"Цөмөрсөн газар доорх зооринд гутал, хувцас харагдсан"

Хуучирсан мэдээ: 2019.08.09-нд нийтлэгдсэн

"Цөмөрсөн газар доорх зооринд гутал, хувцас харагдсан"

"Цөмөрсөн газар доорх зооринд гутал, хувцас харагдсан"

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Төрийн ордны зүүн талд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн ойролцоо цөмөрсөн газар доор 6x8 харьцаатай зоорь олдсон талаар бид өчигдөр /2019.08.08/ мэдээлсэн. Уг зоорь нь ямар байгууламж болох, дотор нь соёлын өв байгаа эсэхийг тогтоохоор өнөөдрөөс холбогдох байгууллагын мэргэжилтэн, судлаачдын баг гарч ажиллах юм байна.


ГУРВАН АРХЕОЛОГИЧ ХОЁР ӨДРИЙН ТУРШ ЗООРИНД АЖИЛЛАНА

Борооны усны улмаас цөмөрсөн газрын доор 6х8 харьцаатай зоорьт соёлын өв байж магадгүй гэж эрдэмтэн, судлаачид үзэж байгаа юм. Тиймээс зоорь доторх усыг нь шавхаж, дотор нь юу байгааг шалгаж, тогтоох гэнэ. Цаашид газар цөмрөх аюултай учраас тэнд ажиллаж байгаа албан хаагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс тусгай хамгаалалт гарч, мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа талаар албаныхан хэлж байв.

Сурвалжлах баг цөмөрсөн газрын ойр орчимд мэдээлэл авахаар очиход нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж “Энэ орчмоор автомашин явбал цөмөрчих вий гэдэг үүднээс ойр орчмын хөдөлгөөнийг хязгаарлаж, тусгай хамгаалалт аваад байна. Хуучин ногооны зоорь шиг л нэг метр гүн, хоёр метрийн өргөн талбай цөмөрсөн. Энэ нүхэнд хүний амь нас эрсдэж, машин техник өртсөн зүйл гараагүй. Төрийн ордонтой ямар ч холбоогүй. Ямар учиртайг тогтоохоор холбогдох байгууллагын мэргэжилтнүүд тодруулж, ажиллаж байна” гэсэн юм.

Энэ талаар Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуунаас тодрууллаа. Тэрбээр “Цөмөрсөн газрын доор байрлах зоорь нь ямар байгууламж болохыг хараахан тогтоогоогүй байна. Ерөнхийдөө XX зууны л барилга болов уу. Зоорь доторх усыг шавхсаны дараагаар манай хүрээлэнгийн гурван археологич судалгаа, шинжилгээг хийж, ямар байгууламж болохыг тогтооно. Энэ ажил наймдугаар сарын 09-өөс эхэлнэ. Хамгийн гол нь бид өмнө нь ийм нөхцөл байдалд ажиллаж байгаагүй учраас хүчний байгууллагаас аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллахыг хүсч байгаа” гэдгийг хэлсэн.

ЗООРЬ ДОТОР ГУТАЛ, ХУВЦАС ХАРАГДЖЭЭ

Тухайн цөмөрсөн газрын хашаанд хоёроос гурван байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд компанийн зарим ажилчид ажил руугаа орж чадахгүй гайхсан байдалтай зогсож байлаа. Дэргэд нь үйлчилгээ явуулдаг байгууллагын ажилтнаас ямар учиртай тусгай хамгаалалт гарсныг асуувал “Сайн хэлж мэдэхгүй байна. Өчигдөр /2019.08.07/ орой ажил тарах цагаар зүгээр байсан. Өглөө ажилдаа ирсэн чинь цагдаа болон онцгой байдлын алба хаагчид ирсэн байсан” гэв.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар зоорь дотор хүний эдэлж, хэрэглэж байсан гутал, хувцас харагдсан гэж байгаа юм.

Цөмөрсөн газар дээр нь очиж ажилласан Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр хэлэхдээ “Цөмөрсөн газар доорх зоорь дотор юу байгааг тогтоогоогүй. Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид авран хамгаалах малтлагыг хоёр өдөр хийж, ажиллана. Өчигдөр газар дээр нь Үндэсний түүхийн музей, Улаанбаатар хотын музей, Түүх, археологийн хүрээлэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл урлагийн газар зэрэг соёл урлагийн газраас холбогдох мэргэжилтнүүд ирж ажилласан. Борооны усны улмаас цөмөрсөн энэ газарт өмнө нь түүхэн дурсгалт ямар нэгэн барилга байгаагүй” гэдгийг хэллээ.

Мөн газар дээр нь ажилласан Мэргэжлийн хяналтын байцаагч мэдээлэл өгөхдөө "Цөмөрсөн газрын доороос соёлын өвтэй холбоотой байж магадгүй 6х8 харьцаатай зоорь олдсон. Тиймээс зоорийн усыг шавхаж, шалгалт явуулахаар ажиллаж байна. Соёлын өв байгаа эсэх талаарх шалгалтыг хоёр өдрийн дотор хийж гүйцэтгэнэ. Энэ хугацаанд энд ажиллаж байгаа ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалт авч ажиллана" гэсэн.

Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж