Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гаас зээл авсан дуулианд нэр холбогдсон хууль тогтоогчид хэрэг хөөн хэлэлцэх хугацааг судална. Хууль тогтоогчид ард түмнээ “маллаж” ханадаггүй, ард түмэн нь УИХ-даа хууртагдаж хаширдаггүй гэдэг л энэ болов уу.
Хэд хоногийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар сүр дуулиан болгон, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Л.Энхболд нар багтсан. Тэд төрөөс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацааг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах санал дүгнэлт гаргах даалгавар авсан юм. Гэвч тэрхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан таван гишүүний дөрөв нь хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд холбогдсон нь УИХ-д авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх хүсэл сонирхол байна уу гэж асуухад хүрч буй юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн мэдээллээр бол бүр ноцтой, зарим нь гурван хувийн хүүтэй зээлээ 30 хувийн хүүтэй зээл болгон банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан мөнгө хүүлсэн байж болзошгүй. Хуулийн байгууллага энэ талаар “бөмбөг тэслээгүй” байгаа ч угтаа бол асуудалд нэр холбогдсон хууль тогтоогч нь ажлын хэсэгт багтсан бол бүр ноцтой. Харамсалтай нь, Монголын парламентад ёс суртахуунтай хууль тогтоогч ховордсон тул саналаараа ажлын хэсгээс гарах хүсэлт тавьсан гишүүн алга. Ард түмэн ч ганц оймсны бичлэгт сэтгэл нь хөдлөн ажлын хэсэгт багтсан гишүүдэд баяр хүргэн, УИХ-ын дарга энэ өдрүүдэд үндэсний баатар болж, алдаршлаа.
УИХ-ын төвшинд хуулийн төсөл, хууль дээр ажиллах ажлын хэсэг байгуулагдаж ажиллана гэдэг бол мэргэжлийн байгууллагуудаа дайчилна гэсэн үг. Бүх мэдээллийг авна. Эцэст нь ашиг сонирхлын зөрчлөөрөө дамжуулж, юуг ч яаж ч хааш нь ч эргүүлж болзошгүй.
Үндэслэл ч бас бий. ЖДҮХС-гаас хамаарал бүхий этгээддээ зээл авч ашиглаж чадсан тэднийг хэрэг хөөн хэлэлцэх хугацааг судлахдаа ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй гэх баталгаа бий гэж үү.
Хоёр жилийн өмнө УИХ-аар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр дээрх ажлын хэсэгт багтсан нэр бүхий гишүүн хүний эрхийг дордуулах ёсгүй, 10, 20 жил хүнийг шалгаж, тамладаг байж таарахгүй гээд хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бууруулсан нь зөв гэдэг байр суурь илэрхийлээд, бусад нь дэмжээд кноп дарж байсан. Ганц оймсны бичлэгээр тэд итгэл үнэмшлээсээ ухрах уу. Тэр тусмаа ЖДҮХС-гаас зээл авчихсан, түүнийгээ хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар “цайруулах”-аар хүлээж буй улсуудад бол яаж гэм зэмээ цайруулах вэ гэдэг гарц гаргалгааг гаргахад л ухаанаа уралдуулахгүй гэж үү. Үүгээрээ ч хууль тогтоогчид мэргэшсэнийг хуульчид хэлдэг. Хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бууруулснаас цагаан захтнууд авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн ч хэрэг нь хэрэгсэхгүй болох, торгууль төлж хамгийн хөнгөн шийтгэл хүлээх зэргээр ялаас мултарч байна.
Улс орнуудад энэ хийдлийг гаргуулахгүйн тулд Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль үйлчилдэг, түүнийгээ ч ягштал мөрддөг. Монголд хууль нь батлагдсан байдаг ч хууль тогтоогчдоосоо эхлээд зөрчдөг. Хар л даа, ЖДҮХС-гаас зээл авсан, хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бууруулах ёстой гэдэг байр суурь барьж байсан гишүүнээрээ ажлын хэсэг бүрдүүлчихлээ. Энэ нь хуулийн хулгай хийж болно гэдэг зөвшөөрлийг өгсөн хэрэг болчихоод байна шүү дээ.
Хууль дээдлэх зарчим УИХ-аас эхлэх ёстой. Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулиа хэрэгжүүлье, ажлын хэсгийн бүрэлдэхүүнээ өөрчил, УИХ-ын дарга аа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Хөөн хэлэлцэх хугацааг дэмжиж байсан гишүүдийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гаргаач ээ" гэж байр сууриа илэрхийлсэн байна билээ. Зөв шүү дээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ