Ардчилсан намын шинэчлэл хөдөлгөөнөөс намын удирдлагууд Үндсэн хуулийн өөрчлөлтөд ач холбогдол өгөхгүй байгааг шүүмжиллээ. Тус хөдөлгөөний залуус өнөөдөр /2019.08.08/ Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ. Тэд Үндсэн хуулийн өөрчлөлтөд шинэ зүйл заалтыг санаачлан тусгахаар болжээ. Энэ нь авлигын эсрэг заалт аж. Уг заалтыг Үндсэн хуульд тусгаснаар олон нийт авлигын эсрэг тэмцэх боломж бүрдэх ёстой аж. Ингэснээр сүүлийн 30 жил бугшсан авлига хээл хахуулийн асуудал арилах боломжтой гэнэ.
Тэд УИХ-ын гишүүд болон АН-ын удирдлагууд Үндсэн хуулийн өөрчлөлтийн санал асуулгыг хэлэлцэхдээ хариуцлагын тухайд “амаа үдүүлсэн” гэдгийг онцлов. Энэ тухай тус хөдөлгөөнийхөн “Өнгөрсөн 30 жилд төрийн өндөр албан тушаалтан, хоёр намын эрх баригчдын дунд нэг ч хариуцлагын асуудал яригдаагүй. Авлигын асуудалд нэг ч хүн хариуцлага хүлээгээгүй. Төрийн алба бүүхэл нэг байгууллагын алба хаагч тэрбумаар нь авлига авчхаад 40 сая төгрөгөөр торгуулж буй нь Монголд авлига байх ёстой гэсэн л асуудал болчхоод байна. Улс төрийн намуудад авлига үүрлэсэн байна. Иймд ард түмнээрээ авлигатай тэмцэх ёстой” гэлээ.
Б.ЦЭЦЭГ