Тавантолгойн бүлэг ордыг эргэлтэд оруулах, олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргах ажлыг гүйцэтгэхээр “Эрдэнэс Тавантолгойн” компанийн дэргэд охин компани байгуулжээ. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас зарим зүйлийг тодрууллаа.
– Эрдэнэс Тавантолгойн” компанийн 30 хувийн IPO-г олон улсын зах зээл дээр гаргах ажлыг хийх охин компани байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ ямар учиртай юм бэ?
-Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах бэлтгэлд гаргах ёстой шийдвэрүүдийг УИХ, Засгийн газраар хэлэлцүүлж батлуулж байгаа. Ер нь төрийн ажил ингэж явах ёстой. Ялангуяа том бүтээн байгуулалт, их хэмжээний хөрөнгө санхүүжилт шаардсан төслүүд УИХ-ын байнгын хороод, УИХ, Засгийн газраас орж, хуулийн дагуу хэлэлцүүлж батлуулж байгаа. Өмнө нь бид Дубайн гэрээг УИХ-аар оруулаагүй гэх шүүмжлэл өнөөдөр ч байдаг. Тавантолгойн асуудлыг УИХ-аар цаг тухайд нь ороод хэлэлцүүлээд явна. Охин компанитай холбоотойгоор бид нууц тогтоол гаргаад, юм хийгээд байгаа юм шиг буруу ойлголт яваад байх шиг байна. Бүх зүйл ил байгаа. Уул уурхайн салбар өөрөө маш их хардалт, хэл ам дагуулдаг учраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсоноос хойш сар бүр нээлттэй хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулт өгч байгаа. Энэ нь өөрөө шилэн байхын эхлэл юм. Цаашид “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын жишигт нийцэж, үйл ажиллагаа явуулах ёстой. Үүний нэг нь охин компани байгуулах, бэлэн байдлыг хангах, иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааны бүртгэлийг нэг бүрчлэн тулгаж, нэгтгэж арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт дуусгаж, Засгийн газарт танилцуулах хугацаатай үүрэг өгсөн. Бид ч энэ хугацаандаа дуусгана гэж бодож байна. Тавантолгой нийт зургаан орд байгаа. Үүн дээр найман тусгай зөвшөөрлийн нэг болох Зүүн цанхи дээр охин компани байгуулсан. Өмнө нь ч гэсэн Зүүн цанхийг олон улсын зах зээл дээр гаргах ёстой гэдэг шийдвэр гарч байсан, энэ удаад эрчимжүүлээд явж байна гэж ойлгох хэрэгтэй.
-Охин компанийн бүтэц, удирдлага ямар байх вэ. Удирдлага нь томилогдсон гээд хэд хэдэн хүний нэр яригдаад байна?
-Одоогоор энэ байгууллагын удирдлагыг томилоогүй. Сайн, боловсролтой залуучууд олон байгаа ч төлөвшөөгүй байна. Тавантолгойн орд дээр ажил мэргэжлийн туршлагатай, хурдтай, ёс зүйтэй, хэл болон мэдлэгийн түвшинд дэлхийн хэмжээнд очсон тийм хүн байх ёстой. Хандлага, зарчим нь бас чухал. Энэ олон шаардлагыг харгалзан үзэж, Ерөнхий сайдын хэмжээнд яригдаж байж охин компанийн удирдлагыг томилно. Тавантолгойн ордыг хөдөлгөж, олон улсын зах зээлд гаргах асуудал бол Засгийн газрын тэр дундаа Ерөнхий сайдын хэм хэмжээ, эрх мэдэлтэй холбоотой асуудал. Ер нь бол шаардлага хангаж байгаа хэд хэдэн хүн бий ч эцсийн шийдвэрээ гаргаагүй.
-"Рио Тинто" компани далд уурхайн бүтээн байгуулалт хойшиллоо гэсэн мэдээллээс болж хувьцааны ханш нь унасан байна. Ер нь компанийн удирдлагатай яриа, хэлэлцээр хийж байгаа юу, Засгийн газар?
-"Рио Тинто" компанийн менежментийн баг хариуцлагагүй байна гэж бодож байна. Найман жилийн хугацаанд ажлаа амжуулна гэчхээд менежментийн зардал нэмэгдсэн, техникийн нөхцөл байдал хүндэрсэн гэх мэт шалтаг, шалтгаан тоочоод байгаа. Ер нь Оюутолгой төсөл хэрэгжиж, амжилттай явах ёстой. Яг энэ цаг үед техникийн болон уурхайн нөхцөл байдал, технологийн хувьд горим алдсан гээд шалтаг ярьж байгаа ч энэ асуудлыг маш хариуцлагатай ярих ёстой. "Рио Тинто"-гийн хувьцаа хоёр хувь, "Туркойз хилл"-ийн хувьцаа 44 орчим хувиар унасан байгаа юм. Үүнийг бид маш сайн бодож, яагаад Монголын 34 хувийн хувьцаа цаасан дээр бүртгэлтэй компани байгаад байна вэ? Нөгөө талдаа зардал, мөнгөтэй холбоотой зээл, өр 34 хувь дээр гараад байна вэ? Бид 34 хувиа хөдөлгөхгүй байгаа учраас тэр зардлыг хариуцах ёсгүй. Энэ 34 хувь бид цаашдаа хамтарч зах зээл дээр орж байж хариуцлага хүлээх ёстой гэж би хувь хүнийхээ хувьд хардаж байгаа. Энэ бол сайдын байр суурь биш юм шүү. Ер нь бол бид хөндлөнгийн хууль зүйн үнэлгээ гаргах ёстой. Гэхдээ энэ нь Оюутолгой төслийг гацаах, зогсооно гэсэн үг биш. Бид энэ төслийг цаашид үргэлжлүүлэхийн тулд юу нь болоод, юу нь болохгүй байна вэ гэдгийг харах ёстой.
–Өнөөдрийн байдлаар Оюутолгой төслийн хэдэн лиценз гадны банкны барьцаанд байна вэ?
-Тусгай зөвшөөрлүүдийг барьцаалах зүйл байдаг ч үүнийг судалж, тодруулах ёстой. "Рио Тинто" компанийн зүгээс 1,9 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэдэг мессеж нь өөрөө Оюутолгой төсөлд итгэн хөрөнгө оруулагчдын нэр хүндийг, өөрсдийн компанийн нэр хүндийг бас унагааж байгаа бодлогогүй зүйл гэж харж байна. Тэгэхээр хариуцлагын асуудал хэнд очих вэ? Үүнд Монголын талд бол буруу гэх зүйл байхгүй. Менежмент хийж буй эзэнтэй хариуцлага ярих ёстой. Энэ төсөл дээр бид санхүүгийн эх үүсвэр харахаас илүү ул суурьтай, хувьцааны загварын модель зэргийг нухацтай харах хэрэгтэй.
-Засгийн газрын зүгээс "Рио Тинто" компанийн удирдлагатай зөвшилцөх, хэлэлцээрийн ширээнд суух, уулзалт хийж байгаа юу?
-"Рио Тинто" компанийн менежментийн баг, дэлхийн нэр хүндтэй гэх санхүүгийн бүх банк зэрэг байгууллагууд бий. Хөрөнгө оруулагчдын хувьд гол хувьцаа эзэмшигч "Рио Тинто" компанийн удирдлагын түвшинд хүчтэй яригдаж байгаа гэж ойлгож байгаа. Бидний зүгээс ч гэсэн таатай байхгүй байгаа. Одоо бид ширээний ард сууж ярилцах ёстой. Гэхдээ ярилцана гэхээр энэ төслийг зогсоо, хураа, хөөж гарга гэж улстөржүүлж болохгүй.
Ш.ЧИМЭГ