Энэтхэгийн Засгийн газар Жамму ба Кашмир мужийн онцгой статусыг тодорхойлсон үндсэн хуулийн 370 дугаар зүйлийг цуцлах шийдвэрийг хэдхэн хоногийн өмнө гаргасан билээ. Ингэснээр өөртөө засах онцгой эрх эдэлдэг байсан дээрх мужууд нь Энэтхэгийн бусад мужуудын адил нэгэн хуульд захирагдах ёстой болж байгаа юм. Өмнө нь энэхүү мужууд нь тусдаа туг далбаатай, өөрсдийн гэсэн хууль дүрэмтэй байсан. Дэлхийн хамгийн аюултай цэгүүдийн нэг гэгддэг энэхүү бүс нутагт 12 сая гаруй хүн оршин суудаг.
Одоогийн байдлаар муслим шашинтнууд голлон оршин суудаг Кашмирын бүс нутагт олон мянган цэрэг нэвтрэн цэргийн онцгой хяналт тогтоон, томоохон дэлгүүр хоршоод, гар утас, интернет сүлжээг бүрэн хаагаад байгаа аж. Мөн зарим улстөрчдийг гэрийн хорионд оруулаад байгаа гэнэ.
-ЭНЭ БОЛ НАРЕНДРА МОДИГИЙН СОНГУУЛИЙН АМЛАЛТ-
Кашмирын статусыг өөрчилж, төв Засгийн газрын шууд захиргаанд оруулах нь Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тэргүүтэй үндсэрхэг үзэлтнүүдийн сонгуулийн гол амлалтуудын нэг байсан юм.
-ПАКИСТАН ЭНЭТХЭГИЙН ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ЭРС МУУДАВ-
Кашмирын бүс нутгийн газар нутгийн маргаанаас болж эртнээс таагүй харилцаатай байсан хоёр улсын харилцаа дээрх шийдвэрээс болж улам хөндийрлөө. Пакистаны Засгийн газар Энэтхэгийн уг шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хоёр талын худалдааг зогсоож, Энэтхэгийн Элчин сайдыг нутаг дэвсгэрээсээ хөөх шийдвэр гаргаснаа зарлав. Мөн Энэтхэгт суудаг өөрийн Элчин сайдыг эгүүлэн татахаар болсныг Пакистаны Гадаад хэргийн сайд Шах Мэхмүүд Куреши мэдэгдсэн байна.
Энэтхэг улс Британийн колоничлолоос гарах үед буюу 1947 онд Пакистан улс мөн тусгаар тогтнолоо зарласан. Энэ үеэр Кашмирын бүс нутгийг дээрх хоёр улс хувааж захирах болсон ч аль аль нь энэ газар нутгийг бүхлээр нь эзэмшихийг хүсдэг учир газар нутгийн маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилдэг юм. Энэтхэг, Пакистан улс Кашмирт хоёр удаа дайн хийж байсан бөгөөд Энэтхэгээс салан тусгаарлах хөдөлгөөн олон арван жилийн турш үргэлжилж, нийт 70 мянга гаруй хүний амь үрэгдээд байгаа билээ.
-ХЯТАД УЛС Ч ТААГҮЙ ХҮЛЭЭЖ АВАВ-
Пакистанд суугаа Хятадын Элчин сайд Яао Жин “Хятад улс нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд Кашмирын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдлыг намжааж, энх тайвныг авчрахад нэн тэргүүнд гар бие оролцох үүрэгтэй” хэмээн хэлжээ.
Хятадын дарга Ши Жиньпин худалдаа, хөрөнгө оруулалтыг бэхжүүлэх чиглэлээр энэ оны сүүлээр Энэтхэгт айлчлахаар төлөвлөсөн байна. Гэхдээ нэн тэргүүнд Хятад болон бусад нөлөө үзүүлэх чадвартай улсууд Энэтхэгт болж буй хурцадмал байдлыг намжаахад хувь нэмрээ оруулах хэрэгтэйг ажиглагчид сануулжээ.
Холбоотой мэдээ