Путин Монголд айлчлах уу?

Хуучирсан мэдээ: 2019.08.08-нд нийтлэгдсэн

Путин Монголд айлчлах уу?

Путин Монголд айлчлах уу?

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад ирэх есдүгээр сарын эхээр айлчлах сурагтай байна. Сурагтай байна гэхийн учир нь, одоогоор Владимир Путин Монгол Улсад айлчилна гэсэн албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байгаа билээ.

Энэ тухай ТАСС агентлаг Кремлийн хэвлэлийн албанаас тодруулахад, Владимир Путиныг Монгол Улсад айлчлахыг үгүйсгэхгүй гэсэн хариу өгсөн ажээ.

Харин ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас "Ерөнхийлөгч Владимир Путиныг Монгол Улсад айлчлах тухай Москвагаас албан ёсны мэдээ хараахан ирээгүй байна. Бид Ерөнхийлөгч Владимир Путиныг Монгол Улсад айлчилна гэдэгт найдаж байна" хэмээн тайлбарласан юм.

Ямартай ч,  Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хоёр улс өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлнэ гэдгийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэж байсан удаатай. Энэ хүрээнд наймдугаар сарын 26-нд А.В.Александровын нэрэмжит Оросын армийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид манай улсад хүрэлцэн ирэх юм. Тус чуулгын тоглолт наймдугаар сарын 28-нд Сүхбаатарын талбайд болох ажээ. Мөн Игорь Моисеевын нэрэмжит Улсын ардын бүжгийн эрдмийн чуулга есдүгээр сарын 03-нд манай улсад хүрэлцэн ирнэ гэдгийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлж байна.

Холбоотой мэдээ

ОХУ-ын Ардын бүжгийн эрдмийн чуулга Монголд ирнэ

ОХУ-ын Ардын бүжгийн эрдмийн чуулга Монголд ирнэ

2000 ОНД ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ВЛАДИМИР ПУТИНЫ АЙЛЧЛАЛЫН ҮР ДҮНД ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААНД ШИНЭ ХУУДАС НЭЭГДСЭН 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нь анх 2000 онд Монгол Улсад төрийн айлчлал хийснээр хоёр улсын харилцаанд шинэ хуудсыг нээсэн гэж үздэг. Айлчлалын үеэр “Улаанбаатарын тунхаглал”-ыг баталж, олон талт хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийг тодорхойлсон  юм.

Харин 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Дмиртий Медведев Монгол Улсад албан ёсоор айлчлахад “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглал” батлагдаж, стратегийн түншлэлд үндэслэсэн хоёр орны харилцааг улам бэхжүүлэв.

Хоёр улсын стратегийн түншлэлийг улам баяжуулсан айлчлал 2014 онд тохиосон юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халх голын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад ажлын айлчлал хийж байсан билээ. Айлчлал ердөө зургаан цаг үргэлжилсэн ч маш үр дүнтэй болж, Засгийн газар, агентлаг, салбар хоорондын 15 хэлэлцээр баталжээ.

Уг айлчлалын үеэр 1993 онд хоёр улсын хооронд хийгдсэн визийн горимыг хөнгөвчилсөн нь хоёр улсын иргэд харилцан 30 хоногийн дотор визгүй зорчиж, хил орчмын худалдаанд томоохон дэвшил болсон юм.

2016 онд хоёр улс "Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр"-ийг баталсан. Мөн Монгол Улс нь ОХУ-Монгол-БНХАУ гэсэн гурван талт механизмыг санаачилж, энэ хүрээнд "эдийн засгийн коридор" байгуулах хөтөлбөрийг гурван талаараа хэлэлцэн баталсан нь ОХУ, Монгол Улсын харилцаанд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд бодит алхам болно хэмээн судлаачид үздэг.

Тэгвэл энэ удаагийн айлчлалаар ямар асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд айлчлалын албан ёсны мэдээ Москвагаас ирээгүй байгаа гэдгийг дахин дурдах нь зүйтэй юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, Монгол Улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын өмчийн барилга байгууламж байдаг бөгөөд тэдгээр барилга байгууламжийн асуудлыг Монголын талд шийдэх асуудлыг хэлэлцэж магадгүй гэсэн мэдээ байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт  56 багц барилга, байгууламж байдаг бөгөөд дипломат статустай, энгийн гэж хоёр ангилдаг ажээ. Дипломат статусгүй барилга байгууламжийн хувьд 49 багц барилга байдгаас нийслэлийн Баянзүрх дүүргийн XY хороолол, Баянгол дүүргийн IY хороо, мөн Төв, Дархан-Уул, Орхон, Дорнод аймагт орон сууцны болон бусад зориулалтын барилгууд байдаг аж.

Одоогийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах ОХУ-ын барилга объектуудаас нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооллын XYII, XY хорооллын I, YII, XI, XII, XIII байр, Дархан-уул аймгийн Дархан сумын 22 дугаар хорооллын III, IY байр зэрэг орон сууцны нийт 8 байранд манай улсын 554 өрх айл 1998 оноос хойш түрээсээр амьдарч иржээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж