"Өөр уран бүтээлчийн надад зориулсан дууг дуулмаар байна"

Хуучирсан мэдээ: 2019.08.08-нд нийтлэгдсэн

"Өөр уран бүтээлчийн надад зориулсан дууг дуулмаар байна"

"Өөр уран бүтээлчийн надад зориулсан дууг дуулмаар байна"

“Альтернатив” Отгоо нэрээрээ олонд танигдсан дуучин Х.Отгончимэгтэй ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн хугацаанд дөрвөн хүүхдийн ээж болоод уран бүтээлээ түр завсарлаад байсан билээ. Дуучин бүсгүй олон жилийн дараа уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ. Уулзаж ярилцах үеэр шинэхэн пянз гарган, бүр тоглолт хийхээр төлөвлөж байгаагаа дуулгасан юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


ИРЭХ НАМРААС ТОГЛОЛТ ХИЙНЭ

-Юуны өмнө цаг зав гарган бидэнтэй ярилцаж байгаад баярлалаа. Олон жилийн дараа уран бүтээлдээ эргэн орж байгаад тань баяр хүргэе?

-Баярлалаа. Би хамгийн сүүлд 2008 онд өөрийн бие даасан тоглолтоо хийснээсээ хойш гэр бүлийн амьдралдаа анхаарч, чимээгүй байлаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд ганц нэг дуугаа дуулж, 2014 онд өөрийн гурав дахь “Chillout” цомгоо гаргасан. Гэхдээ гэр бүлийнхэндээ илүү цаг зарцуулахын хажуугаар уран бүтээлээ хийж байсан учраас тодорхой хэмжээний мэддэг хүмүүст маань хүрсэн болов уу. Харин энэ удаа уран бүтээлийнхээ ажилд илүү шаргуу орж байна.

-Уран бүтээлдээ эргэн ирэхдээ өөрийн зохиосон цоо шинэ дуунуудаараа пянз гаргасан байна. Пянз гаргах санааг анх хэн гаргав?

-Монголын хөгжмийн ертөнцөд пянзны хөгжил тодорхой түвшингээр ахисан байна. Хуучин нийгмийн үед “Соёл Эрдэнэ”, “Баян Монгол” чуулгаас авахуулаад мэр сэр гоё пянз гаргадаг байсан. Орчин цагт энэ сэргэж, олон уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээ пянзан дээрээс сонсож, мэдрэхийг хүсдэг болсон байна. Тэрийг дагаад надад бас өөрийн бие даасан уран бүтээлийн пянз гаргах боломж олдлоо. Энэ санааг анх “Лемонс” хамтлагийн найз нар маань гаргаж, миний хувьд өөрийн зохиосон уран бүтээлээрээ пянз гаргахаар шийдсэн юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас ярьсан ажил маань хоёрдугаар сараас ажил хэрэг болж эхэлсэн. Гэтэл өнөөдөр шинэхэн пянзаа гар дээрээ барьчихсан сууж байна. Сэтгэгдэл маш сайхан байна. Энэ пянз маань миний уран бүтээлийн дөрөв дэх цомог болж байгаа. Гэхдээ пянз гэдэг утгаараа анхных болоод нэлээд дурсгалтай цаг мөч юм уу даа.

-Сонсогчдынх нь хувьд гэнэтийн бэлэг болсон байх?

-Тийм болов уу гэж бодож байна. Энэ дурсгалтай цаг мөчөө сонсогчидтойгоо хуваалцахыг хүссэн. Хожмоо энэ бүхэн миний үр хүүхдэд л үлдэх бүтээл. Тийм учраас өөрөө ч гэсэн уран бүтээлээсээ таашаал аваад, сонсогчдодоо бэлэг барихыг хичээлээ. Энэ бол уран бүтээлч хүний зорилго шүү дээ.

-Удахгүй пянзны баяраа тэмдэглэхээр өдөр товлосон байсан?

-Тэгсэн. Бидний нэрлэдгээр Хүүхдийн 100-д байрлах “Vinyl” лоунжид наймдугаар сарын 17-нд анхны пянзны баяраа хийхээр өдөр товлосон. Уг лоунжийн залуус маань өөрсдөө санаачлан зохион байгуулж байгаа. Миний хувьд намар тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байна. Тиймээс пянзны баяраа дуусгаад тоглолтынхоо ажилд бэлтгэнэ. Тэр болтол сонсогчдодоо шинэ дуунуудаа хүргэе гэж бодож байна.

-“Альтернатив” Отгоо тоглолтоо хийх нь ээ?

-Тийм ээ.

-Бидэнд шинэхэн пянзаа танилцуулаач. Хуучны хит дуунуудаас шигтгэж өгсөн гэв үү?

-Тэгэлгүй яахав. Ер нь пянзны дугаралт аналогоор дугардаг юм байна. Орчин үеийн дугаралтууд арай өөр дижитал дугаралттай шүү дээ. Энэ нь пянзны хуучны хэв маягийн дугаралтыг мэдэрч сонсдог хүмүүст маш сайхан таашаалыг өгдөг. Пянз маань дунджаар 40 минутын багтаамжтай байдаг. Тэр хугацаанд тааруулан 8-9 дуу орох ёстой бол миний пянзанд найман дуу багтсан. Эдгээр дууны тав нь цоо шинэ сонсогчдод огт хүрч байгаагүй бүтээл бол үлдсэн гурван нь олонд хүрсэн “Заримдаа”, “Хайрласаар”, “Нэгэн залуу” гэх уран бүтээлээ шигтгэж өглөө.

Хуучны хит дуунуудаа 10 гаруй жилийн дараа дахин дуулж байгаа учраас дуугаа шинээр бичүүлбэл зүгээр болов уу гэж бодсон. Дууны бичлэгийн болон хамтран ажилласан хамтлагийнхны хувьд ч өөр өнгө аясыг мэдрүүлэхийг хүслээ. Пянзны маань ковер зураг миний дуртай хар, цагаан өнгөтэй. Бүрсгэр буюу матт хэвлэлттэй учраас гарын хурууны хээ болоод байхгүй. Пянзны коверийг маань “Лемон” студийн уран бүтээлч ах нар маань хийсэн.

-Цоо шинэ таван дуугаа нэрлэвэл?

-“Чимээгүйд”, “Хөөсөн бөмбөлөг”, “Хайрлах уу”, “Диваажин”, “Гүзээлзгэнийн амьдрал” гээд дуу бий.

-Шинэхэн пянзанд багтсан “Гүзээлзгэнийн амьдрал” дуугаа сонсогчдодоо хүргэсэн. Энэ дуу хит дууны жагсаалтын шилдэг 10-т багтаж байна. Сонсогчдын хувьд ч хүлээлт их байжээ?

-Харин тийм. Би өөрөө ч их гайхсан. Бас гайхахын зэрэгцээ маш их баярласан. Намайг ингэж гоё хүлээн авч байгаа сонсогчид байгаад өөртөө ч итгэхгүй, уран бүтээлч хүний хүсч мөрөөддөг тэр мэдрэмжийг мэдэрлээ. Үнэхээр сайхан санагдсан. Энэ дууны маань үгийг яруу найрагч Б.Эрдэнэсолонго ах бичиж, би өөрөө аяыг нь хийсэн.

Хүмүүс магадгүй уран бүтээлээр дамжуулан миний өнгө төрхийг харахыг хүссэн байх. Тиймээс ч шинэхэн пянзныхаа дээж болгон сонсогчдодоо “Гүзээлзгэнийн амьдрал” дуугаа хүргэхийг хүссэн. Тэр бодол маань ч биелэлээ олж, хүмүүс сайхан хүлээж авлаа. Дууны клип нь ч гэсэн маш их таалагдсан байна лээ.

ХАНЬ МААНЬ АНХ УУЛЗАХДАА “МИНИЙ ФЕН” ГЭЭД Л ТАНИЛЦАЖ БАЙЛАА

-“Заримдаа”, “Нэгэн залуу” хэмээн ид уран бүтээлээ хийж явсан Отгоо дөрвөн хүүхдийн ээж болсон. Ээж, дуучин Отгоо хоёрын хооронд хэр их өөрчлөлт гарсан бол?

-Би өмнө нь ганц нэгээр уран бүтээлээ хийж байсан ч гэр бүлдээ илүү цагийг зарцуулдаг байсан тухай ярьсан шүү дээ. Одоо ч гэсэн тийм байгаа. Гэхдээ нэг өдөр нь уран бүтээлчидтэйгээ уулзаж ажлаа хийлээ гэхэд дараагийн өдөр нь гэр бүлийн ажлаа амжуулж, хослуулахыг л хичээж явна.

-Хүүхдүүд нь том болж байна уу. Одоо том нь хэдэн настай вэ?  

-Манай том охин есөн настай. Удахгүй 10 нас хүрнэ. Ингээд бодохоор би өнгөрсөн 10 жилийн хугацаанд сайхан ханьтай болж, дөрвөн хүүхдийн ээж болчихлоо. Дараагийнх нь найм, тав, хоёр настай гээд гурван насны зөрүүтэй. Хүүхдүүд маань бие биеэ дэмжээд, ээжийгээ ядраагаад байдаггүй. Гэр бүлээсээ халуун дулаан уур амьсгал, аз жаргалыг цаг үргэлж мэдэрдэг. Хүүхдүүд маань хэдэн жилийн дараа өөрсдийн амьдралаа зохиох учраас дэргэд нь байгаа үедээ ойр дотно байхыг хичээдэг. Тийм л нэгэн ээж байна /инээв/. Гэртээ байхдаа хүүхдүүдтэйгээ хөгжилдөнө. Хааяа загнана. Хүүхдүүдээ аль болох дэлгэцний хамааралтай болгохгүйг хичээнэ. Тэрнээс гадна цагаар нь хоол ундыг нь өгч, тэгш анхаарахыг боддог. Хүүхдүүдээ аль болох хөгжүүлж, олон хүнтэй эвтэй найртай, сайхан харьцаатай, ухамсартай хүн болгон төлөвшүүлэхийг хичээдэг дээ.

-Ээжийгээ дууриасан дуулах бяцхан авьяастан бий юу?    

-Урлагийн хүн учраас хүүхдүүдээ тэгж бодох үе байдаг. Аав, ээж болгонд өөрсдийнх нь хүүхэд хамгийн хөөрхөн, мундаг санагддаг. Манай хүүхдүүдээс энэ нь арай онцгой авьяастай юм болов уу гэсэн бодол төрөлгүй л яахав. Гэхдээ би хүүхдүүдээ онцгойруулах дуртай биш.

-Тэгвэл ханийнхаа тухай ярихгүй юу. Анх ханьтайгаа хэрхэн танилцаж байв?

-Миний ханийг Ж.Рэнцэн-Очир гэдэг. Надаас гурван насаар ах. Бид хоёр ийм сайхан амьдрал зохиогоод, олон сайхан хүүхдүүдтэйгээ аз жаргалтай амьдарч байна. Өөр өөрсдийнхөө эцэг, эхийн үүргийг сайн биелүүлэхийг хичээж яваа залуу гэр бүл.

Анх ханьтайгаа ажил хэргийн шугамаар танилцаж байлаа. Манай хүн тухайн үед гадаадад ихэвчлэн амьдарч байсан. Гэхдээ миний дууг их л сонсдог. Анх уулзахдаа “Миний фен” гээд л танилцаж байлаа /инээв/. Хань маань амьд хөгжим сонсох их дуртай. Тийм учраас хоорондоо ярилцаж ойлголцоход их дөхөм байдаг. Одоо ч би уран бүтээлээ хийхээрээ хөгжимчид, урлагийн студийн мэргэжилтнүүд гээд 90 хувь нь эрэгтэй хүмүүстэй хамтран ажилладаг. Хань маань тэр бүх хүмүүстэй найз нөхөд болчихсон. Надад маш их итгэл хүлээлгэж, хайрлаж, уран бүтээлийг дэмжиж явдагт маш их баярладаг.

АНХНЫ ДУУГАА ХИЙЛГЭХДЭЭ “НИСВАНИС” ХАМТЛАГИЙНХАНД ГИТАРАА ӨГСӨН

-Монголын рок попын ертөнцөд амьд хөгжмөөр дагнасан эмэгтэй уран бүтээлч тун цөөн байдаг. Энэ нь юутай холбоотой юм бэ?

-Монголд амьд хөгжмөөр дагнаад уран бүтээл хийдэг мундаг уран бүтээлчид бий. Шинэ залуу уран бүтээлчид ч гарч ирж байна. Тэр дунд ганц нэг эмэгтэй уран бүтээлчид байгаа л даа. Хамтлаг байх ямар байдгийг бид өөрөө мэднэ. Миний хувьд тодорхой цаг хугацааг туулсан учраас хүмүүст илүү танил болсон болов уу. Энэ зам маань нэлээд хэцүү зам учраас хүмүүс бэрхийг нь туулахаас төвөгшөөгөөд зам дундаасаа буцдаг байх.

– Энэ зам маань нэлээд хэцүү гэлээ. Таны хувьд ямар бэрх замыг туулж байв?          

-Миний хувьд өөрийнхөө зохиосон дуугаа “Харанга”, “Хурд”, “Нисванис” хамтлагийнханд “Энэ миний хийсэн дуу юм. Тар нар сонсоод үзээч” гээд л анх сонсгоод явж байлаа. Тэр жижигхэн охин уран бүтээлээ яаж эхлэхээ ч мэдэхгүй айдастай байгаа шүү дээ. Тухайн үедээ дууг минь сонсоод дэмжиж байгааг нь ч мэдэхгүй. Яваандаа би тэр хүмүүстэй хамтарч ажиллах гэж байгаа бол тодорхой хэмжээгээр төлбөр төлөх ёстойгоо ойлгосон. Энэ хүмүүс миний хөгжмийг тоглохын тулд цалин авах ёстой учраас анхны дуугаа хийхдээ “Нисванис” хамтлагийнханд гитар хөгжмөө өгч байлаа. Тэгэхдээ “Надад оронд нь гурван дуу өгөөрэй” гэж хэлээд өгч, эхэлсэн. Би мөнгө олдвол дуу хийхдээ зориулдаг. Миний хамгийн анхны “Гитарын дуу” дууны эхний хувилбар хөгжмийг “Болор” хамтлагийн С.Оргил ах хийж байсан. Тэрийг одоо бодсон чинь маш гоё санагдчихлаа.

Анх гарч ирж байхад бэрх зүйл олон тохиолдоно. Дуугаа хийгээд хүмүүст сонсгохын тулд тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй. Би тэр болгоныг туулсан л даа. Анх 1997, 1998 онд тайзан дээр дуулж, дараагаар нь Соёл урлагийн их сургуульд суралцахын хажуугаар уран бүтээлээ хийгээд явж байсан. Тэгж байгаад найман жилийн дараагаас л анхны альбомоо 2004 онд бичүүлсэн байдаг юм. Тэр хугацааг маш тэвчээртэй хүлээх ёстой юм шиг санагддаг. Би Соёл Урлагийн их сургуулийг Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Насантогтох багшийн удирдлага дор төгссөн.

-“Альтернатив” Отгоогийн стиль имиж анх содон. Тухайн үедээ охид, залуусыг дуугаараа болон стиль имижээрээ айлдан дагуулж байлаа. “Нэгэн залуу” гээд л?

-Би тухайн үед учраа ч мэдэхгүй, өөрийнхөөрөө дуртай дуугаа л дуулаад л сонсдог байлаа. Зарим хүмүүс миний нүдний шил, нүдний будаг гээд л ярьдаг юм. Одоо энэ бүгдийг сонсоход гоё санагддаг юм. Тэр үедээ л “Зурагтаар жижигхэн нүдтэй гарснаас” гээд л нүдээ нуугаад л буддаг байсан. Мэдээж тэр стиль имиж маань уран бүтээлд маань тодорхой хэмжээгээр нөлөөлсөн л дөө.

-Эмэгтэй уран бүтээлчдээс анх удаа пянз гаргалаа. Цаашид ч бусад уран бүтээлчдээ пянз гаргаасай гэдэг сэдлийг өгч байгаа байх?

-Цаашдаа олон уран бүтээлчид пянз гаргаасай. Яг жилийн өмнө амьд хөгжмийн “The Colors”, “Лемонс” хамтлагууд пянзаа гаргасан бол сая надтай зэрэгцэн “A sound” хамтлагийн Ц.Тэмүүлэн яруу найрагч н.Төрмөнх ахтай хамтран “Цонхон дээр суусан ялаа” цомгоо пянз болгон гаргаж байна. Энэ мэт пянзны тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Манай Монголын олон сайхан уран бүтээлчид байна. Юун би манатай. /инээв/ Тэр мундаг уран бүтээлчдийнхээ дууг пянзаар сонсохыг хүсч буй үзэгчдэдээ хурдхан шиг пянзаа гаргаж, хүргээсэй гэж хүсч байна.

Пянз сонирхогчид маань өргөн мэдрэмжтэйгээр уран бүтээлийг сонсдог учраас тэд нартаа зориулан бэлэг барьж байна. Миний пянзыг худалдан авах, авахгүй нь хамаа байхгүй. Угаасаа Монголын урлагийн ертөнц хөгжилтэй орнуудтай харьцуулахад жижгэвтэр юм чинь. Тэглээ гээд энд түүртэлгүйгээр уран бүтээлээ хийж байгаа нь уран бүтээлч хүний чанар биз.

-Одоогоос таван жилийн өмнө “Chillout цомгоо гаргаж байсан. Тэр цомогт Монголын үндэсний хөгжмийг амьд хөгжимтэй хослуулснаараа онцлог болсон шүү дээ?

-Нэрнээсээ эхлээд л намуун, зөөлөн, хүн тайван байгаа үедээ сонсоход тохиромжтой дуунуудтай цомог байсан. Би чинь тэр цомогт багтсан дуугаа дуулахдаа жирэмсэн байсан юм. Он жил ахих тусам л улам л хайр хүрдэг. Би энэ цомгоороо бас нэгэн өөр Отгоог харуулахыг хичээсэн. Амьд хөгжмийг ардын хөгжим буюу “Жонон” хамтлагтай хамтран ажиллаж, үндэсний хөгжмөө уран бүтээлдээ тусгаж байлаа.

-Цаашдаа ямар уран бүтээл хийхийг хүсч байна вэ?      

-Би дандаа л өөрийнхөө дууг дуулаад байна гэж юу байхав. Хэзээ нэгэн цагт өөр уран бүтээлчийн надад зориулсан дууг дуулж үзэх байх. Тэр мөрөөдлөө биелүүлнэ дээ.

Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж