Манай уран бүтээлчид Монгол өв соёл, язгуур урлагаа амжилттай сурталчлаад ирлээ

Хуучирсан мэдээ: 2019.08.09-нд нийтлэгдсэн

Манай уран бүтээлчид Монгол өв соёл, язгуур урлагаа амжилттай сурталчлаад ирлээ

Манай уран бүтээлчид Монгол өв соёл, язгуур урлагаа амжилттай сурталчлаад ирлээ

1951 оноос хойш зохиогдож байгаа Дэлхийн язгуур урлагийн их наадам Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ноёштадт Холштайн хотод 07 сарын 26-наас 08 сарын 03-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Дэлхийн 11 орны 14 хамтлаг, 400 гаруй уран бүтээлчид оролцсон тус наадамд манай улс анх удаагаа оролцож этно хамтлагуудын анхдагч болох Бөртэ, бий биелгээн ур чадварыг өндөр түвшинд эзэмшсэн өвлөн уламжлагч Ш.Отгонбаяр, Г.Баяртай, Ё.Юндэндорж нар, биелээч Ц.Наранчимэг, өвлөн уламжлагч П.Болормаа, Монгол улсын үндэсний урлагийн их театрын бүжигчид болох Х.Одхүү, Б.Болор зэрэг уран бүтээлчид эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирлээ.

18 настай залуу бүжигчдээс эхлээд, дунд үеийн хөгжимчид, ахмад үеийн төлөөлөл болсон 83 настай буурай биелгээ юугаа хийж гурван үеэ төлөөлөв. Үзэгчид дан ганц монгол ардын дуу хөгжимд баясахаас гадна монгол ардын бүжиг, бий биелгээ нь үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж, анхаарлын төвд байсан юм. Өдгөө 83 настай Захчины алдарт биелээч Ш.Отгонбаяр тэргүүтэй соёлын биет бус өв тээгчид болох биелээч Ё.Юндэндорж, Г.Баяртай нар Дөрвөд, Торгууд, Баяд биелгээгээ биелэв. Анхны 100 өвлөн уламжлагчдын нэг эдгээр уран бүтээлчид нь ур чадварын өндөр түвшинд эзэмшсэн өвлөн уламжлагчид юм.

Бөртэ хамтлагийн хөөмийн дөрвөн төрлийн аялгуун дээр бүжигчин Х.Одхүү, Б.Болор нар хамтран “Би бие чинь болъё” ардын бүжгээ бүжиж, бүжигчин Х.Одхүү “Жалам хар” бүжгийг этно жазз хөгжмийн шинэ найруулган дээр бүжин сонирхуулж, Б.Болор гоцлон “Аягат”, “Дүүлэн нис”-ийг бүжсэн нь олны таашаалд ихээхэн хүрсэн юм. Өвлөн уламжлагч П.Болормаа аман хуураа тоглон тоглолтыг мөн чимлээ.

Тоглолтын төгсгөлд бүгдээрээ нийлэн Алтайн магтаалд дуугаа дуулж, бүжгээ бүжиж үзэгч олныг гайхан шагшуулав. Хаалтын ажиллагааг 3000 гаруй үзэгчид үзсэн бөгөөд наадмын ерөнхий зохион байгуулагч Барбара Хелбах, Уве Мүхов нар болон хотын дарга Мирко Шпикерман тусгайлан биечлэн ирж манай уран бүтээлчдэд баяр хүргэв. Түүнчлэн Ноёштадт хотын алтан дэвтэрт наадамд оролцсоноо бүртгүүлэн монгол уран бүтээлчид маань түүхэнд үлдлээ.

Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа болон “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ-ын Монгол Улс, ХБНГУ-н хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд санаачлан хэрэгжүүлж буй соёл урлагийн хэд хэдэн төслүүдийн нэг нь Монголын язгуур урлаг, өв соёлыг олон улсад өргөнөөр сурталчлан таниулах зорилготойгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газартай хамтран тус язгуур урлагийн наадмын ерөнхий зохион байгуулагч “Еuropäisches folklore festival Neustadt in Holstein”-тай хамтын ажиллагааны хүрээндээ Монголын язгуур урлагийн шилдэг сор болсон уран бүтээлчдийн гурван үеийн төлөөллийг нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр дэмжин энэхүү нэр хүндтэй наадамд оролцууллаа.

Тус наадамд нийт 400 гаруй олон улсын уран бүтээлчид оролцож, 50.000 гаруй хүмүүс үзэж сонирхжээ. Энэхүү гурван жил тутамд зохион байгуулагддаг нэр хүндтэй наадамд Монгол улс цаашид оролцох ба урт хугацааны албан ёсны хамтын ажиллагаа эхэлснийг дуулгахад таатай байна. Наадмыг дэмжин хамтран ажилласан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Герман дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам болон МИАТ ХК-ний хамт олонд гүн талархал илэрхийлье.

Эх сурвалж: СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж