Зуны халуун өдрүүд өндөрлөж, амралт зугаалгын сар дуусч байна. 20 гаруйхан хоногийн дараа сургууль, цэцэрлэгийн шинэ хичээлийн жил эхэлнэ. Ийм бага хугацаа үлдсэн энэ үед сургууль, цэцэрлэгийн анги засвар тохижилт болон өргөтгөлийн ажил дуусч, шинэ анги танхимдаа хүүхдүүдээ хүлээн авхад бэлдсэн байх ёстой. Харин жил жилийн намарт л ашиглалтад орж амжаагүй өргөтгөл, будаг нь хатаж амжаагүй анги танхимтай хичээлийн шинэ жилийг угтдаг нь нууц биш.
Шинэ хичээлийн шинэ жилд 93 цэцэрлэг, 48 сургууль болон өргөтгөл шинээр ашиглалтад орохоор төлөвлөөд байна. Ингэснээр сургуулийн суудлын хүчин чадал 21420, цэцэрлэгийн ор 13140-өөр нэмэгдэж, есдүгээр сарын 1-нд гэртээ эмээ, өвөөтэйгээ үлдэх хүүхдийн тоо бага ч гэсэн цөөрнө гэсэн үг. Тэгвэл нийслэлийн хэмжээнд 22 сургууль,64 цэцэрлэгийн барилга ашиглалтад орохоор төлөвлөөд байна.
Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ үед цэцэрлэгийн барилгын ажлын явц хэр байгааг сонирхож Хан-Уул дүүргийн нутагт байрлах 53, 28 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөлтэй танилцав.
53 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ НАЙМДУГААР САРЫН 15-НД АШИГЛАЛТАД ОРНО
Улсын тэргүүний 53 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөл энэ сарын 15-ны өдөр ашиглалтад орно. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн дотор талын цагаан замаск бүрэн татагдсан, сантехникийн дулааны холболтууд хийгдэж, ариун цэврийн өрөөний плита наагдаж, ажлын гүйцэтгэл 95 хувьтай явж байна. Одоогоос 20 гаруй хоногийн өмнө цэцэрлэгийн өргөтгөл 85 хувийн гүйцэтгэлтэй байсан юм. Анх 100 хүүхдийн ортой цэцэрлэг барих байсан ч өргөтгөн 150 хүүхдийн ортойгоор барьсан аж. Хэдийгээр барилгын гүйцэтгэл 95 хувьтай байгаа ч гаднах талбайн ажил эмх замбараагүй, зам талбайг засч эхэлж байв. Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас гаднах тохижилтын ажил түр хугацаанд саатсан нь энэ аж. Цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг “Хоргын чулуу” ХХК хариуцан ажиллаж байгаа юм. Тус компанийн зүгээс наймдугаар сарын 15-нд багтаан цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад оруулна хэмээв.
ТОВЛОСОН ХУГАЦААНДАА АМЖУУЛЖ, АЖЛАА ШАХАЖ ДУУСГАНА
“Хоргын чулуу” ХХК-ий инженер Х.БАТХҮҮ:
-Одоогоор ажлын гүйцэтгэл 90-95 хувьтай байна. Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн энэ үед цэцэрлэгийн дотоод засвар, дэд бүтцийн ажил, тохижилт нь дуусч байна. Одоогоор гадна талбайг тохижуулах ажил үлдсэн. Нийт 300 мкб талбайд засвар хийхээр төлөвлөсөн учраас ер нь ажил шахуу байна. Бид төлөвлөсөн хугацаандаа амжуулж, ашиглалтад оруулна л гэсэн бодолтой байгаа. Манай компани цэцэрлэгийн өргөтгөлийг барих ажлыг өнгөрсөн тавдугаар сараас эхлүүлсэн. Гэхдээ өргөтгөлийг барих ажлын өнгөрсөн жилийн наймдугаар сард хүлээн авсан боловч оршин суугчидтай газрын маргаан үүсгэж, цаг алдсаар намар өргөтгөл барих ажлыг эхлүүлсэн ч хүйтний улирал эхэлсэн тул удирдлагууд ажлаа зогсоох үүрэг өгсөн. Энэ жилийн хувьд өргөтгөлийн ажлыг дөрвөн сарын хугацаанд гүйцэтгэж, ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.
Цэцэрлэгийн удирдлагуудын зүгээс өргөтгөлийн ажлыг аль болох товлосон хугацаанд багтаж ашиглалтад оруулахыг гүйцэтгэгч компанид үүрэг болгож байгаа аж.
28 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН АШИГЛАЛТАД ОРОХ ХУГАЦАА НЬ ХОЙШЛОГДЖЭЭ
Дараа нь Хан-Уул дүүргийн 240 ортой 28 дугаар цэцэрлэгийн барилгын үйл явцтай танилцлаа. Хаалгаар ормогц гурван давхар бүхий блокоор барьсан барилга угтав. Гэхдээ энэ бол ирэх онд ашиглалтад орох хүүхдийн клиник сувилал аж. Цаашилбал тус цэцэрлэгийн гадна болон доторх орчны тохижуулах ажил ид өрнөж байв. Тус цэцэрлэг нь 1936 онд ашиглалтад орж, 1994 оноос бидний хэлж заншсанаар “24 цагийн цэцэрлэг”-ээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Шинэ цэцэрлэг барих ажлыг “Морин сувд” ХХК өнгөрсөн оноос хийж буй. Наймдугаар сарын 1-н гэхэд ашиглалтад өгөхөд бэлэн гэдгийг компанийн хүмүүс өмнө нь онцолж байсан ч хичээлийн шинэ жилээс өмнө ашиглалтад оруулах бололтой. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн дотор засал 90 хувьтай явагдаж байгаа бөгөөд хүүхдийн тоглоомын талбай, зам талбайн ажлыг хийжээ. Энэ үеэр сургууль цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн үйл ажиллагаатай Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны мэргэжилтэн танилцаж, үүрэг даалгавар өгч байхтай таарав.
БСШУСЯ-ны Хан-Уул дүүргийн сургууль цэцэрлэгийн өргөтгөл хариуцсан хяналтын инженер ГАНБАЯР:
-Хан-Уул дүүрэгт есдүгээр сарын 1-ны өдрөөс өмнө дөрвөн цэцэрлэг гурван сургууль шинээр ашиглалтад орно. Эдгээр цэцэрлэг, сургуулиудийн тохижилтын ажил есдүгээр сарын 1-ны өдөртэйгээ уралдаад л дуусна. Тиймээс шинэ цэцэрлэг, сургуулийн өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцаж явна. Тухайлбал, 28 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил 95 хувьтай байна. Гэхдээ засварын ажлыг хурдан дуусгаж, ашиглалтад оруулах үүрэг даалгаврыг өглөө. Өргөтгөлийн дотоод тохижилтын ажил дуусах шатандаа орсон ч гаднах орчны тохижилтын ажил дуусах болоогүй. Хэд хоног үргэлжлэн орсон борооны улмаас энэ ажил саатсан. Ерөнхийдөө наймдугаар сарын 20-нд улсын комисст хүлээн авна. Шинэ цэцэрлэг, сургуулийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж буй компани, цэцэрлэгийн удирдлагуудад есдүгээр сарын 1-ны өдрөөс өмнө л дуусга гэсэн үүрэг чиглэлийг өгч байна гэлээ.
Хан-Уул дүүрэгт энэ жил 114 дүгээр сургууль, 52 дугаар сургууль, 49 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орох боломжгүй, хугацаанаасаа хойшлогдсон аж. Цэцэрлэгүүдийн барилгын өргөтгөлийн ажил дотоод засал, тохижилтын ажил нь дууссан ч гаднах талбайн ажил борооны улмаас саатсан гэдгийг гүйцэтгэгч компаниуд хэлж байв. Хэдийгээр сургууль, цэцэрлэгийн анги засвар, өргөтгөлийн ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна гэж холбогдох албанаы хүмүүс нь хэлж буй ч жил жилийн намарт хичээлийн шинэ жилтэй уралдаж анги засвар, тохижилтын ажлаа дуусгадаг үлгэр энэ жил ч бас давтагдах бололтой.
Нэг дүүргийн хоёрхон барилгын ажлын явж ийм байна. Улсын хэмжээнд болон нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн ажлын явц ямар байгаа талаар БСШУС-ын яамтай холбогдоход бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Угтаа бол төлөвлөсөн ажлын явц ямар байгааг олон нийтэд үнэн зөвөөр нь мэдээлэх нь бидний үүрэг, мэдээлэл өгөх нь яамны ч үүрэг гэдгийг энд тодотгоё.
Албаныхны хэлж буйгаар бороо их орсноос энэ жилийн бүтээн байгуулалт, засвар шинэчлэлийн ажил хоног алдсан тохиолдлууд цөөнгүй байгаа ч хугацаандаа шахаж оруулахаар ажиллаж байна гэлээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН
Холбоотой мэдээ