ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг олон улсын цэргийн наадам тав дахь жилдээ Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн “Аравт” олон улсын морин цэргийн уралдаанд ОХУ, Монгол, Киргиз, Казахстаны баг оролцож байгаа бөгөөд тэмцээний сүүлийн гараа өнөөдөр болж, хаалтын ажиллагаа болох юм. Төв аймгийн нутаг Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болж буй “Аравт” морин цэргийн наадмын хоёр дахь даалгавар холимог буухиагаар тамирчид явганаар 3,1 км, морьтойгоор 4,1 км замыг туулах бөгөөд энэ явцдаа маршрутын дагуу байрлах цэгүүдэд өгөгдсөн гранат шидэх, саадын зурвас туулах, буудлагын дасгал гүйцэтгэнэ.
Киргиз, Казахстаны баг энэ даалгаварыг өчигдөр гүйцэтгэсэн бол Монгол, ОХУ-ын баг сугалааны дагуу өнөөдөр гараанаас гарна.
“Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааны хаалтын ёслол өнөөдөр болох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал А.В.Фоминтой Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд уулзалт хийхээр болжээ. Энэ удаагийн морин цэргийн наадмыг сурвалжлахаар ОХУ-аас хэвлэл мэдээллийн баг хүрэлцэн ирсэн бөгөөд БНХАУ, АНУ, Вьетнам, Зимбабве улсууд ажиглагчаар оролцож байна.
Энэхүү уралдаан спортын бус цэргийн албан хаагчдын дунд явагддаг уралдаан юм. Олон улсын наадмын явцад цэргийн албан хаагчид өөрсдийнхөө мэргэжлээр өрсөлдөж, цэргийн гадаад харилцааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, улс үндэсний зан заншил, уламжлалаас суралцах гээд маш олон давуу талтай. Тиймээс Монгол Улсад анх удаа морин цэргийн наадмыг зохион байгуулж, өнөөдөр өндөрлөх гэж байна. Иргэд сүүлийн өдрийн тэмцээн болон хаалтын ажиллагааг Төв аймгийн нутаг Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд үзэх боломжтой бөгөөд АРАВТ фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлэл авах боломжтой аж.