Өвөрмонголд баривчлагдан хоригдож буй Их Британийн зургаан иргэнийг удахгүй суллаж, нутаг буцаан гэдгээ Бээжин мэдэгджээ. Хятадын хууль цагдаагийнхан Ордос хотноо энэ долдугаар сарын 10-нд Энэтхэг, Их Британи, Өмнөд Африкийн нийт 20 иргэнийг баривчлан хорьсон аж.
Африкийн сайн санааны “Gift of the Givers” байгууллагаас мэдээлэхдээ Өвөрмонголд баривчлагдсан гадаадын иргэдийг жуулчид гэжээ. Харин Бээжингийн албаныхан тэднийг террорист бүлэглэлтэй холбоотой гэж хардаж байгаа аж. Түүнчлэн тэднийг зочид буудлынхаа өрөөнд өдөөн хатгалга бүхий видео бичлэг үзэж байсан хэмээсэн байна.
Их Британи тус улсын иргэдийг баривчилсан шалтгааныг тодорхой болгохыг Бээжингээс шаардаж буй юм. Түүнчлэн энэ асуудлаар Өмнөд Африк, Их Британийн албаныхан Хятадын гадаад хэргийн албаныхантай уулзсан байна.
Энэ хэрэг Өмнөд Африкийн дэд ерөнхийлөгч Сирил Рамафоса Бээжинд таван өдрийн айлчлалаар өнгөрсөн ням гаригт ирсэнтэй давхацжээ. Сирил Рамафоса Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд болон дэд ерөнхийлөгчтэй уулзах аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС