Хан-Уул дүүргийн 14-р хороонд хүчтэй бороо, мөндөр орсны улмаас үер бууж, хүн урссан тухай мэдээлэл ирэв. Энэ дагуу газар дээр нь очиж, нөхцөл байдлыг сурвалжиллаа.
Хорооны нутаг дэвсгэр буюу Өлзийт хорооллын захаар дөнгөж орж ирэхэд биднийг шалбааг, ус угтлаа. Уг нь үер буугаад хоёр хонож байгаа юм. Гэтэл саяхан орсон гэлтэй тогтоол ус халин байв. Нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл авахаар эхлээд 14-р хороог зорив. Энд ч бас үер буусан гэмээр шуудуу татаж, шороо асгажээ. Дотогш орж ажилчдаас мэдээлэл авахад “Тэр өдөр биднийг гэртээ байхад хорооны байр руу ус орлоо гэж ажлаас дуудсан. Ирэхэд нэг давхрын техник, архивын өрөөнд битүү ус болчихсон байлаа. Ингээд бид хамгийн түрүүн архивын өрөөг аюулгүй болгож, бүх бичиг баримтаа хамгаалсан. Дараа нь шуудуу татаж, шороо асгасан маань энэ. Үүний дараа иргэд олноор залгаж, бид онцгой байдал руу мэдээлэл өгсөн. Эхлээд хүний амь настай холбоотой аврах ажиллагаа явуулсны дараа танайд очно гэсэн хариу тэд өгөв. Нөхцөл байдал хүнд байсан учир бид өөрсдөө борооны цув, гутал өмсөж аваад шууд иргэдэд туслах ажиллагаанд орсон. Тэгээд шөнөжингөө ажилласан юм” гэлээ.
Энд хүчтэй аадар бороо ердөө хорьхон минут оржээ. Гэтэл хоёр, гуравхан минутын дотор үер болоод хавийн хамаг зүйлийг урсган одож. Айлын хашаа, гэр, ногооны талбай, байшин, машин, 20 тонны контейнер гээд урсаагүй зүйл алга. Байшин дотроо сууж байсан хүн хүртэл урсжээ. Энэ тухай тус хорооны 5-р хэсгийн ахлагч ярихдаа: “Гэртээ ганц бие амьдардаг тэтгэврийн хөгшин байдаг юм. Түүний байшин энэ үерээр нураад юу ч гүй болсон. Өөрөө азаар амьд үлдсэн. Манай хорооны иргэд ногоо тарих, мал маллах гээд аж ахуй ихтэй. Гэтэл зуны хэдэн сарын хөдөлмөр нэг л өдрийн борооноор алга боллоо.
Үерт нийтдээ 49 өрхийн 200-аад бүл өртсөн” гэв.
Ингээд үер буусан голомт руу явлаа. Энэ газар нь Хадат хошуу нэртэй уулын жалганд засмал замынхаа урд, хойно буусан айлууд байв. Блокоор хашаа барьсан байсан ч айлууд одоо хашаагүй гэр, байшинтай үлджээ. Учир нь блокууд үерт урсан алга болжээ. Хашаатай айлуудын хувьд зарим нь хэмхэрч нурсан байв. Ахиулаад цааш явахад засмал зам дээр контейнер байх аж. Үүнийг хэн ч өргөж энд тавиагүй харин үерийн усанд урсаад ирсэн байв. Уг нь контейнер нэг км-ийн зайд айлын хашаанд байжээ. Түүний хажууханд эвхэгдээд шахагдсан цагаан өнгийн автомашин байна. Бас л урсаад ирж. Ийм л хүчтэй үер энэ газарт буусан байна.
Биднийг зураг авч байх үед хажуу хашаанаас нэгэн оршин суугч мэдээлэл өгмөөр байна гэсээр ойртон ирлээ. Түүнийг Д.Бадрах гэдэг. Тэрбээр энэ үерт хамгийн их өртсөн хүмүүсийн нэг.
-Үер болоход та хаана байв, нөхцөл байдал ямар байсан бэ?
-Тэр үед би ногооны талбай дээрээ ажиллаж байсан. Уулын цаанаас өтгөн бараан үүл гарч эхлээд удалгүй л бороо цутгачихсан. Арай ч ингэж үер бууна гэж бодсонгүй. Зунжингаа тарьсан ногоо юу ч үлдсэнгүй, урсчихлаа. За энэ ч яах вэ.
Хамгийн гол ганц ахаа алдах шахлаа. Энэ хажууд байгаа нурсан байшинд миний 65 настай ах ганцаараа амьдарч байсан юм. Нэг мэдэхэд хөөрхий, урсчихсан чулуунд тээглэсэн байсныг манай дүү очиж гаргаж авсан.
Гэртээ сууж байхад нь үер орж ирээд байшинтайгаа давхар урссан юм байна лээ. Тэгээд өмссөн хувцас тайлагдаад зөвхөн дотуур өмдтэйгөө үлдсэн байв. Хэрэв чулуунд тээглэж үлдээгүй бол амиа алдахад ойр байжээ.
/Тэрбээр нүдэндээ бөмбөрөөд ирсэн нулимсаа залгих гэж хэдэн минут дуугүй болов.сур/
-Одоо ахын тань бие ямар байна?
– Ахын бие одоо гайгүй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
-Энд хүн амьдарч байгаагүй мэт болжээ. Зөвхөн байшингийн суурь үлдсэн байна?
-Тиймээ. Уг нь энэ байшинг түүнд гурван жилийн өмнө барьж өгсөн юм. Яг уулын дор жалганд болохоор үер их хүчтэй орж ирсэн байх. Тэнд байсан машин байшинг нь дайраад гарчихсан. Бараг бүх тавилга нь урсаад алга болсон доо. Бид хөргөгч, авдар гээд том хэдийн л авч үлдсэн.
-Танай энд байгаа айлууд суурьшлын зөвшөөрөлтэй юу?
-Манайх энд амьдраад хориод жил болж байна. Хуучин энэ батлан хамгаалах яамны газар байсан. Аав, ээж маань энд манаач хийж байв. Бид үргэлжлүүлээд ах дүү нартайгаа амьдарч байна. Миний хувьд энд га шахам газарт ногоо тарьдаг. Түүгээрээ амьдрал, ахуйгаа авч явдаг. Ногоо тариалах эзэмшлийн гэрчилгээтэй. Суурьшлын гэрчилгээ өгдөггүй юм.
Хуучин цагт энд био үйлдвэрийн малын тарилга тарьдаг, бэлчээрийн түшиц газар байжээ. Тиймээс хорио цээрийн бүс тогтоож, гаднаас хүн, мал нэвтрүүлдэггүй байж. Үүний дараа “Чацаргана нэгдэл” гэдгийг бий болж, 300-аад айл өрх энд суурьшсан байна. Улмаар Бугын аж ахуй гэдгийг татан буулгаж, одоогийн 14-р хороо буюу Өлзийт хороолол гэсэн засаг захиргааны нэгж үүсгэжээ. Үүнээс хойш энэхүү суурьшлын бүсэд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй айлууд олноор буух болсон байна.
Тус хорооны иргэн Б.Чулуунбаатар ханьтайгаа хамт хүлэмжийн аж ахуй эрхлэн энд олон жил амьдарч байна. Нийслэлийн тэргүүний тариаланч болж байсан тэрбээр энэ намар ургац авч чадахгүй болжээ.
-Танайх үерийн аюулыг хэр өнгөрөөв, хохирол их амсав уу?
-Үер болдог өдөр би хот явчихсан байсан юм. Манай хөгшин гурван настай ачтайгаа үлдсэн. Тэгээд борооны дараа ирэхэд энэ хоёр маань байшингийнхаа орой дээр гараад суучихсан, намайг даллаж байсан. Би ч ухаан жолоогүй амьтан хашаандаа орж ирээд шууд л хүлэмжийнхээ хэдэн ногоог харсан. Хайран сайхан хөдөлмөр минь талаар нэг болсныг хараад урам их хугарсан.
-Тарьсан төмснүүд чинь булгараад урссан байна. Энэ жил уг нь хэдий хэмжээний ургац авах байсан бэ?
-Манайх төмс, лууван, манжин, сонгино, сармис, өргөст хэмж, помидор, брокли гээд 30-аад төрлийн ногоо тарьдаг. Гэтэл одоо ихэнх нь байхгүй. Үхрийн нүд, жимсний суулгац моднууд хүртэл үндсээрээ булгарсан. Үерийн яг урд өдөр нь хөгшин бид хоёр хөөцөлдөж, хүн гуйж байгаад 800 мянгаар зоорь ухуулсан юм. Гэтэл одоо усаар дүүрсэн нүх болчихлоо. Хайрга, шороонууд нь бас л урсчихсан. Тэр бүү хэл хажуу айлын блокон хашаа урсаад манай хашаан руу орж, ногооны талбай дайраад явчихсан. Манайх намартаа ургацаа хураагаад ямар ч байсан хамгийн багадаа долоон сая, сайндаа арваад сая төгрөг олчихдог байв. Одоо энэ намар хураах ургацгүй боллоо доо.
-Танай гэр орон гайгүй юу, дотогш хэр ус орсон бэ?
-Өө их орсон. Ямар сайндаа энэ гэр лүүгээ орж чадахгүй байх вэ. Үүдэнд байсан амбаар нь нураад хаалга дарчихсан. Дотор нь авах юм алга. Нар гарч хатахаар нь янзална гээд хүлээгээд байж байна. Манайх хэдэн үнээтэй. Сүүг нь боловсруулж, цагаан идээ хийдэг юм. Цэвэр сүүний 80 кг нойтон ааруул маань ч байхгүй. Байхаас хэдэн үнээ л үлдлээ. Бүх юм урсаад эхлэхээр сүү хийдэг дөчтийн бидоноо хамгийн түрүүн хайсан шүү. Ногоо өнгөрч, одоо сүүгээ л боловсруулах минь гэж бодсон хэрэг. Өдөр нь хэвийн байсан даралт нь орой нь 110:170 болчихсон байсан. Яах вэ, дараа нь хажуу айлын хүн урссан гэдгийг сонсоод амьд, мэнд үлдсэндээ баярласан. Хүүхдүүд маань хотод байдаг юм. Амралтын өдрөөр ирж бид хоёрт дэм болох байх.
-Хорооноос ямар арга хэмжээ авав, ариутгал, цэвэрлэгээ хэзээ хийнэ гэж байна?
-Хорооны хүмүүс ирж ариутгал хийнэ гэсэн. Хэзээ юм, хүлээгээд л байж байна. Энэ хавиар нэг нойлын бохир урссан шүү дээ. Чадах, ядахаараа цэвэрлээд аргалаад л байна. Гэхдээ гэртээ орохоор өмхий үнэртээд байх юм. Дээрээс нь ач бид хоёрын гэдэс гүйлгээд эхэлчихлээ. Энэ хардаа ачийнхаа чацага алдсан өмдийг усанд дэвтээгээд хийчихсэн байна. Айлын хүүхэд харж байгаа болохоор айдастай. Ер нь их хэцүү, зутруухан л байна даа. Тэр ариутгалаа хурдхан хийгээсэй.
Өлзийт хорооллын дундуур Түргэний гол урсдаг. Эргэн тойрон намагтай газар. Хүчтэй бороо орох бүрийд усны түвшин нэмэгдэж, эрэг хальдаг. Тийм учраас энэ газар суурьшлын зөвшөөрөл олгодоггүй байна. Гэтэл аж, ахуй эрхэлдэг айлууд эзэмшлийн зөвшөөрөл аваад эндээ амьдраад удаж буй. Үүнээс гадна үер буусан уулын ар энгэрт оршуулгын газар байх юм. Энд эрүүл ахуй, ариун цэвэр ярихын ч хэрэг алга. Харин асуудал хурцдаж, гэдэсний өвчин гарахаас өмнө ариутгал, халдваргүйжүүлэлт хийх хэрэгтэй байна. Хэзээ хийхийг хорооны ажилтнаас тодруулахад тэрбээр: “Бороо орж байхад ариутгал хийх хориотой. Бодис цацдаг учир хөрс рүү шингэх магадлалтай. Тиймээс нар гарч, газар хатсаны дараа бид энэ ажлыг зохион байгуулж хийнэ” гэсэн юм.
Холбоотой мэдээ