Ард Санхүүгийн Нэгдэл нээлттэй компани болсныг зарлаж, цан цохилоо

Хуучирсан мэдээ: 2019.08.08-нд нийтлэгдсэн

Ард Санхүүгийн Нэгдэл нээлттэй компани болсныг зарлаж, цан цохилоо

Ард Санхүүгийн Нэгдэл нээлттэй компани болсныг зарлаж, цан цохилоо

Монголын хөрөнгийн биржид өнөөдөр (2019.08.08) 10.00 цагаас “Ард санхүүгийн нэгдэл" нээлттэй компани болж буйг албан ёсоор зарлаж, цан цохих ёслолын арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан, Ард Cанхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг тэргүүтэй Монголын санхүү, бизнесийн зах зээлийн томоохон төлөөлөгчид оролцов.

Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа урвуу нэгдэл хийх байдлаар ийнхүү бирж дээр гарч буй юм. Монголын Хөрөнгийн биржийн Зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн П.Нямдорж энэ талаар хэлэхдээ, үйл ажиллагаа нь зогссон компанийг идэвхжүүлээд, шинээр том санхүүгийн нэгдэл орж ирж байгаа нь Монголын Хөрөнгийн Биржийн хувьд арилжаа идэвхжих, цаашдаа хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэх маш олон сайн талтай болохыг онцолж байлаа.

Түүний хэлснээр, урд өмнө нь урвуу нэгдэл тодорхой хэмжээнд хийгдэж байжээ. Гэхдээ Ард Санхүүгийн Нэгдэл шиг идэвхтэй үргэлжлээд, хөрөнгө оруулалтууд нь хийгдээд, арилжаа нь нэмэгдээд явсан тохиолдол байгаагүй юм байна.

-20 ОРЧИМ КОМПАНИД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН ҮНДЭСНИЙ САНХҮҮГИЙН ХОЛДИНГ-

“Ард Санхүүгийн Нэгдэл” хаалттай ХК нь “Жинст Увс” ХК-тай нэгдэх хүсэлтээ өгч, өнгөрсөн 5 сарын 8-ны өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооноос нэгдэхийг зөвшөөрсөн шийдвэр гарчээ. Энэ шийдвэрийн дагуу “Ард Санхүүгийн Нэгдэл” компани Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа арилжаалах боломжтой болсон байна.

Өнгөрсөн хугацаанд компанийн нэр солих, хувьцаа эзэмшигчдийн хувьцааг хөрвүүлэх, арилжааны тикер солих гэх мэт техникийн ажлууд хийгдсэн бөгөөд нэгдсэн компани нь Ард Санхүүгийн нэгдэл нэрээр үйл ажиллагаа явуулан, Монголын хөрөнгийн бирж дээр MSE: AARD симболтой арилжаалагдах болж, хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн мэндэлсэн байна.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь 4000 гаруй хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 20 орчим компанид хөрөнгө оруулалт хийжээ. Үүнээс гурав нь нээлттэй хувьцаат компани, зургаа нь тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг байна. Ийнхүү нэгдэх замаар нээлттэй компани болсноор олон жилийн өмнө эхлүүлсэн Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөний ажил биеллээ олж, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг, иргэн бүр хувьцааг нь эзэмших боломжтой үндэсний санхүүгийн холдинг компани болжээ.

Ард Холдингс нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Бүрэлдэхүүнд нь Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менемжмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПэй, Номын Хишиг, Крипто Үндэстэн, Дижитал Эксчэнж Монголиа (trade.mn), ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтдаг.

Ард Апп, Ард Дижитал Банкинг, ГөүПэй, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн ажээ.

Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй MSE: AARD (03262) Ард санхүүгийн нэгдэл ХК, MSE: AIC (05480) Ард Даатгал ХК, MSE: ADВ (05509) Ард Кредит ХК, MSE: MNP (05412) Монгол Шуудан ХК нь Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай юм.

Ч.ГАНХУЯГ: МОНГОЛЧУУД БҮГДЭЭРЭЭ ХӨРӨНГӨТӨН БОЛОХ СУУРЬ ТАВИГДЛАА

Цан цохих ёслолын ажиллагааны дараа Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл өглөө. Тэрбээр “Би өнөөдөр хоёр дахь удаагаа Монголын Хөрөнгийн Биржийн цанг цохиж үзлээ. Өнөөдөр Оюутолгойн хувьцаа 48 цент болсныг би боломж гэж харж байгаа юм. Монголчууддаа Хөрөнгө оруулагч үндэстнээрээ дамжуулаад хувьцаагаа авъя гэж уриалмаар байна. Монголчууд нэг талдаа гаръя. Баялаг бүтээж байгаа хүмүүсийг хараад муулаад, шагшраад суугаад байх биш, бүгд нэг талд нь гаръя гэсэн саналтай байна.

Бид тодорхой санаачлага гаргаад, 1072 ширхэг хувьцаагаа амилуулъя гэж төр засгийн удирдлагуудтай ярилцаж байна. Өнөөдөр MMC гээд манай нүүрсийг зөөж буй хувийн компани бий. Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа нь гарч байна. Монголчууд хөрөнгөтэй болъё, өв хөрөнгөө бий болгоё, ирээдүйгээ баталгаажуулж авъя, баялгийнхаа эзэн сууя гэж зүгээр ярих биш хөдөлье.

Бид Санхүүгийн зохицуулах хорооноос лицензээ авсан Үндэсний хувьчлалын сангаа ажилд оруулахад бэлэн болоод байна. Ингэснээр Хөрөнгө оруулагч үндэстэн гэдэг маань улам төгс төгөлдөр болж, жинхэнэ утгаараа монголчууд бүгдээрээ хөрөнгөтөн болох ажлын суурь тавигдсаныг зарлаж буй юм.

Бид өнөөдөр Сингапурт компаниа бүртгүүлсэн. Зөвхөн мөнгөө аваачиж өгөх биш, технологийн дэвшилтэт аргачлалуудыг Казах, Киргизийн зах зээл дээр гаргахаар шамдан ажиллаж байна. Та бүхэн мэдэж байгаа байх. Өмнө нь бид Хас банкин дээр байхад Киргиз, Хятад руу хөрөнгө оруулалт хийж байсан, амжилттай туршилтууд болсон.

Өнөөдөр бид гадагшаагаа гарахад бэлэн боллоо гэсэн үг. Дараагийн хөгжлийн шатанд бид технологиороо өрсөлдөнө. Ард койн гээд крипто урамшууллын оноо гаргасан, өнөөдөр түүнийг 300 мянган монгол хүн эзэмшиж байна. Нэг сая болоход бэлэн боллоо. Тэр ард койноор юу хийж болох вэ гэсэн асуудал гарч ирнэ. Дараа нь бид IPO хийх байх. Ард шоп нээлтээ ирэх есөн сард хийнэ. Нээлтийн үеэр Нарантуул зах, Номин дэлгүүрт зарж буй бараанаас 3-10 дахин бага буюу хамгийн хямд үнээр авах боломжийг бид бүрдүүлж байна.

Хувьцаа арилжих тухайд, бид урвуу нэгдэл гэдэг утгаар олон нийтээс мөнгө татахгүй. Манай хувьцаа эзэмшигч болсон хүмүүс хувьцаагаа зарах бол тэр хүмүүсээс л авна. Хоёрдогч арилжаа эхэлж байна гэсэн үг. Үүгээрээ онцлогтой. Тэр утгаараа урвуу нэгдэл гээд байгаа юм. Тиймээс манай хувьцааны үнэ дээшээ улам бүр өсөөсэй гэж залбирч байна.

Манай компани сайн ажиллаж байгаа. Зөвхөн холдинг компани маань хагас жилд найман тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Өнөөдөр бид гадагшаагаа гарах гээд, Оюутолгойгоо монголчууд өөрсдөө авах гээд байна. Түүний төлөө бид ажиллаж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж