Оюутолгой компани 2019 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр /2019.08.08/ танилцууллаа. Уг тайланд гүний уурхайн бүтээн байгуулалт, аюулгүй ажиллагаа, усны зохистой хэрэглээ, ажиллах хүчин, боловсрол сургалт, татвар хураамж, худалдан авалтын талаарх мэдээллүүдийг багтаажээ. Үүнээс гадна Оюу толгой компанийн ил уурхайг гавьяат геологич Д.Гарамжавын нэрэмжит болгосон тухай мэдээллээ.
ГҮНИЙ УУРХАЙН ТӨСӨЛ 16-30 САРААР ХОЦОРЧ МАГАДГҮЙ
Энэ улиралд гүний уурхайн баг бүтээмж нэмэгдүүлэх санаачилга гаргаж хэрэгжүүлсний үр дүнд зургаадугаар сард 1000 метрийн хөндлөн нэвтрэлтийн ажил гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар "Оюутолгой” компанийн гүний уурхайн төсөл амжилттай урагшилсаар байна. Барилга байгууламжийн ажил 60 хувьтай байгаа аж. Гэхдээ одоо ашиглагдаж буй зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, эрсдэл үүсэх магадлалтай байна. Уг төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх шаардлагатай байгаа юм. Үүнээс болоод тогтвортой үйлдвэрлэл заасан хугацаанаас 16-30 сараар хоцрох урьдчилсан тооцоо байгаа гэнэ.
Энэ улиралд 39156 тонн зэс олборложээ. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 0,6 хувиар бага байгаа юм. Харин алтны унаци 71825 байгаа нь өмнөх жилээс 43,7 хувиар илүү байгаа аж. Тээрэмдсэн хүдрийн хувьд мөн үеэс 12,3 хувиар өссөн байна. Гэвч үйлдвэрлэсэн зэс болон алтны хэмжээ өмнөх улирлаас буурсан үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч 2019 оны зэс, алтны төлөвлөгөөг биелүүлэхээр ажиллаж байна хэмээн Гүйцэтгэх захирал Армандо Торрес мэдэгдлээ. Тус компани энэ оны эхний хагас жилийн байдлаар 107 сая ам.долларын татвар төлжээ. Мөн 689 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 484 үндэсний компани бөгөөд худалдан авалтын 76 хувийг зарцуулсан байна. Зөвхөн Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдээс 488 сая ам.долларын бараа, үйлчилгээ, худалдан авалт хийсэн байна. 2010 оноос 2019 оны хоёрдугаар улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад нийтдээ 2,9 тэрбум ам.доллар зарцуулжээ.
Мөн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжил сургалтын төв болон дээд боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд сургалт явуулж нийт 13266 үндсэн болон гэрээт ажилчин хамрагджээ. Оюутолгой компани ажилчдынхаа эрүүл мэндийг сахих үүднээс гүний уурхайд тамхи татахыг хориглож, нэг жилийн хугацаанд тамхинаас татгалзах хөтөлбөр хэрэгжүүлжээ. Мөн тэдний амралт, унтах цагийг нарийвчлан судлах, сэтгэл зүйч ажиллуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж буй талаар тус салбарыг хариуцсан мэргэжилтэн Г.Баттулга мэдээлэв. Түүнчлэн нөхөн сэргээлтийн чиглэлээр 2015-2019 оны хооронд 68 мянган тарьц суулгацыг Өмнөговь аймгийн ард иргэд, албан байгууллагуудад үнэгүй нийлүүлсэн байна. Энэ хүрээнд говийн аймгуудын эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан эрдэм шинжилгээний бага хурал мөн зохион байгуулжээ.
“Оюу толгой” компани аюулгүй ажиллагааг хамгийн их чухалчилдаг бөгөөд 2019 онд тус компани аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээрээ “Рио Тинто” группийн хэмжээнд тэргүүлсэн хэвээр байна” хэмээн Г.Баттулга онцлов. Харин усны хэрэглээний хувьд нэг тонн зэс угаахдаа 0,35-0,4 шоо метр ус хэрэглэж байгаа нь бусад улстай харьцуулахад бага юм. Өнөөдрийн байдлаар усыг дахин ашиглалт 88-90 хувьтай байна.
Үйл ажиллагааны тайлангийн үеэр Гүйцэтгэх захирал Армандо Торрес хэлэхдээ “Бид одоо байгаа гэрээг хөдөлгөхгүйгээр үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Мэдээж Монгол улсын дээд байгууллагын хууль дүрмийг хүндэтгэж байна. Гэхдээ цахилгаан станцын санхүүжилт, хөрөнгийг босгохын тулд Олон улсын зах зээл дээр гарах нэн шаардлагатай байгаа юм” гэв.
Холбоотой мэдээ