Тоос, шороотой хутгалдан, гудамжаар нэг хөглөрөх ном. Эртнээс номыг дээдэлж, хайрлаж ирсэн ард түмэн мөн үү гэж халагламаар. Дэлгүүрийн лангуунд өрөөтэй чихэрнээс ч хямд үнэтэй хуучин номууд ихэнх нь хуудас нь шарлаж, урагдсан заримдаа ямар нэртэй, хэн гэдэг зохиолчийн ном бэ гэдгийг таних аргагүй. Энэ бүхнээс харвал монголчууд номдоо хэрхэн хандаж ирснийг илтгэнэ. Үнэхээр номд хайртай хүн бол хэчнээн жил улиран өнгөрсөн ч хавтас нь хуучраагүй, хуудас нь шарлавч бүрэн бүтнээрээ байхсан гэх бодол өөрийн эрхгүй төрнө. Хуучин ном үнэгүйдэж буйн шалтгааны нэг нь энэ яах аргагүй мөн.
Нэгэн танил маань надад гудамжны номын худалдаанаас 10 мянган төгрөгийн ном хямдарсаар 500 төгрөг болж байсныг хэлсэн юм. Тэрбээр ердөө 2000 төгрөгт гурван ном авсан аж. Энэ тухай сонсоод нэлээн гайхсан ч олны нэрлэж заншиснаар “Өргөө-2” кинотеатрын ойролцоо байрлах номын худалдааг сонирхов. Тэнд 10 мянган төгрөгийн үнэтэй ном хямдарсаар 1000 төгрөгөөр авах боломж бүрдсэн нь танилын маань яриаг нотлох аж. Номын худалдаачин 50 гаруй насны өвөө гаднах хавтас урагдсан, зарим хуудас нь дутуу номоо үнэрхэлгүйгээр ийн хямдруулж байлаа. Тэрбээр 30 жил ном зарсан аж. Түүний зарж буй номуудаас хамгийн үнэтэй нь л 10 мянган төгрөг байх. Багшийн дээд орчимд гадаа нар салхинд гандаад байхгүй ч ТҮЦ дотор битүү шахаж өрсөн ном ялгаагүй хямд 500-20 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Мэдээж, зарим нэг ном 40-50 мянган төгрөг.
НОМЫН ДЭЛГҮҮРТ ХУДАЛДААЛАГДАЖ БУЙ НОМ ГУДАМЖИНД ЕРДӨӨ 5000 ТӨГРӨГ
Номын дэлгүүрт хамгийн хямд ном гэхэд л 10 мянган төгрөгийн үнэтэй. Дээд тал нь 300 мянган төгрөг. Мэдээж энэ нь тухайн номын үнэ цэнэ, зохиолчоосоо шалтгаалж байгаа. Дээрх нэр дурдсан зохиолчдын ном бүтээл хамгийн хямд нь л номын дэлгүүрт 30-50 мянган төгрөгийн үнэтэй. Харин гудамж, талбайд энд тэндгүй өрөөтэй байх хуучин номын худалдаанаас дээрх зохиолчын ном бүтээл ганц хоёр харагддаг. Номын худалдаачид хамгийн үнэтэйг нь 100 мянга хэмээн дуугарна. Гэхдээ энэ үнийг хямдруулаад 50 мянган төгрөгт ч худалдан авах боломжтой. Нөгөө талаар дэлгүүрт худалдаалж буй бэстселлер болсон номууд ч дэлгүүрийн үнээс хэд дахин хямд үнэтэй. Тухайлбал, Зохиолч Л.Өлзийтөгс “Үзэхийн хязгаар” номын дэлгүүрт 25 мянган төгрөгийн үнэтэй бол гудамжинд буй номын худалдаанд 10-20 мянган төгрөгийн ханштай. Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлийн “Жаран цагаан хонь” номын дэлгүүрт 27 мянга 700 төгрөгийн үнэтэй бол гудамжны худалдаачид мөн л 10-20 мянган төгрөг, зарим түүхэн зохиол, номыг 5000 төгрөгөөр үнэлдэг. Хуучин ном 10 мянгаас 500 төгрөг болтол хямдарна. Энэ нь бас л номыг үнэгүйдүүлж буй бас нэгэн шалтгаан юм. Ингээд номын худалдаачдын байр суурийг сонирхов.
Номын худалдаачин н.ШИРЭНДЭВ:
– Би 30 хавар, 30 намар, 30 өвөл, 30 зун ном зарж байна. Энэ бол их хүнд хөдөлмөр. Хуучин номын үнэ цэнэ унаагүй гэж боддог. Олдоц нь удаан болсон. Бас хуучин номын хэвлэлт нь муу болсон учраас хэл найруулгын чанар муудсан. Номыг хямд үнээр зарж байгаа нь ном унших хүмүүс бага болсон. Бид хуучин ном зарахдаа хямд үнээр худалдан авч хямдхан үнээр л зарна. Монгол романууд яах вэ, тийм ч хямд биш. Ер нь номын эдэлгээнээс л шалтгаалж хямд зарах уу, арай үнэтэй зарах уу гэдэг нь шалтаална.
Номын худалдаачин Н.ГАНБАЯР:
-Ном 1000 төгрөгөөс дээш үнэтэй л зарагдаж байна. Дээд тал нь 40 мянган төгрөгийн үнэтэй. Хуучин ном сонгодог зохиолууд анхны эх хэвлэлтээрээ гэдгээрээ илүү үнэ цэнэтэй, эрэлттэй байдаг л даа. Анхны орчуулгын номыг шинэчилсэн ч эх хувилбараа гүйцдэггүй. Тиймээс биш, хүн хуучин ном тэр бүр авахыг бодохгүй байх. Анхны орчуулга, анхны хэвлэл гэдэг утгаараа л хүмүүс сонирхдог болов уу. Номын дэлгүүрт худалдаалж буй номыг хямд үнээр худалдаалах болсон нь эдэлгээнээсээ л шалтгаалж байгаа. Номоо зарж байгаа хувь хүмүүсээс бид 30-40 хувийн ашиг хардаг буюу 5000 төгрөгөөр зарна гэхэд хямдруулаад 3000 төгрөгөөр худалдан авдаг.Ер нь хуучин ном үнэгүйдсэн шүү дээ. Хуучин ном цуглуулдаг хүмүүсийн хүрээнд л үнэ цэнэтэй байх болов уу.
Номын худалдаачин А: /нэрээ хэлэхийг хүсээгүй/
–Түүхийг мэддэг юм шиг гуйвуулан бичдэг сүүлийн үеийн залуу зохиолчдын номыг бол 5000 төгрөгийн үнээр л зарна шүү дээ. Дэлгүүрт үнэтэй байх нь хамаагүй. Номын худалдаа, уншилт муудсан болохоор зарим номоо 10 мянган төгрөгөөс хямдруулж 5000 төгрөгт зарахаас өөр аргагүй. Зарим номууд 500, 1000 төгрөгийн үнэтэй байгаа нь нийгэм солигдож, социализмын үед хэвлэлтэд гарч байсан номууд маш их, тэдгээрийг л ийм үнээр зарж байгаа юм. Гэхдээ бид чинь 200,300 номыг 500 мянган төгрөгөөр худалдан авч зарж байна шүү дээ. Тэгэхээр тийм ч хямд бас биш гэлээ.
Өнөөх монголчуудын хайрлан, дээдэлдэг ертөнцийн гурван баяны нэг Ардчилал гарснаас хойш гудамжинд ийм л дүр зурагтай олон арван жилийг ардаа үджээ. Нэг хэсэг хуучин номын худалдааг цэгцлэх тухай яригдсан нь утааны үлгэр шиг тэгсхийгээд намжсан, энэ тухай өнөөдөр хэн ч үг дуугардаггүй, тоодоггүй. Ердөө 500-10 мянган төгрөгийн үнээр гудамжинд зарагдах хуучин номын үнэ цэнэ цаашид өсч, хуучин ном ховрын бараа болох уу эсвэл бүр үнэгүйдэх үү гэх асуудал уншигчдын эрэлт хэрэгцээнээс шалтгаалах болов уу.
Тэгвэл сүүлийн жилүүдэд номын дэлгүүрүүдийн тоо нэмэгдэхийн хэрээр дэлхийн сонгодог зохиол хийгээд Монголын алтан үеийн зохиолчид болох Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Маам, Төрийн шагналт зохиолч Цэндийн Доржготов, Монголын уран зохиолын сонгодог төлөөлөгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Намдаг, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Бямбын Ренчин, Ардын уран зохиолч Тангадын Галсан, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гармаа гэх мэт олны мэдэх зохиолчдын бүтээлүүдийг шинэчлэн хэвлэж, худалдаанд гаргах болсон нь сайшаалтай. Гэвч нүд хуурах хавтасны гоёмсог чамин байдлаас цаашгүй эх хэл найруулга нь алдагдсан, товчилсон гэх гомдол шүүмжийг номын хорхойтнууд гаргах болсон нь ч анхны хэвлэл, эх хувийг нь гудамжны номын худалдаанаас хайх эрэлт хэрэгцээг ч бас үүсгээд байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ