Дэлхийн талыг эзэлсэн Монгол морины гайхамшгийг мэдэрлээ

Хуучирсан мэдээ: 2019.08.08-нд нийтлэгдсэн

Дэлхийн талыг эзэлсэн Монгол морины гайхамшгийг мэдэрлээ

Дэлхийн талыг эзэлсэн Монгол морины гайхамшгийг мэдэрлээ

Амралт, чөлөөт цагаа залуус хэрхэн өнгөрүүлж байна вэ. Энэ асуултад хариулт авахаар залуусын төлөөлөл болох энгийн нэгэн төрийн албан хаагчтай уулзлаа. Түүнийг Гантулгын Одонтуяа гэдэг. Тэрбээр амьдралын эрүүл, идэвхтэй хэв маягийг чухалчилдаг нэгэн. Тэр зуны амралтаа илүү үр дүнтэй, дурсамжтай өнгөрөөхийг зорьсон байна.


-Саяхан “Хагийн хар нуур” луу морин аялал хийгээд ирсэн гэж сонслоо. Амралтын сонин хачнаасаа хуваалцахгүй юу?

-Миний хувьд энэ аяллыг хоёр жил хүсч, мөрөөдсөн. Энэ жил мөрөөдлөө биелүүллээ. Төв аймгийн нутагт орших үзэсгэлэнт сайхан байгальтай “Хагийн хар нуур” луу морин аялагчдын клубын залуустайгаа яваад ирлээ. Тэр бүр машин хүрч чаддаггүй учраас маш онгон дагшин байгальтай газар. Тийш нь зөвхөн мориор очих боломжтой учир адал явдалд /экстрим аялал/  дурлагчдын хувьд их сонирхолтой аялал болдог. Миний хувьд анх удаа олон цагаар морьж унаж, багагүй бартаат замыг туулж, нэг ёсондоо өөрийгөө хэр тэвчээртэй вэ гэдгийг сорьсон гэж болно. Биднийг аялах үеэр их бороотой байсан учраас аялал маань илүү адал явдалтай байлаа. Газар нойтон шалбааг их, намагтай, дээр нь маш өндөр давааг давдаг. Замын бараг 30-40 хувь нь намаг байсан. Энэ бүхнийг жинхэнэ Монгол морины хүчээр даван туулсан. Намаг руу ороод морьтойгоо доошоо шигдсэн л дээ. Арын хоёр хөл нь суугаад хондлойгоор намгийн шавар халиад гараад ирчихсэн. Би ч дотроо за ингээд бүх юм өнгөрлөө л гэж бодсон. Гэр бүл, үр хүүхэд нүдэнд үзэгдээд л их айсан. Тэгээд мориныхоо амыг сул тавиад, ярилцаж эхэлсэн. Чи ухаантай, хүчтэй шүү алив гараарай гээд л. Тэгсэн морь маань зүтгэсээр байгаад гараад ирж байгаа юм. Үнэхээр биширсэн. Аргагүй л дэлхийн талыг Чингис хаан мориныхоо хүчээр байлдан дагуулжээ гэж бодогдсон шүү.

-Урьд нь морь унаж байв уу, хэр ядарсан бэ?

-Би Ховд аймгийн Зэрэг сумын хүүхэд. Хөдөө өссөн болохоор мэдээж морь, малтай ойр байлгүй яах вэ. Гэхдээ морь уналгүй их удсан байна. Аяллын хугацаанд бараг 12 цагийн турш мориноос буулгүй явсан. Мэдээж аюулгүй байдлаа маш сайн хангаж, хөтчийнхөө зааварчилгааг дагах ёстой. Дээрээс нь хувь хүнээс их тэвчээр шаардана. Жинхэнэ өөрийнхөө бодгаль чанарыг таниж байгаа юм л даа. Буугаад буцаад явчихмаар, шантармаар, айгаад уйлчихмаар тэгсэн хэрнээ сонирхолтой.Уг нь их ядрах байх гэж бодсон. Гэтэл харин ч надад сайхан амралт болсон шүү. Машинаар давхиад л өнгөрөхөд бид байгалийн сайхныг сайн харж чаддаггүй юм байна. Харин морин аялал бол уул, ус, газар шороондоо илүү ойртож, өөрийн биеэр мэдрэх боломжийг олгодог. Нэг ёсондоо хүн тархиа амрааж, нүдээ баясгаж, дотроо бясалгаж чадна гэх үү дээ.

-Зорьсон газраа хүрээд ямар сэтгэгдэл төрөв? Тэгж их тэвчээр гаргаж очоод нүд, сэтгэлээ баясгаж чадав уу?

-“Хагийн хар нуур” бол битүү ой модоор хүрээлэгдсэн газар байдаг. Өндөр давааг даваад л морь ч би ч өөрийн мэдэлгүй урагш зүтгэсэн. Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй байгалийн үзэмж бүрдсэн газар. Зам нь бартаатай учир тэр бүр аялагчид очоод байдаггүй. Тиймээс онгон дагшин хэвээрээ. Үнэндээ олон хүний хөлд бүү дарагдаасай гэж бодсоноо нуугаад яах вэ. Нэг ч гэсэн газар ийм сайхнаараа байг л дээ. “Өгий нуур”, “Туул”, “Тэрэлж” шиг болчих вий гэсэн харамлах сэтгэл төрсөн.

-Дотоодын аялал жуулчлал нэг үеэ бодвол их сайн хөгжиж байна. Нөгөө талаар аялагчид хог хаягдал хаяж, бохирдуулж байна гэж шүүмжилдэг?

-Олон хүний хөлд дарагдаад ирэхээр хэцүү л дээ. Гэхдээ ажиглаад байхад манай залуус бас их ухамсартай болжээ. Бидний аялал бол морин байхаас гадна эко байсан. Энэ нь байгальтайгаа илүү ойртож, тэр хэрээр хайрлах, хамгаалах сэтгэл төрдөг юм байна лээ. Хог хаяж биш түүж аялсан. Амарч буудалчихаад, хогуудаа уутанд хийгээд явж байлаа. Ямар ч хүн ирээгүй мэт харагдахаар. Нөгөө талаар дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зорьж байгаа бол орчин нөхцөлийг нь сайжруулах хэрэгтэй юм шиг санагдсан. Бид хогоо хаяхгүй, ил задгай бие засахгүй баймаар байна. Гэтэл ойр хавьд хогийн сав, эко нойл байдаггүй. Олон газраар явахад ийм л байсан. Гэлээ гээд хогоо ил хаяж, гол ус руугаа ойр бие засаад байж болохгүй. Хүн чинь нэгэндээ их нөлөөлдөг. Хамт яваа хүмүүс дунд нэг цэвэрч, соёлтой хүн байвал бусад нь дагаад л дууриана шүү дээ. Бидний хувьд угаасаа эко аялал хийж байгаа учир анхнаасаа байгальдаа ээлтэй аялна гэж тохирсон. Тэгээд нэгэндээ шаардлага тавихад  их сайн хүлээж авна.

-Хүсэл, сонирхол нэгтэй, үеийн залуус хамтдаа цагийг дурсамжтай өнгөрүүлнэ гэхээр сайхан юм. Ил галын дэргэд тойрч суучихаад, гитараа дарж дуулаад, жаргах нарны туяа хараад л нэг тийм романтик төсөөлөл буугаад байна?

-Энэ чинь аяллын хамгийн сайхан хэсэг. Голын хоржигнох чимээ сонсонгоо хээрийн кофе шимээд л жаргах нарны туяанд маргаашаа, ирээдүйгээ сайхнаар бодож мөрөөднө. Хоорондоо мэдээлэл солилцож, адал явдал, дурсамжаа хуваалцана. Инээлдэнэ, хөгжилдөнө. Энэ хүртэл яваад ирлээ гэж өөрсдөөрөө бахархах сэтгэл төрнө. Ингэж л аяллын багахан ядаргаагаа тайлж байгаа юм. Гэхдээ эрүүлээр шүү. Бид нэг ч алкохол авч яваагүй. Амрах гэж байгаа хүмүүст архи шиг хэрэггүй эд юу байх вэ. Аялах биш улам ядрах юм болно.

-Монгол орныхоо хэр олон газраар явав. Аялж, амрахын сайхан нь юу вэ?

-Өөрийнхөө хэмжээнд аялаад л явж байна. Говийн аймгуудаас бусад газраар ер нь явсан байх шүү. Миний бодлоор аялал гэдэг бол зүгээр диван дээрээ удирдлага бариад хэвтэх биш юм. Үүний оронд байнга байдаг “конфорт зон”-соо гарч, өөр орчинд, шинэ найз нөхөдтэй болж, мэдэхгүй, чадахгүй олон зүйл сурах бол жинхэнэ амралт. Нэг ёсондоо өөрийгөө таниж, шалгаж, ойлгох хэрэгтэй. Би бүр “Яана амралт дуусчих вий, хурдхан нэг тийшээ явахгүй бол болохгүй. Заавал үр дүнтэй амрана шүү” гэж өөртөө сануулсаар байсан. Монгол орноороо аялна гэдэг чинь нэг талаар амралт болохоос гадна хамгийн гол нь эх орноо улам илүү хайрладаг болдог юм байна. Чулууг нь хөндчихгүй юмсан, гол усыг нь бохирдуулахгүй юм шүү гэж их хичээнэ. Бидний өвөг, дээдсийн үлдээсэн энэ сайхан онгон дагшин байгалиа энэ чигээр нь үр хүүхэддээ үлдээх юмсан гэсэн хүсэл төрж байсан. Нэг удаа би баруун бүсийн хил орчмын нутгуудаар явж байсан. Эх орныхоо дархан хийлийн манаанд зогсож буй хилчидтэй уулзаад явж байхдаа дараа ирэхдээ заавал хүүтэйгээ ирнэ дээ гэж өөртөө амласан. Миний хүүг Эрдэм-Ундрах гэдэг. Хүү минь цэрэг эрсийн дархан манаа, энэ сайхан газар нутгийг заавал харах хэрэгтэй. Тэгж байж эх орноо хайрлаж, хамгаалах сэтгэлтэй эр хүн болно. Ирээдүй хойч минь үүнийг мэдэрч өсөх ёстой гэж бодсон.

Аяллын нэг зорилго бол яалт ч үгүй энэ мөн. Гэр бүлээрээ аялж, үр хүүхээддээ дурсамж үлдээж байна. Мөн нутаг усныхаа үүх түүхийг ярьж өгч, нүдээр харах боломжтой болно?

– Би Баян-Өлгий аймагт явж байхдаа нэг талаар харамссан л даа. Уул, толгодынх нь нэр ус ихэнх нь өөрчлөгдсөн байсан. Урьд нь өөр нэртэй байсан гэдгийг настай буурлууд маань мэдэж байгаа. Гэтэл бидний үр хүүхэд одоогийнх нь нэршлээр  хүлээж авна. Магадгүй үүнийг дагаад тухайн газар орны үүх түүх, үлгэр домог нь өөрчлөгдөж мэдэх юм. Бид ядаж амнаас ам дамжин ярьж, хүүхдүүддээ тайлбарлаж өгвөл тэд ойлгоно. Ингэхдээ зүгээр ярих биш дагуулж яваад, нүдээр үзүүлбэл өөр шүү дээ. Жишээ нь миний хүү байгальд хог хаяж болохгүй гэж хэлэхээс илүү дагуулж яваад өөрөө үлгэрлэж харуулбал үр дүнтэй. Тэгээд ч хүн мөнх биш. Бидний амьдралд дурсамж л үлддэг. Боломж л олдвол гэр бүлээрээ сайхан аялж байгааарай. Энэ чинь л жинхэнэ амралт болно.

-Зуны амралтаа аялж өнгөрөөжээ. Ер нь чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрөөдөг вэ? Амьдралын нэлээн идэвхтэй санагдсан.

-Хүн ер нь эхлээд хоббигоо олох ёстой юм байна. Би юунд дуртай вэ, надад юу таалагддаг вэ, үүнийг хийхэд аз жаргалтай болж чаддаг уу гээд өөрийгөө таниж мэднэ. Ингэхийн тулд олон зүйлийг сонирхож, оролдох хэрэгтэй. Би өөрийгөө дөвийлгөж, магтаж байгаа юм биш шүү. Гэхдээ би аль болох амьдралын идэвхтэй хэмнэлтэй байхыг эрмэлздэг. Эрүүл зөв хооллож, унадаг дугуйгаар ажилдаа явж, ууланд алхахыг хичээдэг. Одоо минималист болохыг зорьж байна. Саяхан хувцасны шүүгээгээ онгойлгож үзлээ. Хувцасныхаа бараг тавь, жаран  хувийг өмсдөггүй юм байна. Дараа өмсөнө гэж хадгалаад л байдаг. Тэгээд бүгдийг нь зоригтойгоор хаясан. Ариун цэврийн өрөөгөө харсан. Сүүлийн хоёр жил хэрэглээгүй эд зүйл их байсан. Бүгдийг нь ялгаж ангилсан. Үүний дараа гэр орон цэвэрхэн илүү тухтай болсон юм шиг санагдсан. Бүр тархи ч цэгцэрчихсэн. Рестарт хийгээд хог болсон таагүй бодлуудаа устгачихсан гэх үү дээ. (инээв)

-Дугуй, скүүтрээр ажилдаа явдаг байсан, хотын энэ их түгжрэлд хамгийн хурдан, хэмнэлттэй унаа байх?

-Би одоо Налайхад амьдарч байгаа. Урьд нь хотод амьдарч байхдаа ажилдаа дугуй, скүүтрээр явдаг байв. Зургаан жилийн өмнө гэсэн үг. Тэгэхэд одоотой харьцуулахад ийм хэв маяг бага байсан. Дугуйн зам ч бага. Би машин дундуур сүлжээд л явчихна. Жолооч нар исгэрэх, шүгэлдэх, инээлдэх, араас дуудах бол энгийн үзэгдэл байлаа. Тэдний хуьд харин ховор зүйл байсан байх. Одоо бол тоохоо байсан шүү дээ. Ийм эрүүл хэв маягийг залуус илүү эрхэмлэж байна. Дугуй унаж байгаа үед заавал өндөр үнэ төлж спинингд явах шаардлагагүй. Хөдөлгөөний дутагдалд орно гэж байхгүй. Тэгээд ч санхүүд хэмнэлттэй. Ямар бензин тосны мөнгө хийх биш. Эрч хүчтэй, спортлог залуус нэгдсэн Дугуйн клуб байдаг юм. Би түүний идэвхтэй гишүүн. Хаяа дугуй унамаар санагдаад хот руу ирж тэдэнтэй хамт хаашаа ч хамаагүй жийдэг. Стрессээ ингээд л тайлчихдаг.

-Одооны залуус болохгүй байна, бидний үед ийм байгаагүй гээд ахмадууд хаяа бухимдаж харагддаг. Гэхдээ энэ бол зарим хэсэг нь шүү гэж хэлмээр байдаг. Үеийнхэндээ үлгэр жишээ болж буй залуус олон байгаа шүү дээ?

-Одоо хүмүүс цахим орчныг илүү соёлтой ашиглах болжээ. Өдөржин сошиал ертөнцөөр тэнэж, хэрэгтэй, хэрэггүй хов живийн мэдээллээр өөрийгөө ядраах цаг өнгөрсөн. Фэйсбүүк, инстаграмд хүсэл, сонирхол нэгтэй залуусын маш олон бүлэг байдаг. Тэд биенээ огт танихгүй мөртлөө нэгэндээ эерэгээр нөлөөлдөг. Мэдээлэл солилцож, хийж чадсан зүйлээрээ бусдыгаа уриалж, урам өгч, хурцалж байдаг. Хүн өөрөө л сонголт хийдэг. Би амжилтын замаар өгсөх үү, амьдралаа алдах замаар уруудах уу гэж. Үүний тулд өөрийгөө нээж, таниж, сорьж байх хэрэгтэй болов уу. Өдөр бүр хичээж, үлгэр жишээ залуусаас суралцаж, заавал чадна гэж хүүгийнхээ төлөө зүтгэж яваа минь хамгийн сайхан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж