Уулчид эсэн мэнд байх найдваргүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.14-нд нийтлэгдсэн

Уулчид эсэн мэнд байх найдваргүй гэжээ

 

23.40 цаг:

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын албанаас уулчдын хамгийн сүүлд байсан байршлыг олсон тухай мэдээлэл ирлээ. Хэдийгээр нас барсан хүмүүсийн цогцсыг олсон ч тэд сураггүй алга болсон уулчид мөн эсэхийг нарийн тогтоогоогүй гэнэ. ОБЕГ-аас уулчдын ар гэрийнхэнд "Эсэн мэнд байх найдвар тааруу байна. Гэхдээ эцсийн байдлаар уулчдыг нас барсан гэж тогтоогоогүй" гэж хэлсэн байна. ОБЕГ-аас маргааш 06.00 цагт шинжээчид явуулж, эцсийн байдлаар мэдээллийг өгөх ажээ. 


21.20 цаг:

Уулчдын ар гэрийнхэнтэй нь холбогдлоо. Тэд хэлэхдээ "Баян-Өлгий аймаг дахь эрлийн багийн төлөөлөлтэй холбогдоход "Хамгийн сүүлийн байршлыг олсон. Амьд байх магадлал тун бага" гэв. Харин Онцгой байдлын ерөнхий газраас "Энэ бол баттай мэдээлэл биш. Нэмэлт хүч илгээсэн. Албан ёсоор эмнэлгийн дүгнэлтээр эргэн тайлбар хийх болно" гэсэн мэдээллийг өглөө.


21.00 цаг:

Онцгой байдлын ерөнхий газраас "Баян-Өлгийн аймгийн Алтай Таван Богдод авирахаар явсан таван уулчин сураггүй болоод байна. Тус аймгийн онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн  зэргэлдээх аймгууд Ховд, Увс аймгийн онцгой байдлын газрын  уулчин аврагчид, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй “Монгол экспедишн” компанийн уулчид эрэн хайх ажиллагаа явуулж байна.

Алтай Таван Богд ууланд авиралт хийсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа юм байна. Үүнд зориулсан авиралтад Монголын өнцөг булан бүрээс, хилийн чанадаас олон уулчин, клуб нэгтгэлээс зохион байгуулж авиралт хийж байгаа аж. Сураггүй болсон таван хүн аль нэг клуб, нэгтгэлийн зохион байгуулалтад хамрагдаагүй, сайн дураараа оролцож байгаа боловч урд өмнө ууланд авиралт хийж байсан туршлагатай уулчид" гэсэн мэдээлэл байна.

Мөн Улаанбаатараас нисдэг тэрэг, уулчдын бүрэлдэхүүн нэмэлтээр гарсан ч цаг агаарын байдал хүнд, үзэгдэх орчин хязгаарлагдмал, ууланд нуралт үүсэх бэрхшээлүүд хүндрэл учруулж байгааг дуулгалаа.


18.00 цаг:

Баяр, амралтын өдрүүдэд ОБЕГ-аас 500 гаруй албан хаагч, 99 автомашин ажиллаж байгаа бөгөөд долдугаар сарын 16-ыг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд байна.

Долдугаар сарын 11-13-ны байдлаар хүйтэн бороо, нойтон цас орох, аянга цахилгаан буух үзэгдэл орон нутагт хүндрэл учруулж, хоёр хүн нас барж, нэг хүн түлэгдэж,  урьдчилсан байдлаар 9555 мал хорогджээ.

Усанд найман хүн осолдсон байна. Энэ нь иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэлтэй байгаа тул амралтын өдрүүдэд хөдөө орон нутагт болон аялал зугаалгаар явахдаа, гол усанд  сэлж сэрүүцэж,  зугаацахдаа сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

 


16.00 цаг: Онцгой байдлын ерөнхий газар

ОБЕГ-аас Баян-Өлгий аймгийн "Алтай таван богд" ууланд авиралт хийхээр гараад сураггүй алга болсон таван уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч эрэн хайх ажиллагааг явуулж байгаа. Эрлийн багийнхан энэ сарын 12-ны шөнө 02.00 цагийн үед ОБЕГ-т сураггүй болсон уулчдын хамгийн сүүлд байрласан газарт очсон ч ямар нэгэн ул мөр олоогүй тухай  анх мэдээлжээ. Харин өнөөдөр өглөө 09.30 цагийн үед эрлийн багаас дурангаар хоёр майханг олж харсан тухайгаа ОБЕГ-руу мэдээлсэн байна.

"Баян-Өлгий аймгийн онцгой албаас өөрсдөө нэмэлт хүч шаардлагатай гэж үзэхгүй бол тэрнээс наана ОБЕГ-аас эрлийн багийнханы тоог нэмэгдүүлэхгүй боломжгүй, хэрэв шаардлагатай тохиолдолд Увс аймгийн Онцгой байдлын албан хаагчдаас нэмэлт хүч авч болно. Гэхдээ одоогоор эрлийн багийнханаас нэмэлт хүч ирүүлэх талаар яриагүй. Тиймээс эрэн хайх ажиллагааны явцын мэдээллийг хүлээгээд суухаас өөр аргагүй" гэсэн мэдээллийг уулчдын ар гэрийнхэнд ОБЕГ-аас өгсөн талаар тэд мэдээллээ.

Алга болсон уулчдын баг хоёр эмэгтэй, гурван эрэгтэй гишүүдээс бүрдэх бөгөөд тэдний хамгийн ахмад нь 50 настай эмэгтэй аж.


Энэ үеэр мөн “Монголиан Экспедишн” компанийн захирал С.Алдархишиг дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр хэлэхдээ “Долдугаар сарын 12-ны өдөр Алтай таван богд ууланд хүн анх авирсаны 100 жилийн ой тохиосон. Ойг тохиолдуулан манай компаниас аялал зохион байгуулсан. Манайхаас зохион байгуулсан, Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын удирдсан аялалд 10 хүн бүртгүүлж, албан ёсоор бүртгэлтэй хүмүүс маань авиралтад оролцсон. Мөн бидний зохион байгуулснаас тусдаа Эрдэнэтийн баг, Орос гишүүдтэй баг, Мөсөн голын судалгааны баг болон сураггүй болсон уулчид очсон байсан. Бидэнд зөвхөн манай аялалд бүртгэгдсэн 10 хүний нэр хаяг л байгаа. 12-ны өдөр авиралт болж, бүгд оргил дээр гарсан. Буух явцад манай багийнхантай бүгд таарсан. Гэвч орой отогтоо цуглахад сураггүй болсон багийн гишүүд эргэж ирээгүй тул бидэнд мэдэгдсэн. Ингээд 13-ны өдөр Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид тэднийг эрэн хайх ажлыг эхлүүлсэн ч уулчдыг олоогүй тул бидэнд болон Онцгой байдлынханд мэдэгдсэн. Манай хүмүүсийн хэлснээр авиралт хийгээд буух явцад цасны нуралтын чимээ гарсан гэж байна. Тэдний амь насанд аюул учирсан эсэхийг хэлэх аргагүй байна. Хамгийн гол нь тухайн уулчид маань нэг олсноос бэхлэгдсэн байсан, туршлага багатай гэдэг нь санаа зовоож байна” гэсэн юм.
 


13.50 цаг:

Баян-Өлгий аймгийн нутаг, “Алтай таван богд” ууланд авирч байсан таван залуу  ор сураггүй алга болоод гурван хоног болж байна. Ар гэрийнхэн нь мэдээлснээр тэд хамгийн сүүлд буюу долдугаар сарын 11-ний өдөр холбоо барьснаас хойш сураггүй болжээ.

Долдугаар сарын 12-ны өглөө уулчин Г.Өсөхбаяртай хамт явсан хоёр баг бууж ирсэн боловч тэднээс тусдаа явсан эдгээр уулчдын баг алга болсон талаар аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ. Өчигдрөөс Баян-Өлгий аймгийн Онцгой байдлынхан гавьяат уулчин Г.Өсөхбаярын хамт долоон хүнтэй баг бүрдүүлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Эрлийн багийнхан сураггүй болсон залуусын хамгийн сүүлд холбоо барьсан цэгт очсон ч ямар нэгэн ул мөр олдоогүй гэнэ.

Сураггүй болсон уулчдын ар гэрийнхэн ОБЕГ-ын үүдэнд байгаа бөгөөд мэдээ ирэхийг хүлээж сууна. Ууланд алга болсон залуус мэргэжлийн бус, ууланд авирах сонирхолтой залуус бөгөөд ээлжит аялалаа хийж байсан байна.

Сураггүй алга болсон залуусын гэр бүлийн хүн н.Долгорсүрэнгийн тайлбарласнаар "Таван хүн амьд эсэх нь мэдэгдэхгүй алга болчихоод байхад улсын Онцгой байдлын ерөнхий газар, Шадар сайд У.Хүрэлсүх эрлийн багийн хүний тоог нэмэх, нисдэг тэрэг гаргаж өгөх зэрэгт хойрго хандсаар байна" гэлээ.

Д.УУДАМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж