Улаанбаатар-Дархан чиглэлийн зам 15 хоногийн хоцрогдолтой явна

Хуучирсан мэдээ: 2019.08.08-нд нийтлэгдсэн

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам 15 хоногийн хоцрогдолтой явна

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам 15 хоногийн хоцрогдолтой явна

News агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юу байна вэ” хэмээх буланг хүргэдэг билээ.  Урин дулааны цагт нийслэлд төдийгүй орон нутагт зам засвар, бүтээн байгуулалтын ажил өрнөдөг.Ердөө гуравхан сарын дотор бид хамаг л бүтээн байгуулалтынхаа гол хэсгийг нугалдаг гэхэд болно. Тэгвэл энэ жил улсын болон олон улсын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа зам засварын ажлын талаар танилцуулж байна.


2019 онд улсын болон гадаадын төсөл хөтөлбөр, төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 30 төсөл арга хэмжээ буюу 1549,3 км хатуу хучилттай зам  тавихаар төлөвлөсөн.  Улсын төсвийн  хөрөнгө оруулалтаар хийгдэж буй зам засварын ажил 51 хувьтай, гадаадын зээл тусламжаар   барьж буй зам засварын ажил 57,2 хувьтай, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтын зам барилгын ажил 39,5 хувьтай байна. Улсын хэмжээнд зам, барилгын ажил 52,3 хувийн гүйцэтгэлтэй байна.

ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВДАГ ЦЭГИЙН ТООГ НЭМНЭ

Авто замын салбарын төсөв батлагдах үед салбарын сайд нь автозамын сангийн хөрөнгө нэмэгдүүлэх, шинээр зам тавих асуудал яригддаг ч төсөв батлагдах үед хасагддаг. Энэ жилийн хувьд ч мөн адил төсөв бага,  зам засварын ажилд хүрэлцэхгүй байгаа юм байна. Олон улсын болон авто зам ашигласны төлбөр хураамжийг нийт 19 цэгээр авдаг.  2018 онд гэхэд энэ цэгээр  авч буй төлбөр 7,6 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Гэтэл  авто зам засварын ажилд 90 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байдаг аж. Ялангуяа бороо их орж, зам эвдэрсэн учраас Засгийн газраас өчигдөр авто зам ашигласны төлбөр авдаг цэгийн тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргав. Жишээлбэл, Улаанбаатараас Эрдэнэт хүрэхэд байрлах 3 цэг байдаг бөгөөд одоо 2 л цэгт мөнгө төлж зорчиж байгаа бол энэ тоог гурав болгох байдлаар нэмэгдүүлж,  авто замын сангийн мөнгөө нэмэгдүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, зам засахад иргэн таны халааснаас гарах мөнгө нэмэгдэнэ гэсэн үг.  Түүнээс гадна “Автозамын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журам”, “Автобензин, дизелийн түлшний албан татварын орлогоос Автозамын санд төвлөрүүлэх хувь хэмжээ”-г хавсралтаар батлав. 2020 онд автобензин, дизелийн түлшний албан татварын орлогоос нэг тонн тутамд 18 мянган төгрөгийг Автозамын санд төвлөрүүлэхээр болжээ.

УЛААНБААТАР-ДАРХАНЫ ЗАМЫН АЖЛЫГ ТАВАН КОМПАНИ БАРИНА

Энэ шинээр тавигдаж буй улсын чанартай замын нэг бол Дархан-Улаанбаатар чиглэлийн зам. Таван ч аймгийг нийслэлтэй холбодог, олон улсын чанартай зам учраас замын ажил иргэдийн дунд багагүй шүүмжлэл дагуулаад байгаа юм. Энэ зам 82 жилийн настай ч сүүлийн жилүүдэд хэсэгчлэн шинэчлэх, шинээр зам тавих, засварын ажлыг хийж байсан. Гэхдээ энэ жил  замыг бүрэн шинэчилж, ирэх арваннэгдүгээр сард эхний хэсгийг дараагийн хэсгийг 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй. Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Дархан-Улаанбаатар чиглэлийн замын суурины доод үе нь гэхэд 30 см. Цементээр бэхжүүлсэн хөрсөн суурь 20 см. Цементэээр бэхжүүлсэн буталсан чулуу нь 20 см. Асфальтан битон хучилт 10 см. Тэгэхээр 80 см зузаан зам болно. Урт настай зам болно гэж бодож байна. Дарханы зам арваннэгдүгээр сард дуусна.  Компаниудтай ийм гэрээтэй ажиллаж байгаа. Дарханы замын санхүүжилтын асуудал зөвлөх компани болооод төслийн удирдах нэгжээрээ шалгалт тавиад явсан дүнгээ гаргаж, АХБ-д мэдээлээд түүний дараа төсвөө батлуулна. Энэ бол манай дансанд орохгүй. Шууд Азийн хөгжлийн банкнаас хуваарилна.” гэв. Үүний дараагаар замын явцын талаар мэдээлэл өгөв. Тус замыг хэсэгчлэн таван багц болгон замыг шинэчлэх ажлыг тус бүр өөр компани гүйцэтгэж байгаа юм” гэсэн юм.

Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг тав хувааж, хэсэгчлэн өөр өөр компаниуд гүйцэтгэж буй. Бороо орсны улмаас замын ажил төлөвлөсөн хугацаанаас 15 хоногоор хоцорч байгаа бөгөөд 24 цагаар ажиллах, шөнөөр гэрэл тусгаж ажиллах зэргээр компаниудад шаардлага тавьж ажиллаж байгааг салбарын сайд нь хэлсэн юм.

УЛДААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН АЖИЛ:

  • Баруун аймгууд руу явах уулзвараас Хармодотын даваа хүртэл 37.2 км авто замын ажлын түр замын байгуулах ажлын явц 92 хувьтай байгаа бол талбайн цэвэрлэгээ 63.3 хувьтай байгаа юм байна. Одоо байгаа асфальт битон хучилтын ажил 34.8 хувьтай, замын нийт ажлын явц 20 хувьтай байна.
  •  Хар модотын даваанаас өргөн хүртэл 30 км нь хоёрдугаар багцад хамаарна.  Түүний хэлснээр “Энэ зам дээр бид АХБ-тай дахин хэлэлцэж, шаардлагатай бол компанийг цуцалъя гэсэн. Одоо ажил идэвхжсэн. Ажлын явц найман хувьтай байна. Үүнийг идэвхжүүлэхэд яамнаас анхаарч байгаа. Нэг, гурав, тавдугаар багцын ажил хэвийн байгаа” гэсэн юм.
  • Урьханаас Сүмбэр хүртэл. Нийт ажлын явц 15 хувьтай байна.
  • Сүмбэрийн уулзвараас, Цайдамын хөндийг хүртэл 45 км.  Замын нийт ажлын явц 5.7 хувь байна. Талбай дээр 46 ажилтан байгаа.
  • Цайдамын хөндийгөөс Дархан хүртэл 30.5 км авто зам. Нийт ажлын явц 15 хувьтай байгаа. Ажлын талбайд 68 ажилтан байна.

НАЛАЙХЫН ЗАМЫН АЖЛЫН ЯВЦ НАЙМ ХОНОГООР ХОЦОРЧ БАЙНА

Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буусан 470 метрийн урттай, 16.5 м өргөнтэй, дөрвөн эгнээ Замын цагдаагийн гүүрэн гарц, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замын ажлыг ирэх ес, аравдугаар сард дуусгах төлөвлөгөөтэй байгааг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлж буй. Өнгөрсөн өдрүүдэд бороо их орсноос Налахйх чиглэлийн түр зав эвдэрч, хөдөлгөөний бүрэн хаасан ч шуурхай арга хэмжээ авч, удалгүй нээсэн.

Улаанбаатарт дөрвөн томоохон гүүрэн гарц ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Эдгээр гүүрийн ажлыг ирэх аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна гэдгийг Зам тээврийн хөгжлийн сайд онцолсон юм.  Сонсголонгийн шинэ гүүрийг саяхан нээсэн бөгөөд одоогоор хуучин гүүрээ засварлах барилгын ажлыг хийж байна. Мөн Яармагийн гүүрийн ажил дуусаад хөдөлгөөнөө нэвтрүүлсэн. Замын цагдаагийн баруун урд уулзварын гүүрийг график хугацаанд нь хийж байна. Үндсэндээ хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч бид график төлөвлөгөө болон хүн хүчээ шавхаад 1.6 жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр болсон.  Замын цагдаагийн гүүрийн барилгын ажил аравдугаар сарын 20-н гэхэд дуусна. Үндсэн 477 метрийг есдүгээр сард багтаахаар ажиллаж байна. Замын цагдаагийн гүүр, Яармагийн гүүр бол Монголд хамгийн анх удаа хэрэгжиж байгаа томоохон төслүүд юм. Олон улсын стандартад нийцсэн, хөдөлгөөн зохицуулалтын хувьд зөв шийдэлтэй төдийгүй тухайн бүсийнхээ түгжрэлийг 40-50 хувь бууруулна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж