Шинэ үе хүч түрсэн наадам

Хуучирсан мэдээ: 2015.07.13-нд нийтлэгдсэн

Цолоороо бус хэн сайн бэлтгэл сургуулилт хийсэн нь төрийн наадмын түрүүг авдагийн тод жишээг шинэхэн арслан Энхтөгсийн Оюунболд харуулж, энэ жилийн үндэсний их баяр наадмын түрүүг авлаа. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх тэрээр 22 насандаа улсын арслан цол хүртсэн нь энэ юм. Улсын харцагаас улсын арслан цолонд хүрэхэд даваа бүр хариуцлагатай байлаа. Тэрээр есийн даваанд улсын арслан П.Бүрэнтөгсийг, наймын даваанд улсын гарьд Б.Гончигдамбыг, долоогийн даваанд улсын харцага Ц.Содномдоржийг тус тус өвдөг шороодуулсан.

Харин есийн даваанд улсын харцага Э.Оюунболдод өвдөг шороодсон Увс аймгийн Давст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Зэвсэг хүчний 310 анги, "Увс нуур" дэвжээний бөх, улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс үзүүрлэлээ. Аварга болоход дэндүү ойрхон байсан ч арай л барсангүй.

Ер нь энэ жилийн наадам шинэ залуу бөхчүүдэд ээлтэй, улсын том цолтой бөхчүүдэд халтай ширүүн наадам боллоо гэж тодорхойлоход буруудахгүй болов уу.

Учир нь хүчит бөхийн барилдаанд 512 хүчит бөх зодоглосноос улсын цолтон 86, цэргийн цолтон 205, сумын цолтой болон цолгүй залуу бөх 221 байсан юм. Тухайлбал, дөрвийн даваанд улсын аварга Г.Эрхэмбаярыг Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, аймгийн арслан Д.Анар давсан бол тавын даваанд улсын начин И.Батзаяа дархан аварга Г.Өсөхбаярыг өвдөг шороодуулсан юм.

Мөн улсын арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан н.Батмөнх, н.Санчир нар учраа бөхдөө унаснаар бөхийн тааврыг үндсэнд нь эвдэж, шинэ залуу хүчтэнүүд өнгөлөх нь тодорхой болсон.

Хоёрын даваанд Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын гарьд М.Баяржавхлан, харцага Г.Батбаяр, Т.Амартүвшин, начин Б.Баянмөнх, Ч.Цогбаяр, Ц.Лхагвасүрэн, Д.Олзгэрэл, Б.Баянжаргал, Ц.Цогтжаргал, Б.Сугаржаргал, Б.Сумъяа нарын 10 гаруй бөх учраа бөхдөө өвдөг шороодсон бол гурвын даваанд улсын гарьд Б.Гантогтох унасан юм. Мөн улсын харцага Ө.Бат-Орших Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, "Бөх билэгт", "Дорнын цас" ХХК-ий бөх аймгийн арслан У.Батгэрэлд өвдөг шороодсон гээд бичвэл энэ жилийн наадмыг шинэ залуу хүчтэнүүд түрсэн юм.


Начин цолыг зургаан бөх хүртэв

Алтангэрэлийн Алтанхуяг, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бөх

Шоовдойхүүгийн Шинэбаяр, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат, "Хангарьд" спорт хороо, Хантайшир дэвжээний бөх

Ганболдын Баасандорж, Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат "Хилчин" спорт хорооны бөх

Чагнаадоржийн Ганзориг, Архангай аймгийн Булган сумын харьяат, "Соёмбо" спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээний бөх

Болдбаатарын Батжаргал, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, "Жавхлант" дэвжээний бөх

Даваасамбуугийн Энхбаяр, Увс аймгийн Түргэн сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх

Эрдэнэбатын Даш Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат "Алдар" спорт хороо, “Хур харцага” дэвжээний бөх

Харцага цолыг хоёр бөх хүртэв

Нямаагийн Батзаяа, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, ЦЕГ-ын 805 дугаар ангийн бөх

Бат-Очирын Одгэрэл, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээний бөх

Арслан цолтон

Энхтөгсийн Оюунболд, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Аварга” биеийн тамирын дээд сургууль, “Хангарьд” спорт хорооны бөх

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж