АНУ-ын батлан хамгаалах яамны сайд Марк Эспер Монгол Улсад хийх айлчлал өнөөдөр /2019.08.08/-өөс эхэлнэ. Тэрбээр өчигдөр орой Монгол Улсад газардсан бөгөөд тэрхүү бичлэгээ өөрийн твиттер хуудастаа оруулжээ. Жиргээндээ, “Монголд ирлээ! АНУ-Монголын нийтлэг үнэт зүйлс, түншлэлийн бат бэх хэлхээ холбоо, дэлхий даяар ардчилал, эрх чөлөөг дэмжих үүргээ батлан харуулах болно” гэжээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эсперийн Монгол Улсад айлчиллаа пүрэв гариг буюу өнөөдөр болох юм. Марк Эсперийг Лхагва гаригийн орой Улаанбаатар хотноо Чингис хаан олон улсын нисэх буудалд газардахад Монголын албаныхан ааруул, цагаан идээ барин угтсан аж. Тэрбээр өнөөдөр гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч болон Батлан хамгаалахын сайд нартай уулзахаар төлөвлөжээ.
Айлчлалаар дамжуулан Хятад, Оросын эсрэг стратегиа хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой Монгол Улстай харилцаагаа гүнзгийрүүлэхийг Пентагон зорьж байна. Газрын зураг дээр Монгол Улс нь ОХУ болон Хятад гэсэн хоёр том гүрний дунд оршдог, далайд гарцгүй орон боловч ирэх 10 жилд Пентагоны тэргүүлэх чиглэл болно гэж харжээ. Марк Эсперийн АНУ-ын Батлан хамгаалахын сайдын хувиар олон улсад хийж буй анхны айлчлалд Монгол Улс багтсан нь бүс нутаг дахь тус улсын ач холбогдлыг өргөж байна. Сүүлд 2014 онд АНУ-ын батлан хамгаалахын сайд асан Чак Хагель Монгол Улсад дөрвөн цаг саатсан байдаг. Харин энэ удаа Марк Эспер Улаанбаатар хотод нэг шөнийг өнгөрөөгөөд дараагийн улсыг зорьжээ.
Түүнийг Монгол Улсад айлчилсантай холбогдуулан морь бэлэглэсэн байна.
Айлчлалын өмнө энэ долоо хоногийн эхээр Марк Эспер хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол Улс нь байршлаасаа ч тэр, гуравдагч хөршийн бодлогын хүрээнд бидэнтэй илүү хамтран ажиллах хүсэлтэй байгаа ч тэр миний энд айлчилж буйн гол шалтгаан юм” хэмээжээ. Түүнчлэн АНУ-ын албаныхны мэдээлснээр Марк Эспер нь Монгол Улстай хамтын ажиллагааны нөхцөл байдалтай танилцаж, цаашид хэрхэн өргөжүүлж болохыг судлах аж.
Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол Улс нь АНУ болон бусад орноос хөрөнгө оруулалт татаж, Хятадаас эдийн засгийн хамаарлыг бууруулахыг зорьж байна. Түүнчлэн өнгөрсөн долдугаар сарын сүүлээр Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга Вашингтонд айлчлан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан.
АНУ-ын талаас Монгол Улстай цэргийн дасгал сургуулилт зэрэгт илүүтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаа нь хүйтэн цаг агаарт нь цэргүүдээ дасгах, дадлагажуулах давуу талтай гэж харжээ. Монгол Улс нь АНУ-ын тогтвортой цэргийн хамтрагч орон бөгөөд Ирак, Афганистан дахь Вашингтоны тэргүүлсэн ажиллагаанд 200 орчим цэргээ илгээжээ.
Үүнээс гадна АНУ нь Хятадтай худалдааны дайн эхлүүлсэн энэ үед Марк Эспер Монгол Улсад айлчилсан нь анхаарал татаж байгаа аж. Мөн Монгол Улс нь Хойд Солонгостой найрсаг харилцаатай тул Пеньяныг цөмийн хөтөлбөрөөс татгалзуулахын төлөөх АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай хийж буй яриа хэлцэлд тус болно гэж харжээ. Хойд Солонгосоос галт тэргээр явж Монгол Улсад ирэх боломжтой. АНУ-ын Зүүн Азийн аюулгүй байдал хариуцсан нарийн бичгийн даргын орлогч Абрахам Денмарк хэлэхдээ “Монгол Улс бүрэн дүүрэн хэн нэгний эсрэг хэн нэгний талд орохгүй. Гэхдээ тэд АНУ-тай харилцаагаа бэхжүүлэхийг хичээж буй нь эдийн засаг, улс төрийн идэвхээ нэмэгдүүлэх, үүний зэрэгцээ Хятад, ОХУ-тай харилцаандаа бага зэрэг “амьсгаа авах” боломж гаргахыг зорьсон хэрэг” гэж мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ