртай байна” гэж дуулгасан.
Үндэсний, ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурь 65 дахь жилдээ үзэгч түмэндээ хүрч байгаа бөгөөд анх 1934 онд драмын жүжиг, 1942 онд хөгжимт жүжиг, 1950 онд дуурь болсноосоо хойш 2415 дахь удаагаа тоглосон юм.
Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, Нансалмаад СТА Ш.Наранчимэг, Хоролмаад МУГЖ С.Мөнгөнцэцэг, Балганд СТА Ж.Бямбажав нар тоглож, симфони найрал хөгжмийг МУГЗ Ж.Бүрэнбэх удирдаж үзэгчдийн хүртээл болголоо.
Урлаг соёлынхон “амьд” тоглолт хийж 20 мянган хүн үзлээ
Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын эхний өдөр буюу энэ сарын 11-ний үдэш монголын рок попын бүх одод Чингисийн талбайд чуулж, наадамчин олонд баярын мэндчилгээг хүргэсэн юм.
Урлагийн тоглолтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх “Манай Улаанбаатар жил ирэх тусам хөгжиж байна. Монгол наадмыг үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирж саатжээ. Энэ өдөр бол монголчууд бид түүх, өвөг дээдсээрээ бахархаж үндэсний соёл, хувцасаараа гоёж дэлхий дахинаа эх орноо сурталчилдаг өдөр юм” гэлээ.
Мөн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатарын үдэш” арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтсон. Энэ жилийн тухайд “Эх орноо магтан дуулъя” сэдвийн дор зохион байгуулагдаж байна” гэсэн юм.
Төв талбайд уран бүтээлээ хүргэх бүх уран бүтээлчид “амьдаар” дуулж, наадамчин олныг хүндэтгэж байгаа тухай НИТХ-ын дарга Д.Баттулга онцолж байлаа.
“Эх орноо магтан дуулъя” бүх оддын нэгдсэн тоглолтод оролцох уран бүтээлч, хамтлаг, дуучдыг сонгон шалгаруулахдаа твиттер, фэйсбүүк гээд сошиал ертөнцөөр хамгийн их санал авсан, уран бүтээл нь хамгийн олон давтамжтайгаар сонсогч, иргэдэд хүрсэн уран бүтээлчдийг сонгосон байна.
Тоглолтод “Харанга”, “Камертон”, “Fire”, “Лемонс”, ”Люмино”, “Татар”, Гавьяат жүжигчин, поп дива Б.Сарантуяа, С.Наран, Ж.Алтанцэцэг гээд монголын рок, попын одод нэгэн тайзнаа чуулан талбай дүүрэн үзэгчдийг дөрвөн цагийн турш дуу хуураар хөглөн, үе үеийн хит уран бүтээлээ толилууллаа.
Мөн наадмын өдрүүдэд Чингисийн талбайд монгол туургатны бүжгийн их наадам болох “Талын бүжиг” фестиваль болсон юм.
Арга хэмжээнд Өвөрмонгол, Халимаг, Улаан-Үдэ, Тува зэрэг улсын бүжгийн чуулгын 100 бүжигчин монгол бүжгийн гайхамшгийг гайхуулж олныг бишрүүллээ.
Мөн энэ сарын 13-нд Морин хуурын фестиваль болж, Өвөрмонголын Хөх хотоос “Тахь” чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж манай морин хуурын чуулга, ардын урлагийн шилдэг хамтлагууд хамтран морин хуурыг гайхамшгийг мэдрүүлсэн юм.
Харин долдугаар сарын 14-нд “Swing night” жазз хамтлагийн тоглолт болж, бороон дуслын дунд жазз хөгжмийн аянд нийслэлүүд баярласан юм.
Д.СҮРЭН