Махны үнэ өссөөр энэ хавар нэг кг үхрийн мах 16 мянга 500 төгрөгт хүрч, хоолгүй хонох айлын тоо олон болсон бол зуны дэлгэр цаг гарсан ч ханш бууралгүй, намартай золгожээ.
Улаанбаатар хотдоо хамгийн хямд мах худалдаалдаг “Хүчит шонхор” захыг өчигдөр /2019.08.08/ өглөө зорьж очвол хүний хөл ч их, ар, араасаа цуварсан автомашины цуваа ч түгжрэл үүсгэн, ёстой л түм түчигнэж, бум бужигнан угтлаа.
Захын хашаа руу орвол өмнөөс ирж явах хоёр эмэгтэй “Одоо ч махыг кг-р нь авч чадахаа байж дээ. Дан хагас кг авдаг боллоо. Үнэ нь өсчихөөр хүчрэхгүй, хэцүү ч юмаа даа…” гэж ярилцана.
Өвөл, хаврын улиралд тус хүнсний захын хашааны гадаа машины тэвш, дотор талд чингэлэг дотор махыг гулууз, гулуузаар нь зардаг бол зун, намрын цагт өглөө эрт бөөндөөд дуусдаг аж.
Махны төрөлжсөн дэлгүүр рүү нь орж ханш сонирхвол хонины мах бөөний үнэ нэг кг нь 6000-7500, жижиглэнгээр 8200-9800, ямааны мах бөөний үнэ нэг кг нь 6500-7000, жижиглэнгээр 8500-9500, адууны мах бөөний үнэ нэг кг нь 6800-7500, жижиглэнгээр 8000-9500, үхрийн мах бөөний үнэ нэг кг нь 7000-8500, жижиглэнгээр 8500-12500, тэмээний мах бөөний үнэ нэг кг нь 5800-6000, жижиглэнгээр 9000-9500 төгрөгийн хооронд худалдаалагдаж байлаа.
Статистик мэдээгээр хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0,58 хувиар буюу 56 төгрөгөөр, хонины цул махны үнэ 3,79 хувиар буюу 400 төгрөгөөр, үхрийн ястай махны үнэ 1,05 хувиар буюу 125 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 2,42 хувиар буюу 338 төгрөгөөр, адууны ястай махны үнэ 0,82 хувиар буюу 75 төгрөгөөр тус, тус өссөн байлаа.
Жил, жилийн намар малчид оюутныхаа сургалтын төлбөрийг “босгох”-ын тулд малаа хямд үнээр борлуулснаар нийлүүлэлт ихэсч, махны үнэ буурдаг бол энэ удаад эсрэгээрээ өсөх дохио өгч эхэлсэн нь Хятад иргэд мал, махыг их хэмжээгээр авч, үнэ ханш тогтоож байгаатай холбоотой гэж худалдагч хэлэв.
Одоогоор тус захын хэмжээнд махны үнэ нэг кг тутамдаа 50-500 төгрөгөөр буураад байгаа аж. Цаашдаа махны үнэ буурах болов уу гэж хүлээлтгүй. Хятад ченжүүд махны ханшийг тогтоож байгаа цагт үнэ буурахгүй” гэлээ.
Ченжүүд мал, махыг малчдаас өндөр үнээр худалдан авч байгаа бол орлогыг нь нэмэгдүүлэх сайн талтай ч ченжийн сүлжээ нь нэмэгдэж, хэд, хэдэн гар дамждаг болсон нь ханш өсөх бас нэг шалтгаан болж буй аж. Нэг ёсны төрд бодлого байдаггүй нь малчид мал, махаа гадны ченжүүдэд өндөр үнээр зарж чаддаггүй, хэлсэн үнээр нь өгдөг, гэтэл хэд, хэдэн ченжийн гар дамжсан мах эцсийн хэрэглэгчид ирэхдээ үнэ нь хэд нугардаг нь эргээд хүнсний үнийг өсгөх шалтгаан болж байгааг ч хэлэх худалдагч байлаа.
Мөн Сүхбаатар дүүргийн иргэн О “Мах өндөр үнэтэй тогтсон нь туйлын хэцүү байна. 70 сая толгой малтай байж ард түмэн бид өөрсдөө ийм өндөр үнээр мах худалдан авч байгаа нь утгагүй. Авч буй цалин хөлснийхөө талыг нь зөвхөн мах авахад л зарцуулдаг боллоо. Урд хөрш рүү их хэмжээний мах гаргаад байгаа сурагтай. Дотоодынхоо хэрэгцээг бүрэн дүүрэн хангачихаад экспорт хийдэг болмоор байна. Төр зохицуулалт хийж чадалгүй байсаар махны үнийг өсгөсөн. Буулгаж чадахгүй байсаар намар боллоо. Өдийд махны үнэ буусан байх ёстой ч өмнөх жилийнх шиг үнэ ханш руу орсонгүй” гэж ярилаа.
Э.БАГЛААЦЭЦЭГ
Холбоотой мэдээ