НОСК-ийн мэргэжилтнүүдэд нөлөөлөхийг оролдож байна

Хуучирсан мэдээ: 2019.08.09-нд нийтлэгдсэн

НОСК-ийн мэргэжилтнүүдэд нөлөөлөхийг оролдож байна

НОСК-ийн мэргэжилтнүүдэд нөлөөлөхийг оролдож байна

"Буянт-ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтын ажилтай холбогдуулан нийслэлийн Орон сууцны корпорациас өнөөдөр /2019.08.09/ Хангарди ордны 14 давхарт байрлах хурлын танхимд мэдээлэл хийлээ.


Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд нийт 35 мянга 58 иргэн бүртгүүлснээс 4700 иргэн энгийн, 30 мянган иргэн нь байраа түрээслээд өмчлөх хэлбэрийг сонгон бүртгүүлжээ. “Анх удаа байраа түрээслээд өмчлөх хэлбэрийн цахим бүртгэлийг явуулсан нь иргэдийн дунд эрэлт ихтэй байгааг харуулж байна. Энэ чиглэл рүү түрээсийн орон сууцыг иргэдэд өмчлүүлбэл агаарын бохирдол бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимтэй зохион байгуулах боломж байгаа нь харагдаж байна” гэдгийг тус корпорацийн захирал Б.Сүхбаатар хэлж байв.

ЗАЛУУ ГЭР БҮЛ АНГИЛЛААС 1356 ИРГЭНИЙ ХҮСЭЛТ ШААРДЛАГА ХАНГААГҮЙ

“Буянт Ухаа-2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтын комисс наймдугаар сарын 8-наас эхлэн хуралдаж, эхний сонгон шалгаруулалтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулжээ. Сонгон шалгаруулалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын төлөөллөөс ажиглагчаар сууж, оролцсон гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Тиймээс түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт хэвлэл мэдээллийн байгууллага болон төрийн бус байгууллагуудад нээлттэй. Хуралдааны үйл явцыг ажиглаж, харах, хянах боломжтой. Гэхдээ гар утсаараа бичлэг хийж, зураг авахыг хориглоно. Учир нь иргэдийн хувь хүний нууцтай холбоотой мэдээлэлтэй танилцаж байгаа учраас гар утсаа унтрааж орохыг албаныхан анхаарууллаа. Мөн нийслэлийн Орон сууцны корпорацийн мэргэжилтнүүд рүү танил талаараа дамжуулан утсаар ярих, мессеж бичих, холбогдох гэж оролдох асуудал гарч байгаа. Сонгон шалгаруулах үйл явцад хэн нэгэнд давуу эрхийг олгох боломжгүй талаар Б.Сүхбаатар дарга яриандаа онцолсон юм.

Жишээлбэл, залуу гэр бүл гэсэн ангиллын байраа түрээслээд өмчлөх хэлбэрт нийт 4082 иргэн бүртгүүлснээс энгийн түрээст 58, түрээслээд өмчлөх дээр бас адилхан 58 байрны квоттой. Үүний түрээслээд өмчлөх хүсэлтэй 4082 иргэдээс 1356 иргэний хүсэлт эхний шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр сонгон шалгаруулалт орох боломжгүй болсон.

Учир нь эдгээр иргэд Улаанбаатар хотод байнга оршин суудаггүй, гэр хороололд инженерийн шугамд холбогдсон өөрийн сууцгүй байх, тогтмол орлоготой, чанаргүй зээлийн түүхгүй байх, өмнө нь түрээсийн орон сууцанд хамрагдаж байгаагүй байх гэсэн нийтлэг үндэслэлүүдийг хангаагүй гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлалаа.

ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН АНГИЛАЛД 12 ЖИЛЭЭС ДЭЭШ НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛСӨН ИРГЭД ТЭНЦСЭН

Нийслэлийн Орон сууцны корпорацийн мэргэжилтнүүд тайлбарлахдаа “Жишээлбэл, залуу гэр бүл гэсэн ангилалд нийгмийн даатгал төлсөн хугацаагаар, гэр хороололд амьдарч буй агаарын чанарын бүсчлэлээр, хүүхдийн тоогоор нь гэх гурван үзүүлэлтээр нь эрэмбэлнэ. Нэг иргэний жишээ авахад 418 гэсэн кодтой, 16 жил нийгмийн даатгал төлсөн, агаарын чанарын нэгдүгээр бүсчлэлд амьдардаг, таван ам бүлтэй, гурван хүүхэдтэй, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд амьдардаг, гэрлэсэн эмэгтэй хамгийн эхэнд тэнцээд байна” гэв. Энэ мэт иргэдээ сонгон шалгаруулсны дараагаар эх материалаа авч ирэхийг шаардах аж. Залуу гэр бүлийн ангилалд л гэхэд 12 жилээс доош нийгмийн даатгал төлсөн иргэд орж чадаагүйг албаныхан хэлсэн юм. Харин энгийн түрээсийн байранд хамрагдах хүсэлтэй 35 наснаас доош залуу гэр бүлийн ангилалд зургаан жилээс дээш нийгмийн даатгал төлсөн хүмүүс багтсан байна.

Мөн ахмад настан гэдэг ангилалд энгийн түрээст 86 наснаас дээш, түрээслээд өмчлөх хэлбэрт 90 наснаас дээш ахмадуудыг хамруулна.

ИРЭХ ДОЛОО ХОНОГООС ИРГЭДИЙН ГАР УТСАНД ТЭНЦСЭН, ТЭНЦЭЭГҮЙГ МЭДЭЭЛНЭ

“Иргэд өөрсдөө мэдээллээ дутуу, алдаатай бөглөнө гэдэг нь хувь хүний хариуцлагын асуудал юм. Тиймээс нийтлэг үндсэн шалгуурыг хангаж чадаагүй иргэдээс бусад нь эрэмблэгдээд гараад ирнэ. Зарим иргэдийн хувийн мэдээллүүд нь яг адилхан тэнцсэн тохиолдолд гэрлэлтээ батлуулсан хугацаа, хүүхдийн тоог нь харгалзан эрэмбэлнэ гэж шинэ журамд тусгасан байгаа. Өнөөдөр сонгон шалгаруулалтыг тусгай комисс үлдсэн ангилалд хүсэлтээ ирүүлсэн иргэдийн мэдээллийг эрэмбэлээд дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгэхээр ирэх долоо хоногийн нэг дэх өдрөөс иргэдийн гар утсанд тэнцсэн, тэнцээгүй гэх мэдээллийг илгээнэ” гэдгийг Б.Сүхбаатар дарга хэллээ.

Мөн энэ үеэр түрээсийн орон сууцанд хамруулах хүсэлтэй иргэдийг залилах, луйвардах тохиолдол гарч байгаа учраас хууль хяналтын байгууллагад яаралтай хандахыг мэргэжилтнүүд анхаарууллаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж