“АНУ руу болж өгвөл бүү зүглэ”

Хуучирсан мэдээ: 2019.08.08-нд нийтлэгдсэн

“АНУ руу болж өгвөл бүү зүглэ”

“АНУ руу болж өгвөл бүү зүглэ”

Нэгэн цагт монголчуудын "диваажин" байж, соронз мэт татдаг байсан холын Америкт улам л амьдрахад таатай бус болсоор байна. Эдийн засгийн хувьд дэлхийд тэргүүлэгч, хамгийн хүчирхэг гэгддэг энэ улсын иргэдийн үзэл бодол, өөрөөсөө бусадтай харьцах харьцаа, хандлага өнөөдөр өмнөх шигээ биш болсныг гадны шинжээчид онцолсоор буй юм.

Америкт өмнө нь хууль дүрэм чангаас иргэд нь бие биедээ илт дайсагнаад байдаггүй байсан бол одоо дуртай нь хууль дүрмийг зөрчин, гал нээн, хүссэнээрээ авирлаж, гэм зэмгүй иргэдийг олноор нь хөнөөж байна.

Асар том газар нутагтай, хүн амын тоогоор дэлхийд тэргүүлдэг энэ улсад 2019 он гарснаас хойш 30 орчим хядлага үйлдэгджээ.

Хамгийн сүүлд тус улсын Техас болон Огайо мужуудад галт зэвсэгтэй этгээдүүд дараалан хядлага үйлдсэний улмаас нийт 30 хүний амь үрэгдэж, 40 гаруй хүн шархадсан билээ. Тодруулбал, Эль-Пасод өнгөрсөн долоо хоногийн бямба гаригийн өглөө “Сиело Виста” худалдааны төвийн “Уолмарт” дэлгүүрт буун дуу гарч, 20 хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан бөгөөд хэрэг үйлдсэн 21 настай Патрик Крузиусыг саатуулжээ. Цагдаа нар гэмт хэрэгтнийг арьс өнгөөр ялгаварлах үзлийнхээ улмаас гал нээсэн гэж үзэж буй аж. Учир нь тэрбээр хэрэг үйлдэхээсээ өмнө олон нийтийн сүлжээгээр арьс өнгөний үзэл бүхий, цагаачдыг эсэргүүцсэн дөрвөн хуудас уриа дэвшүүлжээ.

Харин өнгөрсөн долоо хоногийн Ням гаригийн өглөө 24 настай Коннор Беттс гэгч Дейтон хотын төвд орших худалдаа, зугаацлын төвд гал нээж, есөн хүний аминд хүрч, 27 хүнийг шархдуулсан бөгөөд цагдаа нар түүнийг газар дээр нь буудан хөнөөжээ. Огайогийн Бэлбрүк хотын оршин суугч байсан түүний аллага үйлдэх болсон шалтгаан тогтоогдоогүй хэвээр байна. Мөн өдрийн шөнө Чикагогийн нэгэн паркт үл таних этгээдүүд машинаас хүмүүс рүү буудсаны улмаас долоон хүн шархаджээ.

Өнгөрсөн долдугаар сарын 28-ны өдөр Калифорниад болсон сармисны баярын үеэр нэгэн этгээд гурван хүний амийг хөнөөсний дараа өөрийгөө буудаж, амиа хорлосон. Тухайн долоо хоногт АНУ даяар өөр долоон удаагийн бөөнөөр хядах гэмт хэрэг гарчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дараалсан аллагын дараа амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн, Цагаан ордон болон гадаад дахь АНУ-ын байгууллагуудын далбааг буулгах тушаал буулгасан билээ. Тэрбээр эдгээр хэргийг “үзэн ядалтын ажиллагаа, хулчгар байдлаа харуулсан үйлдэл” гэж шүүмжилсэн юм.

АНУ өдөр ирэх тусам ийнхүү аюултай болж байгаа тул Венесуэл, Уругвай улсууд иргэддээ болж өгвөл тус улс руу зүглэхгүй байхыг анхааруулав.

Өнгөрсөн Даваа гаригт Уругвай улсын Гадаад хэргийн яам мэдэгдэл хийж, гэмт хэрэг, эмх замбараагүй байдал, хүчирхийлэл, үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт өсөн нэмэгдэж байгаа АНУ руу аялахгүй байх, аялахаар төлөвлөсөн бол анхаарал болгоомжтой байхыг иргэддээ зөвлөв. Мөн тус улс “CEO world Magazine” байгууллагаас гаргадаг дэлхийн хамгийн аюултай 20 хотын жагсаалтад багтсан Детройт, Балтимор, Альбукерке зэрэг хотоор аялахгүй байхыг анхааруулжээ.

Венесуэл улсын ГХЯ мөн иргэддээ АНУ-ын Техас муж улсын Эль-Пасо, Огайо муж улсын Дейтон хотуудад аль болох аялахгүй байх, төлөвлөсөн бол аяллаа хойшлуулах, аяллаар явж буй бол сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.

Өнөөдөр дэлхийн хэвлэлүүд Трампыг арьсны үзэлтэй, дээрх хядлагуудын “гол буруутан”-аар нэрлэж буй. Өнгөрсөн онд тэрбээр Африкийн орнууд болон Гайти улсыг “жорлонгийн нүх” хэмээн хэлж шуугиан тарьсан билээ. White supremacy буюу цагаан арьстан бусдаас илүү гэж үздэг үзэлтнүүд АНУ-д их, тийм хүмүүсийг нэгтгэсэн бүлэг, байгууллагууд Трампыг илт дэмждэг. Трамп АНУ-ын төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш тус улсад арьсны үзэл, үзэн ядах гэмт хэргүүд өсчээ.

Эх сурвалж: CNN, ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж